За яахав. Жавар та номхорно доо

Жавар авхайн омог яасан их вэ. Талын Монголын идэр дөрвөн есийн хүйтэн нэг ийм л байдагдаа. Бие байтугай дуу хоолой ч царцмаар тийм их хүйтэнд зохицож хэдэн зуун жилээр аж төрөн амьдарч ирсэн бид заримдаа үнэхээр аугаа их тэвчээртэй хүмүүс гэж бодогддог л юм. Манайд жилийн дөрвөн улирал жинхэнэ ёсоороо солигдоно. Улирал бүхэн өөрийн гэсэн өнгө араншинтай.

Хүмүүний аяг ч түүнийг даган өөрчлөгдөх, Дэлхийн талыг эзэлсэн эзэн Чингис яагаад энэ их хатуу ширүүн уур амьсгалтай төв Азийн өндөрлөгийг орхиж тэгш дулаан оронд иргэдээ суурьшуулаагүй нь бас л алсын хараатай байсных болов уугэж бодогдоно. Аль нэг уулын өвөрт өвөлжөөндөө буусан хот айлын дүр зураг.

Цан хүүрэг савсаж, цас мөсөөр хучигдсан тал цав цагаан. Улирлын өнгийг дагаж малчин эзний сэтгэл хүртэл цагаан байх нь сэтгэлд дулаан. Хүүхдүүдийн хийсэн Цасан хүн, тэдний гараар бутраад тогоонд орох мөсний хайлах үйл явц бас л содон. Адуучин эрийн уур савсуулан давхих бараа өөр хаана ч, магадгүй дахин ул давтагдах орчлонгийн нэгээхэн үзэгдэл юмс болов уу. Өвөл цаг бидэнд маш их боломж олгодог бололтой. Халуун, хүйтнийг ажрахгүй өсөх тэвчээр, хар мөртэй төрөл бүрийн нянгаас хол байх нөхцөл, хаа хол явахгүйгээр эх орноосоо энэ дэлхийн эгнэшгүй баялаг өөрчлөлтийг мэдрэх ахуй гээд л.

Тиймийн учир л Монгол хүний сэтгэл эртнээсээ энэ дэлхий шигээ уужим тэнүүн, ухаан нь бодлоосоо урт байсан хэрэг. Байгалиас үүссэн хүн байгалиас холдохоороо л хүн чанараа алддаг болох нь магадгүй бидний амьдран буй энэ их хотын өдрийн хэмнэлээс үзэгдээд, нотлогдоод байгаа юм уудаа. Өвөл өвлөөрөө, зун зунаараа л байх ёстой. Яг түүний адил хүн байгаль хоёр хэзээд тасрахгүй хүйн холбоотой. Тэр холбоо тасарвал…

Дөнөн үхрийн эврийг тас хөлдөөж орхидог тийм их омголон жавартай тэсгим өвлийн өдрүүд яг одоо үргэлжилж байна. Идэр дөрвөн ес ингэсгээд удахгүй, ирэх пүрэв гаригт дуусна. Монголчуудын ухаанаас ургасан хүйтний есөн есийн тоолол удахгүй тав дахь үедээ шилжиж байгаль эх аашаа зөөллөх нь гарцаагүй юм. Гадагш хамрын үзүүрээ цухуйлгалаа. Давлиун их жавар тас няс хийлгэж учир зүггүй уурлах нь юу вэ. За яахав. Удахгүй хавар болж жавар та номхорно доо.

Ө.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих