Өмнөговь аймагт гэр бүлийн гурван хүн амиа алджээ

Өмнөговь аймгийн III багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн гурван хүн учир битүүлэг байдлаар амь насаа алджээ. Хэргийн талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тус сумын цагдаагийн хэлтэст нэг гэрийн гурван хүн амь насаа алдсан байна гэх мэдээлэл ирсэн байна. Цагдаа нар дуудлагын дагуу хэргийн газарт очиход 32 настай Г гэх эмэгтэй гэрийнхээ тооноос боомилж амиа алдсан байжээ. Мөн талийгаач эмэгтэйн хамтран амьдрагч 33 настай Б зүүн орныхоо хажууханд, 10 настай хүү Д нь баруун орныхоо урд биедээ ямар нэгэн ил харагдах шарх, сорвигүйгээр амьсгал хураасан байсан гэнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн бөгөөд шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарах юм. Гэхдээ анхан шатны шүүх эмнэлгийн дүгнэлтээр “Талийгаач нар гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан байх магадлалтай” гэж үзэж байгааг албаны эх сурвалж өгүүлж байсан. Б, Д нарыг ямар нэгэн хортой зүйл идэж хордсон байж болзошгүй хэмээн таамаглаж буй аж. Өөр нэгэн эх сурвалж “Талийгаач Г хүүхэд болон хамтран амьдрагч залуугийнхаа амь насыг хөнөөгөөд, дараа нь өөрийгөө боомилсон байх магадлалтай. Гэхдээ хэргийг шалгаж байгаа тул тодорхой хариулт өгөх боломжгүй. Шинжилгээний хариугаар бүх зүйл тодорхой болно” гэлээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих