Авлигачид оноосон цааз буюу БНХАУ-д ЦААЗЫН ялыг хэнд оноодог вэ?

1

Хятадын томоохон хөрөнгийн удирдлагын компани болох China Huarong Asset Management Co., Ltd-ийн тэргүүн асан Лай Сяоминд цаазын ял оноосон талаар Синхуа агентлаг мэдээллээ. Түүнийг авлига авсан, хоёр эхнэртэй байсан хэрэгт буруутгасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, мөрдөн шалгалтын явцад “зүй бус удирдлагын улмаас” China Huarong Asset Management Co., Ltd компани мэргэжлийн үндсэн чиг үүргээсээ хазайж, улс төрийн муу нөлөөнд орсон хэмээн үзжээ.

Буруутан этгээд улс төрийн төрөл бүрийн хуйвалдаанд оролцон, зарим этгээдийг албан тушаалын шатаар ахихад туслан, компанидаа шалгалт оруулахад саад болж байсан гэнэ. Мөн тэрбээр үнэтэй бэлэг, их хэмжээний мөнгө авч, өндөр үнэтэй зоогийн газруудад цайллага зохион байгуулж, албан тушаалаа урвуулан ашиглаж байсан гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ.

Авлигач албан тушаалтан асанд цаазын ял оноосноор энэ оны хамгийн анхны цаазын ял болж байна.

Цаазын ял БНХАУ-д 

Хятадад бусад орнуудтай харьцуулахад цаазын ялыг оноох нь олонтаа бөгөөд онц хүнд гэмт хэрэгтнүүдэд энэ ялыг оноодог байна. Онц хүнд гэмт хэрэгт авлигын хэрэг ч багтдаг тул авлигын хэргээр ялын дээд хэмжээ сонссон хүмүүсийн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр бишгүй гардаг юм. Албан ёсоор цаазын ял гүйцэтгэсэн тоог зарладаггүй, жилд 15000 хүнийг цаазладаг гэх албан бус мэдээллүүд бий.

Тухайлбал, 2015 онд гэхэд л 16000 хүнийг авлигын хэргээр цаазалсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлж байлаа. Цаазын ял авсан хүмүүсийн ихэнх нь их хэмжээний хар тамхины хууль бус наймаанд оролцсон, их хэмжээгээр авлига авсан хэрэгт буруутгагдсан байдаг аж.

Хятадын Эрүүгийн хуулийн дагуу хэрэгтэн хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй байсан бол цаазын ял оноодоггүй аж. Түүнчлэн зарим тохиолдолд цаазын ялыг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах тохиолдол байдаг гэнэ. Цаазын ялыг хойшлуулах гэдэг нь ихэвчлэн энэ ялнаас чөлөөлж байгааг  илтгэх бөгөөд ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчилдөг байна.

Өнгөрсөн онд Хятад цар тахлын голомт болсонтой холбоотойгоор вирусийн дэгдэлттэй хурдан хугацаанд үр дүнтэй тэмцэхийн тулд БНХАУ тахлын үед хэрэг зөрчил гаргасан хүмүүст цаазын ял оноох боломжтой хэмээн анхааруулж байв.

Тухайлбал, коронавирусийн халдварын шинж тэмдгээ зориудаар нуусан эсвэл өвчтөний биеийн байдлыг худал хэлсэн тохиолдолд цаазын ял оноож болзошгүй хэмээн өнгөрсөн оны хоёрдугаар сард мэдээлж байв.

Түүнчлэн аяллын түүхээ нуувал эрүүгийн хуульд тооцогдох бөгөөд халдварын эх үүсвэр болж, вирус зориудаар тараасан хүнийг нийгмийн аюулгүй байдалд аюул занал учруулсан хэмээн үзэж, мэдээллээ нуусан тохиолдолд 10 жил хорих ял, бүх насаар нь хорих эсвэл цаазын ял онооно гэж анхааруулж байлаа.

Мөн цар тахлын үед авлига авсан, хуурамч эм бэлдмэл үйлдвэрлэн, түгээсэн, бусдад зориудаар халдвар тараасан, эмч нарт хүндрэл учруулсан хүмүүсийг хамгийн хатуугаар шийтгэх талаарх заалт Хятадын Эрүүгийн хуульд заасан байдаг аж.


URL: