Ж.Энхбаяр эрхзүйн чадамжтай юу?

С.Батболдын үе үеийн танхимын гишүүдээс огцрох, эсэх асуудалд ороогдоод амжсан сайдууд тэргүүнээсээ эхлээд нэг бишээр тоологдох боловч огцорсон нь үгүй. Хамгийн сүүлд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өргөн бариад буй ч түүнийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэрт олонхийн санал нэгдэнэ гэдэгт итгэх хэцүү. Яагаад гэвэл Засгийн газраа хянах эрх, үүрэгтэй УИХ-ын гишүүдийн хэнийх нь ч “сайдыг огцруулах” санал сүүлийн дөрвөн жилийн хугацаанд парламент дээр ялж байгаагүй юм.

Огцруулах үндэслэл нь зөв ч бай, буруу ч бай УИХ-ын гишүүд эрх, үүргийнхээ дагуу шаардлага тавьсны төлөө тэднийг  кампаничлан буруутгах, шүүмжлэх байдлаар тохиолдол бүрт няцааж байсан нь хамгийн харамсалтай үзэгдэл байлаа. Хэн нэг сайд огцрохоос илүү харамсалтай нь гүйцэтгэх засаглалаа хянах ёстой парламент нь, парламентын гишүүн нь зүй ёсны эрхийнхээ төлөө буруутгагдаж байгаа явдал. Үүнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслийг худалдан авах замаар гүйцэлдүүлсэн нь түүнээс ч дутахгүй харамсалтай явдал биз. Энэ бол Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах эсэх асуудлын эргэн тойронд өрнөсөн жишээ.

Парламентад голлож байгаа намуудын удирдлагын хүрээнд өмнө нь хэдийнээ шийдэгдсэн бэлэн асуудлыг УИХ дээр оруулж ирж баталгаажуулдаг үзэгдэл зуршил болсон энэ үед эрх баригч намын даргын ашиг сонирхолтой энгийн нэг гишүүн зөрчилдөж болдоггүйг дээрх жишээ харуулсан. УИХ-ын олонх болж эрх барьж буй намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд байгаа тохиолдолд УИХ-ын хяналтын эрхээ эдэлнэ гэдэг худлаа болохыг харуулсан. Тэгэхээр энэ удаад ч бас Ж.Энхбаярыг огцруулах эсэх асуудлыг гагцхүү намын дарга л мэднэ. Тэр хүн парламентын олонх болох өөрийн намынханд ямар даалгавар өгнө, асуудал тэр дагуу л шийдэгдэнэ. Асуудлыг гаргаж тавьсан АН-ын бүлэгт ч, огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан Э.Бат-Үүл, Р.Гончигдорж гишүүнд ч мэдэл байхгүй. Тэр бүү хэл, ийм асуудалд хууль биш улс төр л үйлчилнэ гэж хэлбэл хилсдэхгүй байх. Ж.Энхбаярыг огцруулах тогтоолын төслийг хоёрдугаар сарын 17-ны өдөр өргөн барьсан. Энэ үеэр гишүүн Р.Гончигдорж тайлбарлахдаа “холбогдох хуулийн дагуу бол уг асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор холбогдох байнгын хороодоор хэлэлцэж, дараагийн долоо хоногт багтааж УИХ-аар хэлэлцэх ёстой” гэж байв. Өнөөдөр хоёрдугаар сарын 28. Хуулиар тогтоосон хугацааны дотор асуудлыг эрх бүхий байгууллага нь хэлэлцээгүй бол эрхзүйн орчинд ямар үр дагавар үүсэх нь үнэндээ хуульд тодорхойгүй. Албан тушаалтныг огцруулах эсэх асуудал эрхзүйн ийм орчинд орж, улмаар хуулиар биш улс төрийн аргаар шийдэгддэг мөн л тогтсон зуршил. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өөрийнх нь албан тушаалтай холбоотой асуудал хуулийн биш улс төрийн орчинд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, “МАН-ын асуудалд битгий оролц” гэж хэдийнэ мэдэгдсэн.

Түүнийг Батлан хамгаалахын сайд байхад тэнцэх, тэнцэхгүйг УИХ-аар хэлэлцээгүй байгаа учраас тэр өнөөдөртөө ямар ч байсан эрх зүйн хувьд чадамжтай хэвээр. Ийм тохиолдолд бид магадгүй түүнээс айх ёстой. Яагаад гэвэл тэрбээр Улаанбаатар хотод ойрхон байрлалтай цэргийн ангиудыг дахин тоноглон тусгайлан бэлтгэж бэлэн байдалд оруулах саналыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд оруулах тухай ярьсан нь хэвлэлээр ил болсон юм. Үүнийг эрхэм сайд үгүйсгээгүйгээр үл барам дэлгэрүүлэн тайлбарлахдаа “…зэвсэгт хүчний гол үүрэг байлдааны бэлэн байдалд байх явдал” гээд “Долдугаар сарын 1-нд болсон үйл явдлаас сургамж авсан. Ийм хэлбэрийн онц байдал зарласан үед Батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой” гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлын эсрэг зэвсэгт хүчнийг хөдөлгөж, мэргэн буучдыг ашиглахаа илэрхийлсэн юм. Уг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Зэвсэгт хүчнийг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж хатуу заасан байдаг. Мөн түүний дээрх санаархал Үндсэн хуулийн арваннэгдүгээр зүйлийн 2-т “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж заасныг ноцтой зөрчиж байна гэж Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар үзсэн.

Мөн тэрбээр “Батлан хамгаалах салбарт энгийн хүн хэрэггүй” хэмээн мэдэгдэж 100 хувь цэргийн байгууллага хэмээн тодорхойлон боловсон хүчний бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол улсын төрийн цэргийн бодлогын үндэс болон холбогдох бусад хуулиуд, бодлогын бичиг баримтад заасны дагуу Батлан хамгаалах яам нь батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилтийг зохион байгуулдаг төрийн захиргааны төв байгууллага байх зарчмыг хөсөрдүүлэн хууль зөрчиж 1996 оноос энэ чиглэлд хийсэн эрх зүйн болон үйл ажиллагааны шинэтгэлийг бүхэлд нь үгүйсгэж байна” гэж огцруулах үндэслэлд дурдсан.

Түүнийг огцруулах, эсэх нь УИХ-ын бүрэн эрх, тэр дундаа МАН-ы эрх мэдэл. Хэчнээн эрх мэдэлтэй ч тус намын удирдлагад хуулийн болон ёс суртахууны үнэлэмж, мэдрэмж байгаа гэдэгт найдаж байна. Сөрөг хүчний хувьд үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэчихлээ. Огцруулж чадахгүй байлаа ч Батлан хамгаалахын сайд байхад Ж.Энхбаяр яагаад болохгүй, яагаад тэнцэхгүй гэдгийг иргэд, сонгогчдод мэдүүлэх, тэдний өмнөөс шаардлага тавих үүргээ гүйцэтгэлээ.

З.Боргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих