Хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасжээ


Хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хасжээ

Хоёроос дээш машин, байр, 200-гаас дээш малтай 8475 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс хассан гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэв.

Тус яам “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-ыг шинэчилсэн. Ингэхдээ өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдийг ашиглажээ. Төрийн байгууллагын мэдээллийн сангуудыг хооронд  нь тулгаснаар 1435 өрхийн 8475 иргэнийг дээрх үйлчилгээнээс хассан байна.

Цаашид энэ үйлчилгээ хугацаатай, нөхцөлтэй болох аж. ХБНГУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг  сургалтад хамруулан, тэдэнд ажлын байрны санал тавина. Мөн тэднийг жилд хоёр удаа олон нийтийн ажилд (ургац хураалт гэх мэт) заавал оролцуулах нөхцөлийг журамд тусгажээ. Учир нь Засгийн газар Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого баримталж байгаа юм.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дараах байдлаар шинэчлэгджээ:

  • Иргэдэд цаасан талон биш, банкны карт олгоно.
  • Зөвхөн шалгарсан дэлгүүр биш, кассын баримт өгдөг бүх дэлгүүрээр иргэд үйлчлүүлнэ.
  • Ингэснээр тэдний хэрэглээг хянаж, улмаар дата өгөгдөл бүрдэн, дүн шинжилгээ хийх юм.


URL: