Баримт: Эрх баригч МАН төсвийн 320 сая төгрөгөөр нэг өдөр “шоуджээ”

HE7ohmDvW9mYx5mHjgJBЭрх баригч Монгол ардын нам (МАН) Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан дайллагыг өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Шангри-ла зочид буудлын Хүндэтгэлийн танхимд нүсэр тэмдэглэжээ. Ингэхдээ төсвийн 320 сая төгрөгийг зарлагадсан байна. Уг мөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газрын тогтоолоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг баталж өгчээ.

Дээрх 320 сая төгрөгийг юунд зарцуулсан мэдээллийг одоо хүргэе.

Шангри-ла зочид буудлын түрээсэнд 73 003 051 төгрөг төлжээ

Аравдугаар сарын 25-ны өдөр болох дайллагад зориулж Шангри-ла зочид буудлын Хүндэтгэлийн танхимыг хоёр өдөр бэлдсэн бөгөөд түүний зардал нэг өдрийн 17.4 сая төгрөг байжээ. Мөн дайллага болох 25-ны өдөр 152 хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд эдгээр гурван өдрийн нийт зардалд 73 сая төгрөгийг Шангри-ла зочид буудалд төлсөн байна.

Тайз засалтын төлбөр 88 451 000 төгрөгийг “Саунд ов Монголиа”-д төлжээ

Уг дайллагын үеэр урлагийн тоглолт болсон ба тоглолт болох тайз, тоног төхөөрөмжийг “Саунд ов Монголиа” ХХК гэрээ байгуулан хариуцсан. Уг үйлчилгээний төлбөр 88.4 сая төгрөг болжээ.

Урлагийн тоглолтын 111 050 000 төгрөгийг “Төгөлдөр урлаг” ТББ-д төлжээ

Харин дайллагын үеэрх тоглолтыг “Төгөлдөр урлаг” ТББ хариуцан зохион байгуулсан байна. Ингэхдээ хоёр хөтлөгч бүхий, үндэсний урлаг, сонгодог урлаг, найман орны уран бүтээлийн дээжис, жааз, рок, поп урлагийн төлөөлүүдээс бүрдсэн бүрэн хэмжээний тоглолтыг 111 сая төгрөгөөр тогложээ.

Харин дараах баримтуудаас тухайн тоглолтын хөтөлбөрийг та бүхэн харж байна.

Ингээд аравдугаар сарын 25-ны өдөр болсон дайллага цайллагын дээрх гурван баримт дахь нийлбэр дүн 272 сая 504 мянга 051 төгрөг болж байна. Засгийн газраас уг үйл ажиллагаанд зориулан 320 сая төгрөг баталж өгснийг онцолъё.

Манай улс халдварын улбар шар түвшинд бий. Халдвар хамгааллын дэглэм, журам сахих байдал нэгэнт “ул болсон” ч гэлээ гамшгийн энэ зэрэгт дээрх дайллага цайллага уг нь зөршөөрөгддөггүй. Гэхдээ дээрх дайллагыг зохион байгуулахад төрийн бүхий л байгууллагууд уялдаа холбоотой ажиллах үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгчээ.

Улс орны эдийн засаг хүндэрсэн, хөргөгч нь хоосорсон айл өрхийн тоо нэмэгдсэн энэ үед эрх баригч намынхан төсвийн мөнгөөр нүсэр хэмжээний дайллага цайллага зохион байгуулж, дуулж бүжиглэж яваа уг үйлдэлд дүгнэлт хийх нь уншигч таны эрхийн асуудал билээ.

 

Эх сурвалж: Цахиур.мн


URL:

Tags: