“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө” гэгчийг боловсруулахад 1,4 тэрбум төгрөг зарлагджээ

Capture“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний үзэл баримтлал /концепц/”-ыг 1.4 тэрбум төгрөгөөр боловсруулжээ.

Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хотыг амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх “мөрөөдөл” 1.4 тэрбумын өртөгөөр цаасан дээр буусан гэсэн үг. Харин энэ нь амьдралд хэрэгжиж, хөрсөн дээр буух уу гэдэг эргэлзээтэй асуудал.

УЛААНБААТАР ХОТЫГ 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨХИЙН ТЕНДЕРТ “ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, СУДАЛГААНЫ ИНСТИТУТ” ОНӨҮГ ШАЛГАРЧЭЭ

НИТХ-ын 2017 оны арванхоёрдугаар сарын дөрөвний өдрийн тогтоолын нэгдүгээр хавсралтаар уг ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/”-ыг анх баталсан байна. Ингэхдээ нийслэлийн төсвийн хөрөнгөөр 450 сая төгрөгөөр хэрэгжүүлнэ хэмээжээ. Улмаар 2018 оны долоодугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах /уралдаан сонгон шалгаруулалт/-ын зөвлөхийн тендер зарласан байна. Тус тендерт Аркетайп монголиа, Хот төлөвлөлт, судалгааны институт, Сэнзо Констракшн, Түмэдгрупп, Мон-Энержи консалт, Артконстракшн зэрэг газрууд оролцжээ.

Улмаар Хот төлөвлөлт, судалгааны институт хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор шалгарсан болох нь Төрийн худалдах авах ажиллагааны цахим сүлжээнд байршжээ.

Товчхондоо, Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ОНӨҮГ болох Хот төлөвлөлт, судалгааны институт хариуцахаар болсон аж.


Хачирхалтай нь, 2019, 2020 онд уг концепцын төсөвт өртөгийг тус бүр 450 сая төгрөг хэмээн баталсан байгаа юм. Харин хамгийн сүүлд энэ дүн дахин 638 сая 600 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Энэ нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Амарсайхан уг баримт бичгийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэгчээр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨҮГ-ыг сонгон шалгаруулж, үүнийг нь одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар үргэлжлүүлэн “мөнгө угаасан” юм биш биз гэх хардлагыг төрүүлж буй юм.


“Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний  талаар “Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад тулгуурлан Тогтвортой, Компакт, Хүртээмжтэй, Хэмнэлттэй, Дасан зохицох, Идэвхтэй хот байх зорилтуудыг тодорхойлж, Улаанбаатар хотыг 2040 он гэхэд амьдралын таатай орчин бүрдсэн хот болгон хөгжүүлэх алсын харааг дэвшүүлсэн” хэмээж байсан юм.


2040 ОН ГЭХЭД ХУРДНЫ АВТО ЗАМ, ШИНЭ ТӨМӨР ЗАМ, АРГАЛАНТ-ЭМЭЭЛТ, АЭРОСИТИ, НАЛАЙХАД ЛОГИСТИКИЙН ТӨВҮҮДИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛНА

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний концепцод тусгаснаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл тогтвортой, цогц, хүртээмжтэй ухаалаг, хэмнэлттэй, дасан зохицох, идэвхтэй хөгжлийн үзэл баримтлалуудаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ урт, дунд, богино хугацаанд, үе шаттай хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн иргэд, оршин суугчид амьдрах таатай орчин бүрдсэн хот болгох хэмээн алсын хараагаа тодорхойлсон байна.


Түүнчлэн Улаанбаатар хот 2040 онд 532 мянган га талбай, 2.2 сая хүн амтай, оновчтой газар ашиглалт, зохион байгуулалттай, байгаль орчинд ээлтэй, тогтвортой зам тээврийн дэд бүтцээр холбогдсон үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй төрөлжин хөгжсөн, дагуул хот тосгод бүхий цогц хот болгон хөгжүүлнэ хэмээн тусгасан байна. Хурдны авто зам, шинэ төмөр зам, Аргалант-Эмээлт, Аэросити, Налайхад логистикийн төвүүдийг шинээр байгуулснаар ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гаргаж, төвлөрлийг сааруулж хэмээн тооцсон байна.

Инженерийн дэд бүтцийн хангамжийн 70 хувийг төвлөрсөн, 30 хувийг хэсэгчилсэн бие даасан шугам сүлжээнээс хангах аж. Хүн ам нь сайжруулсан сууц болон барилгажсан хэсэгт амьдрах бол гэр хорооллын үер усны эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа өрхүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж, орон сууцжуулах замаар газрыг чөлөөлж, ногоон бүс болгон хөгжүүлэх аж.

Хөгжлийн зургаан стартеги, стратегийн 22 зорилго, хэрэгжүүлэх 69 арга хэмжээг тусгажээ. Хөгжлийн зургаан стратегийг тодорхойлж байгаа бөгөөд үүнд Байгаль, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилтэй хот, Суурьшлын оновчтой тогтолцоо, орон зайн бүтэцтэй хот, Амьдралын орчин, тэгш хүртээмжтэй хот, Нөөцийг ариг гамтай, үр дүнтэй ашигласан, ухаалаг хот, Байгаль, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай хот, Даяарчлалын эрин үетэй хөл зэрэгцэн хөгжих идэвхтэй хот байх хэмээн тусгажээ. Ямартай ч цаасан дээр буусан энэ бүх “мөрөөдөл” нь амьдрал хэрэгжихгүй бол 1,4 тэрбум төгрөг салхинд хийсэн нь.

http://isee.mn/n/28413


URL: