“Цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж, гэрээт ажилтан болгохыг эсэргүүцэж байна”


"Цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж, гэрээт ажилтан болгохыг эсэргүүцэж байна"

2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг үйлчилгээний зэрэглэлийн ажилчдыг орон нутагт шилжүүлэх болсонтой холбогдуулан Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооноос мэдээлэл хийлээ.

Тэд  Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хандан гаргах шийдвэрээ нээлттэй хэлэлцүүлж, тодорхой тайлбарлаж энэ шийдвэрийг ямар хуулийн хүрээнд ямар зорилготой гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг шаардлаа.

МҮЭХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат
-Өмнө нь буюу хэдэн жилийн өмнөөс мэдэгдэж биш, ийнхүү гэнэт өөрчлөлт оруулж байна. Энэхүү шийдвэр хэрхэн гарсан талаарх тодорхой нарийн мэдээлэл байхгүй байгаа нь ажилтнууд болон тэдний ар гэрт бухимдал үүсгээд байна.

Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг:
- Бид өмнө нь энэ талаар анх сонсоод магадгүй ам дамжсан яриа байх гэсэн байдлаар хүлээж авч байсан. Гэтэл 11-р сарын 24-нд төсвийн хуваарилалттай танилцсан ба орон нутагт үйлчилгээний ажилтнуудыг шилжүүлэх зардал гээд тодорхой хувь тавьсан байсныг хараад энэ нь үнэн болох, 2022 он гараад хэрэгжих нь тодорхой юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс БШУЯ-наас тодорхой хариулт өгөхийг шаардаж хүсэлт хүргүүлсэн ч одоогоор ямар ч хариу ирүүлээгүй байна.

Ажилтнуудыг гэрээт болгосноор ажлын байрны баталгаа алдагдаж, нийгмийн хамгаалал байхгүй болох юм. Тэдний үндсэн цалин 470-570 мянган төгрөг ба үүнд дийлэнхдээ 50-аас дээш насныхан байдаг. Нийслэлийн 266 цэцэрлэгийн 3900 ажилтан хамрагдахаар байна. Хөдөлмөрийн тухай шинэ хуулийн дагуу энэ нь хэрэгжих ба нийгмийн түншлэлийг хангаж ажиллана гэж заасныгаа ийнхүү үгүйсгэж байгаад харамсаж байна. Бид ЗГ болон холбогдох байгууллагад шаардлага хүргүүлж ҮЭ-ийн холбоотой зөвшилцөх, нийгмийн гурван талт хэлэлцээрийн үндсэн дээр шийдвэрлэхийг шаардаж байна.

МБШУА-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл:
- Тогооч, эмч, манаач, үйлчлэгч нарыг гээд төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх юм бол цэцэрлэгийн чанар үйлчилгээ муудахаас гадна ажилтнуудын цалин, зээл, цаашлаад амьжиргааны асуудал хөндөгдөнө. Төрийн албаны ачааллыг буруулах нэрийдлээр чимээгүйхэн ажлаа хийж байгаа эдгээр хүмүүсийн ажлын байрыг үгүй хийж болохгүй. Итгэл зүтгэлээрээ найдаж 20-30 жил ажилласан хүмүүсийг ийнхүү хохироож байгаа нь бидний хүүхдүүдтэй ажиллах сэтгэлийг нь үгүй хийж байна гэсэн үг.

Хувийн компанид шилжүүлсэн тэдгээр хүмүүсийг нэгтгэн эрхлэгч хэрхэн удирдах нь тодорхойгүй. Бид шинэчлэлтийг үгүйсгэхгүй ч энэ ажлыг ямар ч тооцоо судалгаагүй эхлүүлэх гэж байна. Тиймээс төрийн албаны өөрчлөлт шинэчлэл хийх, төсөв хэмнэх нэрийдлээр ингэж болохгүй. Орлогч дарга, том дарга нарын суудлаас эхлэх хэрэгтэй. Наанадаж эцэг эхчүүдийн ч саналыг авах ёстой. Тиймээс МҮЭХ Сангийн яам, Засгийн газартай хэлэлцэхийг шаардаж байна.


URL: