Монголчууд Оюутолгойн 34 хувиа наймаалцах эсэхээр хэлэлцээ үргэлжлэх нь

-”Рио тинто” буулт хийсэн ч Монголын тал байр сууринаасаа буцахгүй гэв-

a7(11)

Оюутолгойн хөрөнгө оруулагч “Туркойз хилл ресурс”, “Рио тинто”-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт /2021.08.31/ баталгаажуулав. Тэрбээр “Оюутолгой төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд “Рио тинто”-гийн зүгээс  одоо төлж буй АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна гурван жилийн хугацаанд их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналаа захидалд илэрхийлсэн” гэв. Ерөнхийдөө Оюутолгойн хөрөнгө оруулагч тал буулт хийсэн мэт мэдээллийг Монголын талын ажлын хэсгийн ахлагч өгч байна. Мөн Х.Нямбаатар сайд  хөрөнгө оруулагчид Монголд ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.  Өөрөөр хэлбэл, Монголын 34 хувьд ногдох өр буюу 2.4 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээ хийхэд бэлэн байгаа аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 92 дугаар тогтоолын заалтад дурдсан “Эрдэнэс-Оюутолгой”-н ногдолтой холбоотой асуудлыг бидэнтэй ярьж болно шүү гэдэг давхар утгыг илэрхийлсэн гэж хэлэв. Монголын талын Оюутолгойн ордод эзэмшсэн 34 хувьд ногдох өр анх 1.4 тэрбум ам.доллар байсан бол өдгөө хүүгийн хамт 2.4 тэрбум болж нэмэгдсэн. Цаашид Оюутолгойн гэрээг сайжруулаагүй тохиолдолд 22 тэрбум ам.доллар болж өсөх болгоомжлол үүнтэй холбоотой үүссэн гэдгийг онцлон дурдлаа. Улмаар хөрөнгө оруулагч тал хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Лондоны арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавихыг  санал болгосон. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, хэлэлцээр хийхээр ирсэн Б.Болд тэргүүтэй “Рио тинто”-гийн төлөөлөлтэй уулзах тов тогтохоор болжээ.

Уржигдар /2021.08.30/ олон улсын эдийн засаг, бизнесийн мэдээллийн“Financial times” энэ талаар анх мэдээлсэнд маш ноцтой зүйлүүд бий.Тус мэдээлэлд олон нийтийн анхаарлыг татах олон асуудал дурдсаныг нэг нь “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулахаас гадна эзэмшлийн бүтцийг сууриар нь өөрчлөх талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэх үг өгүүлбэр юм. Мөн хөрөнгө оруулагч тал татвар болон бусад хураамжаас гадна ирэх гурван жилийн хугацаанд Монголын талд 350 сая ам.доллар санал болгосон бөгөөд одоогоор Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувийг, “Туркойз хилл ресурс” 66 хувийг эзэмшдэг гэдгийг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” төслийн хувь эзэмшлийн бүтцийг сууриар нь өөрчлөх саналд Монголын талын 34 хувийг ногдол ашгаар солих асуудал багтжээ гэж ойлгож болох нь. Энэ талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд дурдсан байдаг. Засгийн газрын ажлын хэсгийн хувьд  92 дугаар тогтоолд тусгасан заалтуудыг хэлбэрэлтгүй мөрдөх учиртай юм.

Түүнчлэн 92 дугаар тогтоолд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах заалтууд орсон байгаа. Энэ хүрээнд 2015 оны далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”-г сайжруулах, бүр цуцлах асуудал хамгийн хүчтэй яригдах болсон. Удалгүй хөрөнгө оруулагч талаас Оюутолгойн далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор өсөж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлохоор болсныг зарлаж байлаа.  Гэтэл хөдлөнгийн шинжээчдийн зүгээс далд уурхайн зардал, ашиглалтад орох хугацааны тооцооллыг геотехникийн нөхцөл байдлаас үүдээгүй гэж дүгнээд байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өнгөрсөн наймдугаар сард “Дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг далд уурхайн зардал өссөн болон хугацаа хойшилсон явдлыг ямар нэгэн геотехникийн хүндрэлээс шалтгаалаагүй гэдэг дүгнэлт өгсөн” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар олон улсын хэвлэлүүдээр гарснаар бол “Туркойс хилл ресурс” компанийн  жижиг хувьцаа эзэмшигчид “Геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг. далд уурхайн төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл” гэж үзэж буйгаа илэрхийлж байжээ.

Мөн уул уурхайн портал “Mining” цахим хуудаст  далд уурхайн үндсэн босоо амны бүтээцийг хийхэд хийцийн хувьд алдаатай, ган эд ангиудыг техникийн шаардлагад нийцүүлэн угсраагүй, холболт сул, ашиглахад аюултай гэж дүгнэлтийг өгүүлсэн байдаг. Энэ мэтээр Оюутолгойг тойрсон маргаан Монголын талд шийдэгдэх магадлал өндөр болж ирээд байна.

Өчигдөр /2021.08.31/ ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо Тэрбээр “Засгийн газрын зүгээс татварын маргааныг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Энэ бол “Оюутолгой” компанийн үүсгэсэн маргаан юм. Татварын хоёр акт дээр маргаан үүсгэсэн. Засгийн газраас татварын актыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс зөвшилцөх, эвлэрэх үндэслэлгүй бөгөөд татварын маргаан үргэжлээд явна.  Гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, 2020 оны эцсээр ашиглалтад орох хугацаанаас хошилсноор цар тахлын хүндрэлтэй байгаа энэ үед манай улсын төсвийн орлогыг бууруулж байгаа. Үүнийг үндэслээд ирээдүйд ирэх үр өгөөж, ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлөх санал тавьсан гэж ойлгож байна. Гэхдээ энэ саналыг маш дэлгэрэнгүй судлах, нөхцөлүүдийг нь тодорхой ярилцах ёстой” гэлээ.

Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ нааштай эргэж буй мэт боловч Засгийн газар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг зөрчих эрхгүй гэдгийг дахин сануулах ёстой болов уу. Тус тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоол гарсны дараа Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага “Оюутолгой” компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа. Тухайн актаас шалтгаалан далд уурхайн төсөл зогсонги байдалд орж, 2015 онд Дубайн гэрээ зурагдсанаар хөдөлсөн байдаг. Тэгвэл 2016 онд УИХ-аас гаргасан “Оюутолгой” төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн дээрх УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол гарсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: