Одоо тэгээд Орос, Хятад хоёрт хариуцлага тооцох уу

Оюун-Эрдэнэ2Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арьсаа, багаа хамгаалахдаа гаргууд юм. Тиймээс шатахууны хомстол үүсгэсэн учраас хоёр хөрш Орос, Хятад улсад ХАРИУЦЛАГА тооцох хэрэгтэй болох нь ээ.

Учир нь, тэрбээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны хомстол үүсэхэд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг үүрэгджээ.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон ”Ерөнхий сайд хариуцлага алдсан албан тушаалтнуудад  хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Одоогоор яам дээрээ асуудлыг ярилцаж, хэн хэн  хариуцлага алдсан, хэнд хариуцлага тооцохоо тодорхой болгоно. Хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн.

Үнэн хэрэгтээ хариуцлага алдсан албан тушаалтнууд нь УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нар. Гэтэл Ерөнхий сайд өөрөө шууд Г.Ёндон сайддаа хариуцлага тооцохын оронд өөрөөсөө бултуулж байна. Г.Ёндон ч ялаагүй өөрөө болон Х.Хэрлэнтэй хариуцлага ярих ёстой байтал эхлээд олон нийтэд буруугаа чихэж үзээд болохгүй болохоор нь хэн нэгэн албан тушаалтнаар “туг тахих” бололтой.

Угаас ОХУ-аас манай улсад энэ сард нийлүүлэх ёстой 28 мянган тонн шатахууныхаа 17 мянгыг л нийлүүлнэ гэж “ГЭНЭТ” мэдэгдсэн. БНХАУ-аас сар гаруйн нөөцөө татан авахаар мөнгийг нь төлчихсөн байхад галт тэрэг байхгүй гээд ачааг явуулахгүй байгаа гэдгийг Г.Ёндон сайд хэлсэн.

Тэгэхлээр хоёр том гүрний дунд “хавчуулагдсан” Монгол Улсыг хохироож, шатахууны хомстолд оруулсан нь Орос, Хятад хоёр болж таараад байна.

Мэдээж “нэг муу” салбарын сайд хоёр их гүрэнд хариуцлага тооцно ч гэж юу байх вэ. Тэгэхлээр албан тушаал арай дээгүүр гэдгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та өөрөө л хоёр хөрш рүүгээ “муухай харж” байгаад ХАРИУЦЛАГА тооцох хэрэгтэй болж.

Гэхдээ энэ бол хэзээ ч биелэшгүй сайхан ҮЛГЭР гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Дотооддоо хариуцлага тооцчихож чаддаггүй нөхөд гадаад ертөнц рүү тэр тусмаа өмнөд хойд хоёр том хөршдөө хариуцлага  ярьж АМЖИХ уу даа.

https://erennews.mn/article/49681


URL: