БНХАУ IX-XI сард зорилтот бүлгийн иргэддээ вакцины нэмэлт тун хийж эхэлнэ


БНХАУ IX-XI сард зорилтот бүлгийн иргэддээ вакцины нэмэлт тун хийж эхэлнэ

БНХАУ IX-XI сард зорилтот бүлгийн иргэдэд вакцины нэмэлт тун хийж эхлэхээр төлөвлөөд байна. Тавдугаар сарын нэгнээс өмнө вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст нэмэлт тун хийх юм байна.

Тус улсад нэг тэрбум гаруй хүн вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа аж. Энэ нь нийт хүн амынх нь 70 хувьтай тэнцэж байна. БНХАУ дархлаажуулалтын хөтөлбөрт 2.16 тэрбум тун вакцин ашиглажээ.

Харин Япон болон АНУ хүн амынхаа талаас илүү хувийг дархлаажуулаад байгаа бол Их Британи, Германд энэ үзүүлэлт 60 хувьтай байна. Сингапур энэ долоо хоногт 60-аас дээш насныханд вакцины нэмэлт тун хийж эхлээд байгаа юм. 12 мянга гаруй хүн гурав дахь тун хийлгэхээр бүртгүүлээд байгаа ажээ. Тус улсад өдөрт халдварын 800 орчим тохиолдол бүртгэгдэж байна.

ОХУ-ын Кремльд COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр ажилладаг олон “коронавирус”-ийн халдвар авсан нь тогтоогдсон байна. Тэрбээр одоогоор тусгаарлалтад байгаа бөгөөд оны эхээр “Sputnik V” вакцин хийлгэсэн юм.


URL: