Гадаад яам” үндсээрээ өөрчлөгдөх цаг болжээ

Орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх 2011 он гарлаа. Нэгэн зуунд манай гадаад харилцааны салбар их ажил амжуулсныг жилийн турш ярих биз. Би энэ тухай биш, харин дипломат албыг сайжруулах үүднээс шүүмж болгон хэдэн зүйл хэлье.

Нэг. Юуны өмнө, өнгөрсөн 10, 20 жилд ГХЯ чадавхийн хувьд сайжрав уу гэдэг асуултын хариу тааламжтай сонсогдохгүй байгааг тэмдэглэе.

Уг нь дипломат албаны олон мянган жилийн түүхтэй гэдэг монголчууд энэ салбарыг хүндлэн дээдэлж ирсэн билээ. Хамгийн сайн бэлтгэгдсэн шилдэг мэргэжилтнүүд, Монгол улсын төлөө хоёргүй сэтгэлээр амь биеэ хайрлахгүй зүтгэх хүмүүс л ажилладаг гэсэн ойлголттой байлаа.

Гэтэл тэр ойлголт одоо орвонгоороо эргэчихээд байна. Дипломат алба зөвхөн хувийн эрх ашиг хайгчид, чадваргүй боловч дүр исгэгчид, эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүний үнэнч албат, үр хүүхэд, хамаатан саданы “шахааны үүр” болж байна.

Яагаад ийм болов? Юуны өмнө, Гадаад яам сонирхлын бүлгүүдийн мэдэлд шилжиж задарч хуваагдсан байна. Төрийн эрх мэдэл авсан улс төрийн хүчин, өнөөдрийн байдлаар хамтарсан Засгийн газрын албан тушаалтнууд дипломат албанд дүрэм журмын дагуу биш, харин хэн нэгний захиалга, нөлөөгөөр, эсвэл авилга хээл хахуулиар хүн шургуулдаг болжээ. Ингэснээр мэргэшсэн дипломатууд буланд шахагдан, зарим нь гарч, зарим нь ад үзэгдэн шоовдорлогдох болсон байна.
Хэн нэгний нөмөр нөөлөгт байдаг нөхөртэй хариуцлага тооцоно гэдэг тодорхойлолтоороо байхгүй. Энэ яам үзэг цаас нийлүүлж үзээгүй, Монголоор болоод түгээмэл гадаад хэлээр хоёр өгүүлбэр зөв бичиж чадахгүй хүмүүсийг цуглуулдаг газар байж таарахгүй.

ГХЯ-ны боловсон хүчний асуудал (бусад яам ч ялгаагүй дээ) ганц засгийн газрын биш, нийт улс үндэстний «дархлааны» асуудал учраас нэн даруй эмчилж авахгүй бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд занал учруулж эхэллээ.
Намын идэвхтэнүүд, “тамхины наймаачид” –ын үүр бүрмөсөн болохоос өмнө ГХЯ-ны яамны үйл ажиллагааг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.

Хоёр. Монгол Улсын гадаад бодлого нь 90-ээд онд томьёолсон сайн хөрш, гурав дахь хөрш, иж бүрэн болон стратегийн түншлэл гэсэн гарын таван хуруунд багтах ойлголтоосоо цаашилсангүй 20 жилийг үдлээ. Тэр байтугай эдгээр ойлголт нь чухам юу агуулж байгаа, тэр тусмаа амьдрал дээр яаж хэрэгжүүлэх талаар тун ядмаг ойлголттой, урсгалаар өдий хүртэл явж ирсэн.

Гадаад харилцааг эдийн засагжуулах концепцийг миний бие 1998 онд гаргаж бүтэц зохион байгуулалт, агуулга, ажил хэргийн тодорхой шалгуур дэвшүүлсэн боловч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүн олдоогүй. Арав гаруй жилийн дараа С.Батболд сайд дахин нэг дурсав.

Гадаад харилцаанд мөнхийн түнш гэж байхгүй харин мөнхийн ашиг сонирхол л гэж байдаг гэсэн бичигдээгүй хуулийг мөрддөг. Хамгийн ойр байгаа Монгол, Оросын харилцааны өнөөгийн шат гэвэл манай тал мах, хивсээ аваач гэсэн улиг домог болсон гуйлгаас өөр ямар ч санал санаачилга гаргалгүй өдий хүрсэн. Гэтэл оросын талаас улс төр, цэрэг, мэдээлэл, эдийн засгийн чиглэлээр явуулж байгаа бодлого нь цэгцтэй, прагматик, дайчин давшингуй байгаа нь илт харагдаж байна.

Энэ мэтчилэн АНУ, БНХАУ-тай харилцах асуудал ч орчин цагийн шаардлага хангасан эсэхийг цэгнэн дүгнэх хэрэгтэй.
Хүйтэн дайнаас хойш улс хоорондын харилцаа хялбар биш харин ч нарийн ээдрээтэй, ярвигтай боллоо. Гадаад бодлого өргөн утгараа улс төр, эдийн засаг, цэрэг техникийн хамтын ажиллагааг агуулдаг болжээ.

Ийм нөхцөлд, нарийн, иж бүрэн мэдээлэлд тулгуурласан алсын хараа, голч мэргэн ухаан, оновчтой стратегийн цогц нэгдэл нь дипломат ажиллагааны амин сүнс юм. Гэтэл манай дипломат ажиллагаа гэж юу билээ. Туслаач гэж гуйх, мөнгө өгсөн улс орныг дэмжих сэтгэлгээнээс цааш гавихгүй байна. Үүнийгээ их ажил хийлээ, их мөнгө олж ирлээ гэж сурталчлана.

Дипломат ажиллагааг өөртөө тохируулан биеийн амрыг харсан байдлаар тодорхойлдог, уншдаг практик газар авч байгааг шүүмжлэхээс өөр аргагүй. Дипломат албыг хэн нэгэнд саад болдоггүй, эсвэл хэн нэгний үйл ажиллагааг сарниулах зорилготой байгууллага болгон ашиглаж байна гэхэд хилсдэхгүй. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулиар олгогдсон гадаад бодлогын эрх мэдлээ хэрэгжүүлэхэд ГХЯ хуулийн хэллэгээр бол эс үйлдлээрээ саад тотгор хийж байна гэж үзэх хэд хэдэн хэрэг явдал гарсан байна.

Дипломат ажиллагаагүй гадаад бодлого үгүй. Ядаж энэ чиглэлд эрдэм шинжилгээ судалгаа хийх бүтэц санхүүжилт байх ёстой. Сургах, давтан сургах цоо шинэ тогтолцоо хэрэгтэй. Гадаад харилцааны төсвийг хангалттай санхүүжүүлж чадаагүй нь төрийн бодлогын алдаа юм. Гэхдээ санхүүжилтийг гадаад харилцааны үр өгөөжид нийцсэн, тооцоо үндэслэл сайтай, эдийн засгийн аргаар тогтоох талаар яам нь өөрөө санаачлага гаргахгүй байна.

Гурав. Алдах эрхгүй албыг залгуулах хүмүүс цэгцтэй он удаан жил, мэргэжил мэргэшлийн тун өндөр стандартаар бэлтгэгдсэн, үе хоорондын залгамж холбоог хангасан байх шалгуур тогтоож чанд мөрдөх ёстой юм. Энд би үе хоорондын залгамж холбоог хангах асуудлыг онцолмоор байна.

Монгол улсын гадаад бодлогын хэрэгжилт Ерөнхийлөгч засгийн газрын гишүүдын үг яриа, үйл хөдлөлөөр илэрхийн хамт УИХ байнгын хороо, нэгдсэн хуралдааны танхимд ч өрнөж байдаг гэдгийг санах учиртай юм. Ер нь, төрийн бүх шатны түшээдийн гадаад харилцааны мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд цөөнгүй асуудал хуримтлагдаад байгааг ч тэмдэглэх ёстой.

Тэргүүн эгнээний дайчид, Монгол улсын нэрийн хуудас, нүд, чих, тархи болсон энэ салбарыг одоогийн байдалд зөнд нь орхилгүй, дипломат албаны мэргэжлийн нэр хүндийг сэргээхэд улсынхаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлэн анхаарах шаардлагатай болжээ.
Учир нь, энэ бол дан ганц яамны асуудал биш, улс үндэстний нэр хүндийн асуудал юм шүү.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.