Монгол Улсад коронавируст халдвартай нас барсан хүний тоо 34 боллоо

images

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өчигдөр 49 болон 44 настай хоёр эрэгтэй коронавируст халдварын улмаас нас барсан харамсалтай мэдээ байна.

49 настай эрэгтэйн хувьд, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж, нас барсан бол 44 настай эрэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 29 болж нэмэгдлээ. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр маш хүнд өвчтөний тоо өссөөр байна.

Одоогоор нийт 2,804 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүний биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-1,974
Хүндэвтэр-652
Хүнд-138
Маш хүнд-40 хүн байгаа юм” гэсэн юм.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 21 хүн коронавируст халдварын улмаас нас барсан” тухай мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр нас баралт дахин хоёроор нэмэгдэж, хагас сарын хугацаанд бүртгэгдсэн нас баралтын тоо 23 болоод байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдвартай нас барсан хүний тоо 34 болсон. Үүнээс 29 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас зарлаж байгаа бол 5 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.


URL: