Хуурамч шатахуун үйлдвэрлэгчид 200 тэрбумын татвараас зугтсан уу!

Fuel pumpМонгол Улсад таван автомашин тутмын нэг нь хуурамч шатахуунаар цэнэглэгдэж, хуурамч шатахуунаас ялгарч буй хорт утаа, хүхэр, бензол, нүүрс устөрөгчийн давхар исэл нь уушги, дотоод эрхтний хорт хавдар, эмэгтэйчүүдэд үргүйдэл, ургийн гажиг үүсгэдэг тухай Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр энэ сарын 5-нд болсон хэвлэлийн хурлын үеэрээ мэдээллээ.

Тэрбээр “Хуурамч шатахууныг бид өдөр тутамдаа хэрэглэсээр байна. Үүний хор хохирлын улмаас авто машинтай жолооч нар хордож, уул уурхайн салбарын хүнд даацын тоног төхөөрөмж эвдэрч, Монгол Улсад жилд 300 гаруй мянган тонн хуурамч шатахууны түүхий эд импортлогдож байна. Өөрөөр хэлбэл, жилд 400 орчим мянган тонн хуурамч шатахуун манай улсад орж ирдэг. Хуурамч шатахуун, түлшинд авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа 2.5 дахин их, нүүрс устөрөгчийн давхар исэл тав дахин их , бензол 12 дахин их ялгардаг. Энэ бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн эрүүл мэндэд шууд утгаараа заналхийлж байгаа аюул” хэмээгээд хэд хэдэн баримт дэлгэлэлээ. Хуурамч шатахуун гэдэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэрж эсвэл холих аргаар гаргаж авдаг авто бензин, дизелийн түлш юм. Монгол Улсад хуурамч шатахууны хэрэглээ өндөр байгаа асуудлыг холбогдох яам болон мэргэжлийн хяналтын байгууллагууд, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, ажлын хэсэг гарч асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн боловч одоог хүртэл бодит арга хэмжээ авахгүй, ямар нэг шийдвэрт хүрээгүй байгаа аж.

Шатахуун хэрэглэгч иргэн Н.Хонгорын өгсөн мэдээллээр бол машиныхаа банкыг дүүргээд 28 км зам туулаад явж байтал мотор нь доголдож, эвдэрсэн гэнэ. Түүний хэлснээр машины эвдрэл нь хуурамч шатахуунтай холбоотой бөгөөд өнгөрсөн сарын 22-ны 20:17 цагт Энхтайвны гүүрний ойролцоох “Петровис” компанийн шатахуун түгээх станцаас АИ-98 бензин авч банкаа дүүргээд 28 км явж байтал шатахуун дуусах дохио асч, машинд гэмтэл доголдол үүсжээ. Энэ асуудлыг шалгуулж, учрыг тодруулахаар, маргааш нь буюу хоёрдугаар сарын 23-ндаа “Петровис” компанийн удирдлагад хандсан байна. Гэтэл тус компаниас өөрийн лабораторидаа шатахууныхаа чанарыг шинжилдэг “Таны машин муу байсан учраас асуудал үүсжээ. Манай шатахуунд асуудал байхгүй” гэсэн утгатай тайлбарыг хэлжээ. Хуурамч шатахуунаас хохирол үүссэн асуудлыг шалгаж, шийдвэрлэх газар байдаггүй. Шалгалтын ажиллагаа дорвитой явдаггүй талаар хуурамч шатахуун хэрэглээд хохирсон иргэн Н.Хонгор ийнхүү ярилаа. Хуурамч шатахуун жолооч нарын эрүүл мэндэд хохирол учруулж, галын аюул үүсгэх нэг нөхцөл болж байгааг Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн холбооны зохицуулагч Н.Баатар нэмж хэллээ. Жишээ дурдахад, энэ сарын 2-ны өдөр үүрийн 05:00 цагт “Петролиум продакшн” компанийн үйлдвэрт ноцтой дэлбэрэлт болсон. Хуурамч шатахууныг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх явцад дэлбэрэх аюул илүүтэй байдгийг энэ жишээ харуулна гэлээ.

“Холбогдох яамдын сайд нар хуурамч шатахууны талаар байр сууриа илэрхийлэхгүй байна”

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр “Нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг онцгой албан татвараас чөлөөлсөн 2012 оноос хойш улсад нийт 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ нь хуурамч шатахуун үйлдвэрлэгч улс төрийн бүлэглэлийн улсад учруулсан хохирол. Хэрвээ хуурамч шатахуун импортлоогүй бол жолооч нар, төрийн болон хувийн хэвшлийн уул уурхайн компаниуд 10 жилийн хугацаанд нэг их наяд төгрөгөөр хохирохгүй байсан. Иргэдийн оролцоотой хийсэн шалгалтын дүн алга болж байгаа нэг жишээг хэлье. 2020 оны дөрөвдүгээр сард ШӨХТГ-аас шатахуун импортлогч 100 гаруй шатахуун түгээх станц, 30 гаруй агуулахад шалгалт хийсэн. Шалгалтаар 200 орчим зөрчил илэрсэн ч шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрөөгүй. “Шатахуун оруулж ирж байгаа вагоноос дээж ав гэсэн” юм билээ. Ингээд 2020 оны долоодугаар сард вагоноос дээж авч шинжилсэн ч өнөөдрийг хүртэл шалгалтын дүн, ажлын хэсгийн дүгнэлт гараагүй. Энд ямар том бүлэглэл, тэмцэл явж байгааг харж болно” гэдгийг онцоллоо. Монголд нефтийн нэмэлт бүтээгдэхүүн керосин их хэмжээгээр орж ирж байгааг Гаалийн ерөнхий газрын тоон мэдээлэлд гаргасан байдаг. Монгол Улсын керосины жилийн хэрэглээ 3000 тонн гэнэ. Үүнийг хоёр үйлдвэрт зэс хайлуулах зорилгоор ашиглаж байгаа. Гэтэл 2012-2021 онд нийт 1.5 сая тонн керосин орж иржээ. Керосиноос бензол хэмээх бодис бензинээс 10 дахин илүү ялгардаг нь хүнд толгой эргэх гэх мэт хордлогын шинжээр илэрдэг аюултай аж. Тэгэхээр хуурамч шатахууныг нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр импортолж, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлсэн асуудлыг олон нийтийн оролцоотойгоор шалгаж, шалгалтын үр дүнг гаргах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны зүгээс гэхэд Онцгой албан татварын хуулийг хоёр удаа боловсруулж, шатахуун импортлогчдоос онцгой албан татвар авах зохицуулалтыг удаа дараа санал болгосон ч ажил хэрэг болоогүй. Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар “Хуурамч шатахууны эсрэг байр сууриа яагаад илэрхийлэхгүй байгаа вэ” гэдгийг шатахуун хэрэглэгчдийн холбоо, хохирсон иргэдийн төлөөлөл гайхаж байгаа аж. Тэд хуурамч шатахуун үүсэх бас нэг нөхцөл нь дэлхийн зах зээлийн үнээс хамаарч Монгол Улсад орж ирэх шатахууны үнэ хэлбэлзэж тогтдог жишгээс үүдэлтэйг ч дурдаад амжив. Хуурамч шатахууны гол нийлүүлэгч “Тарафигура” гэж гаднын компани Африкийн буурай хөгжилтэй улсуудад хуурамч шатахуун нийлүүлэх замаар мөнгө олдог тогтолцоогоо Монгол Улсад ч мөн нэвтрүүлжээ. Иймд, шатахуун импортлогчид олон улсын стандартад нийцсэн чанартай шатахууныг нийлүүлж, уг нийлүүлэлт болон шатахууны чанарт бодлогоор хяналт тавих шаардлагатайг хэрэглэгчид, шатахуун хэрэглэгчдийн холбооныхон анхаарууллаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: