Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих ял оноов

Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих ял оноов

Төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэгт ахыг нь гэмт буруутайд тооцож, бүх насаар нь хорих ял оноожээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр болов.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 16 настай охин гадны нөлөөтэй нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Талийгаачийг онц харгис хэрцгий аргаар хөнөөж, хэргийн ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг гудамжинд орхисон байж болзошгүй гэж үзэн уг хэрэгт төрсөн ах болох 18 настай “Г” холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.


URL: