Өмнөговь аймгийн малчид эсэргүүцлээ илэрхийллээ

SmartSelect_20220124-135533_Chrome

Өмнөговь аймгийн малчид Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байна хэмээн мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймагт гуравдагч “Цагаандэл уул-Өлзий” боомтыг байгуулахыг нутгийн малчид эсэргүүцэж, удаа дараа шат шатны байгууллагад хандсан ч дорвитой хариу өгөөгүй байна. Тиймээс Хүрмэн, Номгон, Баяндалай  сумын малчид, мэргэжлийн экологчдын төлөөлөл 600 гаруй км зам туулж Улаанбаатар хотноо ирэн өнөөдөр хэвлэлээр дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж байна гэлээ.

“Өмнөговь нь Монгол Улсад татвар төлдөг цөөн аймгуудын нэг. Хилийн хоёр боомтоор Монголын баялгийг хангалттай зөөж байна. Хилийн хоёр боомт орчмын хөрс, агаар дээд хэмжээндээ хүртэл бохирдсон. Монгол хүний эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж амьдрах эрх зөрчигдөж байна” гэв.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн н.Насанжаргал:

“Цагаандэл уул-Өлзий боомтыг 10 гаруй жилийн өмнөөс эсэргүүцэж, дуу хоолойгоо хүргэх гэж олон мянган хүний гарын үсэг цуглуулж, хурал зөвлөгөөн хийн, нийтийг хамарсан санал асуулга явуулсан боловч үүнийг маань үл тоон иргэдийг сонсохгүй, уламжлалаа алдаж, мөнгөнд шунаж, байгаль сүйтгэж, боомт нээх эцсийн шийдвэрт хүрч байна. Үүнийг бид эсэргүүцэж байна. Олон улсын байгууллагуудад ч хандана. Сүүлийн үед бидний төлөө хамтдаа тэмцэж байсан аймаг, сум орон нутгийн удирдлагуудыг шахаж, ажил албатай чинь ярина гэж хүчээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн гарын үсэгтэй бичиг ирсэн.

Монголын 33 говиос Галбын говь, Хөхөлцгийн говь үндсэндээ газрын хөрснөөс арчигдаж дууслаа.

Орон нутгийг минь хүчээр биднээс булааж авах нь. Монгол Улсын Үндсэн хуульд байдаг газар нутаг төрийн хамгаалалтад, ард түмний мэдэлд байна гэсэн заалт хэрэгжихгүй байна.  Олон конвенц заалт байдаг ч огт хэрэгждэггүй.

Хүрмэн суманд 10 мянга гаруй тэмээ, 80 мянган гаруй өрх бий. Таван уурхай удахгүй ашиглалтад орно. Хүрмэнгийн нутаг бүрэн уурхайн мэдэлд орно.

Усны хоёр том нөөц ашиглагдсанаар газрын доорх ус үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн ургамал, буут сөөг, эмийн ургамал үгүй болно.

Өмнөговь аймагт гашуун жишээ байна. Шивээ хүрэн, Цагаан хаданд экологийн дайн болж, хүний амь нас сүйдэж байна. Орчныг нь тохижуулж чадаагүй. 10-аад алхам яваад Хятадад сайхан тохижуулсан байна. Гэтэл манай руу ороход тоос тортогт ханиаж найтааж байна. Монголын 33 говиос Галбын говь, Хөхөлцгийн говь үндсэндээ газрын хөрснөөс арчигдаж дууслаа.” гэв.


URL: