Даргын үг хамгийн “том” ХУУЛЬ

C9G9VkfnEACq1GTveB7MЭнэ Монгол Улсад маань хууль бус даргын үг үйлчилдэг болжээ. Хэдхэн сарын өмнө нь Хотын захиргааг Яармаг руу нүүлгэж Хангарьд ордныг дуудлага худалдаанд оруулна гэж байсан.

Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын шүүхийн байгууллагууд нь хотын төвдөө, гоё ганган барилгуудад байдаг. Тиймээс Хангарьд ордныг шүүхийн барилга болго хэмээн ЛҮНДЭНДСЭН. Тэр ч ёсоор болгох нийслэлийн удирдлагууд ч шүүхийнхэн ч нүүдлийн ажилдаа бэлтгэж эхэлсэн.

Үүнийх нь араас УИХ-ын дарга хүртэл яаж дутах вэ гэсэн шиг яаралтай шийдвэр гаргахаар зэхэж байгаа аж.

Тодруулбал, мань дарга өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн баярын хүндэтгэлийн их чуулганд оролцож, үг хэлсэн.

Г.Занданшатар дарга “Инновац, цахим хөгжлийн чөлөөт бүс байгуулж, тус бүсэд өндөр технологийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль байгуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ зорилгоор Буянт-Ухааг Оюут-Ухаа болгох боломжтой гэж үзэж байгаа юм. Оюут-Ухаагаа Монголын Цахиурын хөндий болгох ажилд ШУА, эрдэмтэн судлаачид манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.” гэж авч байна шүү.

Уг нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны Засгийн газрын 455 тоот тогтоолын дагуу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд өгч олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдана гэсэн байдаг.

Харамсалтай нь энэ тогтоолоос болоод өдгөө ИНЕГ-ын харьяанд ч юм шиг тэгсэн хэрнээ “Чингис хаан” ОУНБ-ынх ч юм шиг болчхоод хэрүүлийн алим шидэлцэж байгаа.

Гэтэл дарин дээр давс гэгчээр Г.Занданшатар дарга хүртэл өнөөх Буянт-Ухааг Цахиурын хөндөө болгоно гэж том дуугарсан тул түүний “таашаалаар” болох бололтой.

Товчхондоо, Монгол Улс аливаа асуудлын холбогдох дүрэм, журам, байтугай ХУУЛЬ байгаад ч нэмэргүй. Учир нь миний Монголд хамгийн том хууль нь ДАРГЫН ХЭЛСЭН ҮГ болж таараад байна.

https://erennews.mn/article/51252


URL: