Бага насны гурван хүүхдийг угаартахаас аварчээ

134414530_1068385503677946_579954644116690375_o-460x500

“Тавантолгой түлш” компанийн хяналтын ажилтнууд хүүхдийн амь нас аварлаа” гэх мэдээлэл цахим орчинд түгэв. Мэдээллийн дагуу Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хяналтын ажилтан Г.Энхтуултай холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдөр 15:00 цагийн орчимд /2021.01.07/ Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны 33 дугаар гудамжинд картын бүртгэл хийж яваад 2-7 насны гурван хүүхдийн амь насыг аварсан. Сайжруулсан шахмал түлшний “Сайн” картын бүртгэл хийх гээд хяналтын ажилтан Ц.Отгонтунгалаг, Б.Цэндмаа, Т.Оюунцэцэг нарын хамт тухайн айлын хаалгыг тогшсон. Хаалгаа тайлж өгөхгүй нэлээд удсан. Гэтэл 6-7 насны гэмээр охин цонхны цаанаас гараа даллаад байсан. Хаалгаа тайлж өгөх байх гээд хаалгыг нь тогшоод зогсож байтал “Эгчээ манай хоёр дүүг авраарай” гэж охин хашгирсан.

Ингээд бид хажуу айлын залууг дуудаж байшингийн цонхны торыг эвдүүлж, цонхоор нь гурван хүүхдийг утаан дундаас гаргаж авсан. Том охиноос ээж, аавынх нь дугаар авч залгаж хэлтэл “0 зогсолт болж магадгүй гэж бодоод хүнс цуглуулахаар явсан байна” гэж хэлсэн. Би ч тухайн үеийнхээ эмоцоор “Яагаад гурван нялх хүүхдийг цоожилж явж байгаа юм. Цоожлоогүй байсан бол ядаж өөрсдөө гараад ирэх байлаа” гээд л загнасан. Ээж нь ирсэн даруйдаа хүүхдүүдээ тэврээд л уйлаад байсан. Аав нь хүүхдүүддээ сүү өгч, жаахан тайвшруулсан.

Гурван хүүхдээ гэртээ цоожилчихоод, галаа шахмал түлшээр өрдчихөөд явсан байсан. Зуух, пийшин нь улайсчихсан, зуухан дээр хоолтой байсан тогоо түлэгдээд гэрээр дүүрэн утаа түгсэн байсан л даа. Хэрэв бид тэр айлын хаалгыг тогшиж таараагүй бол, хаалгаа тайлж өгөхгүй байна гээд явалгүй удаагүй бол гурван хүүхэд утаанд хордох байсан байх. Цаашлаад гал гарахыг ч үгүйсгэхгүй байсан. Болсон явдлыг өөрсдийнхөө ажил тайлагнадаг фэйсбүүк группт бичтэл тэр даруй цааш түгсээр олны анхааралд хүрсэн байна. Хорооны албан ёсны группт ч бичигдсэн байна лээ. Гурван нялх хүүхдийг эрсдэлээс аварч, хамгаалж чадсандаа л баярлаж байна” гэсэн юм.

Эх сурвалж. “Тавантолгой түлш” компанийн пэйж хуудас


URL: