Х.Баттулга яваад дөрвөн сар боллоо, Ч.Сайханбилэг ээ!

159842Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг эх орноосоо гарч, хил даваад удаж байна.

Түүнийг АТГ-аас “Дубайн гэрээ”-г үзэглэхдээ бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Тэрбээр яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Монголоос явсан бөгөөд түүнийг хууль, хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж, АНУ-д амьдарч байгааг нь тогтоосон байдаг.

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тус улсаас улс төрийн орогнол хүсэж, гаднын хуулийн фирмээс өмгөөлөгч хүртэл хөлсөлж, түүгээрээ дамжуулж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн мэдэгдэл, ил захидал илгээсэн юм.

Ингэхдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буусан өдөр эх орондоо очно” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд дөрвөн сар боллоо, Ч.Сайханбилэг ээ. Харин энэ хугацаанд та эх орондоо ирсэнгүй.

Нөгөө талд хуулийнхан эх орноосоо зугтсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авч ирэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэгийг “Интерполоор эрэн сурвалжлуулна” гэх мэдээлэл түгсэн ч өнөөг хүртэл түүний зураг Интерполын цахим сайтад албан ёсоор байршаагүй байна.

Сануулахад, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг түүнтэй адил хэргээр яллаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон.

Гэвч Улсын Дээд шүүхээс С.Баярцогтод оноосон хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Өөрөөр хэлбэл, “Дубайн гэрээ”-г үзэглэхэд гар бие оролцсон гэх Ч.Сайханбилэгээс бусад нөлөө бүхий албан тушаалнуудыг хуулийн байгууллагаас яллагдагчаар татан шалгаж, шүүхээс ял оноосон байдаг.

Гагцхүү хэргийн гол эзэн болох Ч.Сайханбилэг л эх орноосоо “зугтсан” гэдэг шалтгаанаар ял сонсоогүй, биеэ эмчлүүлнэ гэх шалтгаанаар гаднын орныг зорьж, тэндээ толгой хорогдож байна.

https://news.zindaa.mn/3x0c


URL: