Хөл хориотой, “Мэдээллийн урсгал”-тай ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ

Untitled-8_20210503081645Хорвоод цаанаас нь тохируулсан мэт тохуутай явдал өчнөөн болдог. Гэхдээ үр дагавар, үлдээж буй жишгээсээ шалтгаалаад эмгэнэлтэй, инээдэмтэй гэж ялгарна. Тухайлбал, өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1994 оноос хойш тэмдэглэж ирсэн өдөр л дөө. Хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах өдөр бий болгосон хэрэг. Эдгээр өгүүлбэрээс тус өдрийн ерөнхий онцлог харагдаж байгаа байх. Өнгөрсөн жил энэ өдрийг бид “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэж байлаа. Өнөө жилийн хувьд Монгол Улс тэр дундаа хэвлэлийн байгууллагууд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хөл хорио, “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгтэйгээр л угтаж байна. Айдас, зусар хоёр нэвт ханхалж байгаа биз. Цар тахлын аюулаас төр нь иргэдээ хамгаалах нь зүйн хэрэг.Гэвч өнгөрсөн жил гаруйн хугацаанд төр засгийн байгууллагууд өвчнөөс сэргийлсэн ажлаараа давхар өөрсдийгөө хэвлэлээс хамгаалсан юм. Бүр тодорхой хэлбэл, Төрийн ордноос эхлээд төсвийн бүх байгууллагын хаалга үүд сэтгүүлчдийн өмнө хаалттай болоод удлаа.

Сэтгүүлчдийг төр, иргэн хоёрыг холбодог гэх нь бий. Үүнээс гадна төрийн бусармаг үйл ажиллагааг олон нийтэд ховлодог, ингэж гэрэлд гаргаснаараа засаж сайжруулахыг шаарддаг үүрэгтэй л дээ.

Төрийн нэрээр шийдвэр гаргагч аливаа байгууллагын үйл ажиллагаа, тэнд болсон завхрал, хулгай нь татвар төлөгч иргэдийнхээ амьдралд тусаж, нөлөөлж байдаг гэхээр тун чухал ажил юм.

Харин өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэвлэлийнхэн төрийн албаны цаана явж байдаг асуудлууд руу шагайж, түүнийг иргэдэд мэдээлэх боломжоор хомс байсан гэсэн үг. Товчхондоо, иргэд хохирчээ. Үүн дээр саяхан хөл хорио дагуулан гаргаж  ирсэн өөр нэг аюул бол “Мэдээллийн урсгал” хэмээх нэвтрүүлэг. Хоногийн 24 цагийн гуравт нь төвийн үзэгч ихтэй найман телевизээр зэрэг цацаж байгаа нэвтрүүлэг тэр аяараа төрийн үйл ажиллагааны сайн сайхныг харуулахад чиглэж байгаа нь муугийн ёр биш юм уу. Хөрөнгө хүч хаяж, хэл амтай, нэр зүстэй бүхнийг цуглуулан олон нийтийн анхаарлыг татаж, нэг л ногоон гарцаар мэдээлэл цацаж байгаагийн цаад агуулга нь айдас төрүүлэхгүй байна уу. Хэвлэлийн салбарыг өөртөө үйлчлүүлэхийг хүсдэггүй төр гэж дэлхийд байхгүй. Түүний эсрэг зогсож байдагт л бидний мэргэжлийн нэр хүнд тогтдог юм. Ийм амархан хүсэлд нь, өвөрт нь гүйгээд орчих ч гэж дээ.

Ер нь тэгээд муу үр дагавартай юмыг хийж ашиг сонирхлоо гүйцэлдүүлж буйгаа “Би чадаж байна, дийлж байна” гэж боддог төөрөгдөл бий. Хуулиар хориотой биш юм гэхэд хүн ёс, мэргэжлийн нэр хүнд, улс орны хувь заяад харш зүйл гэж байдаг. Яг л мөнгөтэй, бяртай, нотлох баримт үлдээхгүй байлаа гээд хүчин хийж болдоггүйтэй л адил шүү дээ. Ийм болохоор салбарынхан нь өөрсдөө “Мэдээллийн урсгал бол Монголын ардчилалд учирч байгаа асар том аюул занал. Энэ бол пропаганда” хэмээн эсэргүүцэж байгаа юм. Их л эмгэнэлтэй өв үлдээлээ. Одоо хойшдоо монголчуудын тархийг угаах ямар ч ажлыг ийм зэргийн далайцтай хийхийг эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хэсэг нь үргэлж зорьж байх болно. Тэр нь хэвшил болох хэрээр өнөө арайхийж салсан хуучин нийгмийн сүнс нь биежээд ирнэ дээ.

Санаснаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нэг мэдэгдэл гаргасан байна лээ. Түүндээ төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журамж зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг хараат бусаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөлийг хумьж байна гээд “Тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөө иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болголоо” гэж эсэргүүцсэн байсан. Гэвч энэ шаардлагыг тоож байгаа хэн ч алга. Тэр байтугай хувийн цахим орон зайдаа шүүмжлэл бичсэн хүнийг ч зохион байгуулагч, найруулагч нь залгаж заналхийлэн давилуутаж байна. Ардчилсан нийгмийн ололт нь олон ургальч үзэл бодлыг нээлттэй болгосон нь юм.

Өлсгөлөнгөөс илүү зовлон бол эрх чөлөөгүйн зовлон байдаг. Тиймээс олон нийтэд ашиг сонирхол шингэсэн нэг л сувгаар мэдээлэл өгөх гэсэн явдлыг өөгшүүлж, дэвэргэж буй нь нийгмийнхээ үнэт зүйлийг нулимж байгаа л хэрэг. Монголчууд ч хэцүү юм их үзэх нь дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: