Нөхөн сэргээлт хийдэггүй “Терра Энержи” компани Ноён сумын удирдлагуудыг үл тоон ДАХИН ШИНЭ АМ ухаж эхэлжээ

170840392_1728567334197446_5294809080526150260_n

“Улсыг орлоготой байлгаж байгаа үндсэн ганц салбар болох уул уурхай руу дайрах, давших эрх энэ ард түмэн, төр засагт байхгүй шүү” гэсэн агуулгатай пост, комменттой   сошиалд олон таарах. Гэвч уул  уурхайн салбарт ХАРИУЦЛАГАГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ үйл ажиллагаа явуулагсдаас шалтгаалан МӨНГӨ ҮҮ, БАЙГАЛЬ ОРЧИН УУ гэсэн эрэмбэ нэхсэн асуулт зайлшгүй тавигдахад хүргэдэг гэдгийг тодотгоё. 

Тухайлбал,  Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Терра Энержи” ХХК-ийн үйл ажиллагааны улмаас энэхүү асуултыг дахин тавих болох нь. Тус компани Ноён сумын нутаг дахь нүүрсний орд газрыг өнгөрсөн олон жилүүдэд ашиглан, коксжих болон эрчим хүчний нүүрс олборлон, экспортолж бизнесийн үр ашиг хүртсээр өнөөдрийг хүрсэн ч байгаль орчны асуудлыг орхигдуулжээ.

Нүүрсний 1,2,3,4,5 дугаар ам гэсэн нэршилтэй  таван амнаас өнгөрсөн жилүүдэд олборлолт хийсэн тус компани шинээр 7 дугаар амыг ухаж, олборлолт хийж эхэлсэнд малчин иргэд болоод сум орон нутгийн удирдлагууд эсэргүүцсэн байр суурьтай байна.

Шинээр ам ухаж эхлэхдээ Сумын засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Харин Ноён сумын өмнөх Засаг дарга Б.Батболд болон одоогийн Засаг дарга О.Насанбуян нарын хэн хэн нь “Терра Энержи” ХХК-д газар ашиглах зөвшөөрлийг өгөөгүй аж.

Гэвч “Терра Энержи” компани энэ оны гуравдугаар сарын эхнээс эхлэн 7 дугаар амыг ухаж, нүүрс олборлож эхэлсэн байна. 7 дугаар ам байрлах хэсгийн ойр орчимд “Нарангийн хүрэн хошууны задгай” гэж газар бий аж.  Тухайн газар нутаг орчим долоон малчин өрх нутагладаг. Цаашлаад 30 орчим малчин өрх нутагладаг гэнэ. Хэрэв энэ янзаараа  олборлолт хийвэл тэр хавийн  хүн, мал усгүйдэх, мал бэлчих газар хумигдах нөхцөл байдал үүссэнийг Ноён сумын иргэд хэлж байна.

Түүнчлэн сум орон нутгийн удирдлагуудыг үл тоон үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Терра Энержи”-г эсэргүүцсэн малчид  суулт хийх зөвшөөрлөө сумын удирдлагуудаасаа пүрэв гарагт авсан бөгөөд баасан гарагаас /2021.04.09/ эхлэн суулт хийж эхэлжээ.

Компанийн зүгээс суулт хийж буй малчин иргэдтэй ирж уулзсан аж. Малчдын зүгээс 7 дугаар амыг нэмж ухуулахгүй, газрын зөвшөөрлийг сумын засаг дарга өгсөн ч ухуулахгүй. Өмнөх хариуцлагагүй үйлдлүүдээ таслан зогсоо гэдэг шаардлага тавьж байгаа аж. Дээрээс нь 98 км шороон замаар нүүрс тээвэрлэж буй үйлдлээ зогсоохыг дахин шаардаж буй юм байна.

“Терра Энержи” ХХК-иас ЗТХЯ-тай байгуулсан гэрээгээр бол нүүрсний шороон замын тээвэр 2019 оны зургаадугаар сар хүртэл зургаан жилийн хугацаанд зөвшөөрөгдсөн байсан аж. Түүнчлэн гэрээ дуусаад хоёр жил болж байхад хатуу хучилттай бус шороон замаар л нүүрсээ тээвэрлэж буй нь байгаль орчин, хүн малын эрүүл мэндийн асуудал үүсгэсээр байна гэж малчид үзэж буй аж

“Терра Энержи” ХХК-ийн холбогдох хүмүүс баасан гарагт малчдын шаардлагыг сонсоод, эргэн хариу өгнө гэсэн ч одоогоор хариу өгөөгүй байгаа аж. 7 дугаар амны үйл ажиллагааг бол түр зогсоожээ.

Түрүүн дурдсанчлан, “Терра Энержи” дахин шинэ амнаас олборлолт хийж эхлэх хүсэлтээ Ноён сумын өмнөх Засаг даргын үед тавьж байв. Тухайн үед тэдэнд татгалзсан хариу өгсөн Засаг дарга асан Б.Батболд одоо ч байр сууриа бататган ярьж байна.

Шинэ Засаг дарга О.Насанбуян ч зөвшөөрөл өгөөгүй байгаа. Харин “Терра Энержи” компанийн зүгээс “Засаг дарга хуулиараа бол газрын зөвшөөрөл өгөх ёстой. Өгөхгүй болохоор чинь бид ухаад эхэллээ шүү” гэсэн байр суурийг илэрхийлдэг аж.


УУРХАЙ, ТӨР ХОЁРЫН ДУНД ОРОН НУТАГ ХОХИРООД ҮЛДЭЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг дарга асан Б.Батболдтой холбогдож нөхцөл байдлыг тодруулснаа хүргэе.

-Та өмнө нь засаг даргаар ажиллаж байх үедээ “Терра Энержи”-д шинэ ам ухах зөвшөөрөл олгоогүй гэсэн. Гэсэн ч тэд өнгөрсөн сараас ухаад эхэлчихжээ?

Миний байр суурь гэвэл өмнө  нь ухсан 1,2,3,4,5 гэсэн амуудын  нэгд нь ч нөхөн сэргээлтийн ажил эхнээсээ хийгдээгүй байгаа учраас зөвшөөрөл олгохгүй гэдгээ илэрхийлж байсан. Бусад амуудын нөхөн сэргээлтийг эхлүүлсний дараа, ирээдүйд 7 дугаар амыг ухам тухай ярь. Одоогийн нөхцөл байдлаас үзэхэд ухах боломжгүй ээ. Эхлээд ухсан амуудыг нөхөн сэргээгээд, засварлаад, орон нутагт нь хүлээлгэж өгөөд тэрнийхээ дараа өөр ам руу орооч ээ гэдэг үүднээс хандаж, зөвшөөрөл өгөөгүй юм. Одоогийн Засаг дарга ч зөвшөөрөл өгөөгүй.

-Өмнөх ухсан амуудыг нөхөн сэргээлгүй дараа дараагийн ам руу ороод өнөөдрийг хүрсэн гэхээр хяналт, шалгалтын дараах хэрэгжилт л дутуу явж иржээ дээ?

-Яг үнэн. Тэгж л тайлбарлахаар байгаа шүү. Аймгийн холбогдох газрууд, дээрээс нь Ашигт малтмалын газар үүргийнхээ хүрээнд ажлууд хийгээгүй, шахаж, шаардаагүй. Үйл ажиллагаа явуулаад 9 жил болчихсон уурхай эхнээсээ  нөхөн сэргээлтээ хийгээд явчих ёстой биз дээ. Аль ч хуулийн үүднээс аваад үзсэн. Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн талаар тусгасан гэрээ энэ тэр хийдэг байлгүй дээ. Тэдгээрийгээ ил тод болгоод хэрэгжүүлмээр юм.

-Компанийн зүгээс та нарт өнөөдрийг хүртэл ямар тайлбар өгч ирэв ээ?

-Танай хууль чинь буруу байна гэж тайлбарладаг компани. Нөхөн сэргээлтийн зардлыг бид улсад байршуулж байгаа. Үүнийг улсад биш орон нутагт нь байршуулаад, орон нутаг мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгэдэг болмоор байна гэж өмнөөс тайлбар тавьдаг. Улсад байршуулсан мөнгөөр эргээд нөхөн сэргээлтийн ажил хийхэд хойрго хандаж байна. Улс үүнийг зохион байгуулахгүй байна л  гэж хэлээд байгаа юм.

-Та үүн дээр та юу хэлэх вэ?

- Нөхцөл байдлыг харахаар эд нар бие биедээ ажлаа даатгачихаад дунд нь орон нутаг хохироод байдаг л байдалтай байна. Уурхайгаас шаардахаар бид улсад мөнгөө байршуулсан, улс мэднэ  гээд байдаг.Тэгэхээр энэ байдлыг өөрчлөх ёстой л доо. Үнэхээр нөхөн сэргээлтийн зардал мөнгийг орон нутагт байршуулаад явдаг бол орон нутаг өөрөө нутаг орныхоо байгаль орчны асуудлыг мэдэж буйн хувьд мэргэжлийн компаниар нөхөн сэргээлтийг хийлгүүлэх асуудалд оролцоотой явж болно л доо.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.


URL: