Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй

16101665375ff9310907eab

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төсөлд “Өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулах”-аар заасан байна.

Харин энэ асуудалд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар өгчээ. Тэрбээр “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлан хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?” гэжээ.


URL: