Н.Аюуш: Охин минь алга болчихоод байхад багш нар нь “Хайр дурлалдаа шатаж яваа” гэж тавлаад хөдөлж өгөхгүй байсан

 

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын дунд сургуулийн төгсөх ангийн сурагч охин бусдын гарт амиа алдсан хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарсан. Талийгаач охин сургуулийн дотуур байранд амьдардаг байсан бөгөөд аравдугаар сарын 21-ний оройн 21:00 цагийн орчимд тасгаасаа гарч яваад эргэж ирээгүй. Тэрбээр бусдад буудуулсан байдалтай нас барсан байсныг аравдугаар сарын 31-ний өдөр олсон байдаг. Талийгаач охиныг дотуур байрнаас дагуулж явсан “Б гэгч нь буудаж хороогоод өөрөө амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм. Талийгаач охины ээж н.Аюуштай ярилцлаа.


-Гэр бүлд тань эмгэнэл илэрхийлье. Тухайн хэргийн талаар тодруулбал?

-Хэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ буруу зөрүү мэдээлэл их явах юм. Бидэнд хүнд байгаа ч бодит мэдээллийг хуваалцах нь зөв байх. Жаахан охин минь зэрлэг этгээдийн гарт амь үрэгдчихээд байхад л өөрөө дагаж явсан гэх утгатай мэдээлэл гараад байх юм. Миний охин дөрөвдүгээр ангиасаа хойш өдийг хүртэл сумын төвийн дотуур байранд амьдарч байсан юм. Өнгөрсөн хугацаанд хэл ам таталж чихнээс хонх уяж байсан удаа нэг ч үгүй. Бидний хувьд ч тухтай байранд багш нарт нь даатгасан учраас санаа амар суудаг байлаа. Гэтэл дааж авсан багш нар нь хариуцлага алдаж бидэнд нөхөж барахгүй гарз тохиож охиноо алдчихаад байна.

-Охин тань дотуур байрнаасаа гарч явсан тухай мэдээллийг та хэзээ дуулсан бэ?

-Ангийн багш нь аравдугаар сарын 21-ний пүрэв гаригийн үдээс хойш над руу утасдаж ирж уулзахыг хүссэн. Юу болсон талаар лавлахад “Утсаар яриад байх асуудал биш” гэж л хэлсэн. Тухайн үед нөхөр маань Сэлэнгэ аймаг руу уурхайд ажиллахаар явчихсан байсан юм. Миний тухайд ажилдаа дарагдаад байсан учраас маргааш өглөө очъё гэж тохирсон. Өглөө нь үнээгээ саагаад орж ирэхэд багш нь над руу залгаад “Охин тань харьсан уу, тасагтаа алга” гэж хэлсэн л дээ. Ингээд сургууль руу очиход охин минь байгаагүй. Дотуур байрны хүүхдүүдээс асуухад өмнөх өдрийнх нь оройн 21:00 цагийн орчимд найз нь байрнаас нь авч гаргасан талаар хэлж байсан. Гарч явсан талаар нь жижүүр нь ч огт мэдээгүй байсан. Камер шүүхэд оройн 21:00 цагийн орчим ангийнх нь хүүхэд гаргаж өгсөн нь бичигдэж үлдсэн байна лээ. Ангийх нь хүүхэд гэдэг нь өнөөх танхай этгээдийн үеэл дүү нь байгаа юм. Охины минь утас холбогдохгүй болохоор тэр дүү рүүгээ утасдаж гаргаж ирэхийг шаардсан юм шиг байна лээ. Гаргаж өгсөн хүүхэд нь миний охиныг хааш нь авч явж байгааг нь мэдэж байсан юм билээ.

-Анги удирдсан багш нь тань руу утсаар ярьсан юм байна шүү дээ. Тухайн үед нь очоод уулзах боломж байгаагүй юм уу?

-Багш нь залгахдаа “Утсыг нь хурааж аваад, охиныг тань дотуур байранд нь хүлээлгээд өгчихлөө” гэж хэлсэн юм. Миний тухайд тэгээд л тайвширчихсан. Хамаатнууд нийлж байгаад л охиныг минь хөнөөчихлөө гэж хардаж байгаа. Дотуур байрны багшийнх нь нөхөр миний хүүхдийг хөнөөсөн гэх этгээдтэй ойрын хамаатан юм билээ. Ангийн багшийн зүгээс охиныг минь эргүүлээд байсан этгээдийг цагдаад өгөхөөр хандсан талаараа хэлж байсан. Харамсалтай нь байрны багшийн нөхөр нь татгалзаж цагдаа дуудалгүй өнгөрсөн юм билээ. Олон хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй байрны багш ажилдаа маш хайнга хандсан.

-Таны охин гэр бүлийнхэндээ хэр нээлттэй байсан бэ. Сэтгэл зүйн дарамт байсан талаар сургуулийн удирдлагууд хэлж байна лээ…

-Миний охин үг дуу цөөтэй. Дотор байгаа зүйлээ тэр бүр бусадтай хуваалцаад байдаггүй юм.

 


URL: