Том бодлогод багтаагүй ЧУХАЛ асуудлууд

10x0

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжүүлэлтийг БОГИНО, ДУНД, УРТ ХУГАЦААНД тооцож, төлөвлөж, уялдааг нь хангахад төрийн бодлого чиглэх ёстой. Гэтэл манай тухайд 2021-2024 онд эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрөө түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж томоор дүгнэчихээд, 2022 он гарснаас хойш улс төрийн бүх түвшинд Шинэ сэргэлтийн бодлого гэх кампаничилсан арга хэмжээнд “дайчлагдсан” дүр зураг харагдаж буйг эхэнд тодотгоё.

Өнгөрсөн 2021 онд  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд голлон анхаарсан Засгийн газар энэ онд “Шинэ сэргэлтийн бодлого”-д  төвлөрч байна. 10 их наядын төлөвлөгөөг анх сүр бараатай зарлахдаа, 2021-2024 онд хэрэгжих, дунд хугацааны хөтөлбөр хэмээн тодотгож байсан билээ.

Тэгвэл бүрэн дүүрэн хэрэгжих хугацаа нь хоёр жилийн дараа дуусгавар болох учиртай 10 их наядын цогц төлөвлөгөөгөө өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, улс орны эдийн засгийг сэргээх ТҮҮХЭН  үүрэг гүйцэтгэж, хэрэгжилт нь 89 хувьд хүрсэн гэсэн дүгнэлтийг эрх баригчид хийсэн.

Цаашлаад 10 их наядын цогц төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас шаардлагатай бүх нөөц бололцоог дайчлан ажиллана гэсэн мэдээллийг Сангийн яамнаас өгсөн ч, өнөөдрийн тухайд улс төр, эдийн засгийн үндсэн цөм сэдвээр Шинэ сэргэлтийн бодлогоо тодорхойлох сонирхол эрх баригчдад их байгаа нь тодорхой харагдаж буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх Шинэ сэргэлтийн бодлогын талаарх албан ёсны байр сууриа  өнгөрсөн оны есдүгээр сард илэрхийлж байсан бол бодлогын хүрээнд тусган, хэрэгжүүлэх зургаан багц асуудлыг дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дугаар Их хурлын индэр дээрээс 2021 оны 12 дугаар сард  албан ёсоор танилцуулсан билээ. МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ:

“Эдгээр хөгжлийг хязгаарлагч  хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэж чадахгүйгээр ямар ч сайхан зорилт дэвшүүлсэн цаасан дээр  царцаж үлдэх эрсдэлтэй юм. Тиймээс эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх, шинэ зуунаа эхлүүлэх зорилго ч, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого ч  энэхүү зургаан асуудалтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдлагатай” гэсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдсан гэх Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь эдийн засагт бодитоор тулгарч буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд чиглэсэн байна уу, үгүй юу гэдэг дээр судлаачид хөндлөнгийн дүгнэлтүүдийг хэдийнэ хийгээд эхэлчихсэн байна.

Тухайлбал, судлаач А.Батпүрэв Шинэ сэргэлтийн бодлогод хөндлөнгийн тойм дүгнэлт хийхдээ, Oлон улсын практиктай харьцуулан санал, дүгнэлтээ гаргажээ.

Судлаачийн дүгнэлтээс  хүргэхээс өмнө “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГO”-ЫН үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 багц төсөл юу болохыг тодотгон хүргэх нь зөв юм.

  • Төмөр замаар холбох төслүүд /Гашуунсухайт-Ганцмод, Тавантолгой-Цогтцэций/
  • Төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах төслүүд /Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр зам, Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын төв коридорыг хос замтай болгох төсөл/
  • Шинэ төмөр замын сүлжээг байгуулах төслүүд  /Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн/
  • Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүд /Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт/
  • “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, олон улсын агаарын ачаа тээврийн транзит төв болгох, орон нутгийн онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд
  • Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулах төсөл /Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Эрээнцав, Арцсуурь, Алтанбулаг, Замын-Үүд/
  • Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд /Дулааны III цахилгаан станц, Дулааны II цахилгаан станц, Чойбалсангийн дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын дулаан хангамжийн тархмал эх үүсвэр болох Амгалангийн дулааны станц, Дулааны IV цахилгаан станцын зуух болон хийн эх үүсвэрүүд/
  • Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих төслүүд /Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Багануурын дулааны цахилгаан станц/
  • Эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүд /Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгойн дулааны цахилгаан станц-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар/
  •  Байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид суурилсан эрчим хүчний төслүүд /Цөмийн, ногоон-устөрөгчийн, байгалийн хийн болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд/
  • Газрын тос боловсруулах төслүүд /Газрын тосны нөөц хайгуулын төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, дагалдах барилга байгууламжийн төсөл/
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд /Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн төсөл, ил уурхайн олборлолтын шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, далд уурхайн төсөл/
  • Эрдэнэт, Оюутолгой болон бусад зэсийн ордыг иж бүрнээр нь ашиглаж, зэс боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүд /Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төсөл, исэлдсэн хүдрээс катодын зэс үйлдвэрлэх төсөл/
  • Аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолборуудыг барих төслүүд /Гангийн үйлдвэр байгуулах төсөл, уул уурхай-металлурги-химийн үйлдвэрлэлийн төсөл, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл/
  • Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүд /Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөл/
  •  Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслүүд /Хотын нийтийн тээврийг шинэчлэх болон тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл, Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” барих төсөл/
  • Төвлөрлийг сааруулах, шинэ суурьшлын бүс, хот байгуулах дэд бүтэц болон барилга байгууламжийн төслүүд /Хөшигийн хөндийд эдийн засгийн бүс байгуулах, Залуус хороолол, боомт болон орон нутагт суурьшлын бүс хөгжүүлэх төслүүд/
  • Байгальд ээлтэй дэвшилтэт технологид суурилан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүд /“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж байгуулах төсөл/
  • Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүд /‘‘Хөх морь’’ төсөл/
  • Иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад ээлтэй төрийн оновчтой бүтцийг тодорхойлох, төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүд

Засгийн газраас танилцуулж, УИХ-аар бодлого батлах тухай тогтоолыг нь батлуулсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх, дээр дурдсан  Хөгжлийн гэх тодотголтой төслүүдэд шаардагдах санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгон, хэрэгжүүлэхээр улс төрийн түвшинд хэдийнэ тодорхойлоод байна.

Тэгвэл судлаач А.Батпүрэв Монгол Улсын хувьд богино, дунд хугацаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлуудыг дотоодын болон олон улсын судлаачид, судалгааны байгууллагуудын тодорхойлсноор мөн ковид цар тахлын дараах “Шинэ сэргэлтийн бодлого”-д ямар асуудлуудыг дэвшүүлж тэдгээрт чиглэсэн ямар бодлого дэвшүүлснийг дараах хүснэгтэд тоймлон харьцуулсан байна.

Тодруулбал, Шинэ сэргэлтийн бодлогын төсөлд эдийн засгийн асуудлуудыг хэрхэн хамруулсныг дараах хүснэгтээр тодорхой харуулжээ.

Дээрх хүснэгтэд Монголын эдийн засагт богино болон дунд хугацаанд тулгарч буй 32 асуудлыг жагсаан, зургаан бүлэгт ангилснаас “Шинэ сэргэлтийн бодлого”-д 10 асуудал буюу 32 хувийг нь авч үзэж шийдвэрлэх хүрээнд асуудал дэвшүүлжээ.

Мөн дөрвөн асуудлыг бусад асуудалтай холбоотойгоор ямар нэг байдлаар хөндсөн гэж үзэж болохоор байгаа бөгөөд үлдсэн 18 асуудал буюу 56 хувь нь огт хөндөгдөөгүй байна гэж судлаач үзэж буй юм.

Тухайлбал, гадаад өрийг бууруулах, төсвийн зардлыг бууруулж хөрөнгө оруулалтын удирдлагыг чанаржуулах, хуримтлал үүсгэх замаар төсвийн бодлогын чадавхыг бэхжүүлэх, Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлж төсвийн шинжтэй хөтөлбөрүүдээс гарган санхүүгийн системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх асуудлыг төсөлд оруулаагүй байна.

Түүнчлэн инфляц, гадаад валютын ханшийн өсөлтийн эсрэг мөнгөний бодлогын чадавх бүрдүүлэх, нийлүүлэлтийн гинжин хэлхээг богино хугацаанд сэргээж бизнес секторыг дэмжих, ажиллах хүчний шилжилтийг бүтцийн өөрчлөлттэй уялдуулан зохион байгуулах гэх мэт асуудлуудыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төсөлд онилоогүй байна гэж үзжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилт болон хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тулгамдсан асуудалд үндэслэн тодорхойлсон 37 сорилтын 22 буюу 59 хувийг ямар нэг байдлаар шийдвэрлэх агуулгатай байна. Харин дор дурдсан 15 зорилт орхигджээ. Тодруулбал:

•        Уул уурхайн салбараас хамаарах эдийн засгийн савлагааг бууруулах;

•        Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, диверсификацлах;

•        Жижиг дунд бизнесийг хамгаалах, сэргэлтийг дэмжих;

•        Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ялгаварлалыг бууруулах;

•        Нийгмийн халамжийг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

•        Ядуурлыг бууруулах;

•        Тэгш бус байдлыг бууруулах, дундаж давхаргыг хамгаалах;

•        Төсвийн бодлогыг тогтворжуулах, алдагдлыг бууруулах;

•        Төсвийн тэлэлтийг сааруулж өрийг бууруулах;

•        Улсын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх;

•        Тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэл хийх;

•        Улсын секторын өрийн эрсдэлийг бууруулах, гадаад төлбөрийг дахин санхүүжүүлэх;

•        Мөнгөний бодлогын чадавх бүрдүүлэх;

•        Монголбанкны тэнцлийг аливаа төсвийн шинжтэй хөтөлбөрт оролцуулахгүй байх, бодлогын бие даасан байдлыг хангах

Эдгээрээс ядуурлыг бууруулах зорилт нь эдийн засгийн ерөнхий өсөлтийн хүрээнд зарим нэг байдлаар хэрэгжиж болох ч тэгш бус байдлыг бууруулах, дундаж давхаргыг бэхжүүлэх гэх мэт нэн ялангуяа цар тахлын үед хурцаар тавигдаж буй асуудлыг тусгайлан авч үзэж бодлого, зорилт дэвшүүлээгүй байна.

Нэн ялангуяа богино хугацааны эрсдэлийг удирдах нь энэ төрлийн бодлогын хамгийн эхний зорилтууд байх учиртай боловч “Шинэ сэргэлтийн бодлого” богино хугацааны бүтцийн болон гэнэтийн шокийн асуудлуудаа орхиж урт хугацаанд биелүүлж үр дүн нь гарах том төслүүд рүү түлхүү анхаарсан байна.

Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д Монгол Улсад тулгарч буй асуудлыг шийдэх бус улам даамжруулах зөрчилдөөнтэй зарим бодлого ч багтсан байгаа нь анзаарагдав. Тухайлбал, уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах сорилт тулгарч байгаа бөгөөд бодлогын танилцуулгад энэ талаар дурдсан ч малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, шахмал модон эдлэлийн үйлдвэр барих гэх мэт цөөн төслийг эс тооцвол хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дийлэнх “хөгжлийн” гэх төслүүд нь олборлох салбартай шууд хамааралтай байв.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөгжлийн төслүүд хэмээн 20 багц төсөл төлөвлөсний 18 нь хатуу дэд бүтэц, үйлдвэрлэлийн цогцолбор хөгжүүлэх төсөл байна. Үүнээс тав нь олборлох салбарын тав нь зам тээвэр, хилийн боомтын хүчин чадлыг өргөжүүлэх (ихэвчлэн олборлох бүтээгдэхүүний экспортыг дэмжих), дөрөв нь эрчим хүчний салбарт хэрэгжихээр байна.

Мөн Монголбанкийг аливаа төсвийн шинжтэй хөтөлбөрт оролцуулахгүй, бодлогын бие даасан байдлыг хангах нь тулгамдсан асуудал боловч үүний эсрэгээр тус банкнаас Хөгжлийн банканд санхүүжилтийн эх үүсвэр олгох; шатахууны нөөц бүрдүүлэх зорилгоор санхүүжилтийн эх үүсвэрийг банканд олгох; ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх гэх мэт заалтууд бодлогын хүрээнд дагалдан гарах хуулийн төсөлд суужээ.

Судлаач дүгнэлтдээ,  “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулж хэлэлцүүлсэн явц, цаг хугацааны дарааллаас үзвэл уг баримт бичгийг эрх барьж буй Монгол Ардын Намын зүгээс боловсруулж, 2021 оны 12 дугаар сарын 6 – 8 -ны өдрүүдэд болсон МАН-ын ээлжит Их хурлаар хэлэлцсэн. Үүний дараа уг баримт бичгийн төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, улмаар 12 дугаар сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлжээ. Өргөн барьсан бодлогын баримт бичгийг ердөө гурав хоногийн дотор хэлэлцэн баталсан нь УИХ-ын гишүүд уг бодлогын баримт бичигтэй нухацтай танилцсан, олон талаас нь хэлэлцсэн гэж үзэх аргагүй байна гэжээ.

Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан бүхий л баримт бичгийг нэгэнт боловсруулж УИХ-аас батлан гаргасан нөхцөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг чухам ямар хуульд үндэслэн, ямар үндэслэл шаардлагаар боловсруулсан нь ойлгомжгүй байна. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” хөгжлийн бодлого, 2021 оны тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”- ыг харьцуулж үзвэл үндсэндээ эдгээр бодлогод тусгагдсан зорилтуудын 90-95 хувь нь давхардаж байна. Нэг жилийн өмнө хэлэлцэн баталж, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд нэгэнт тусгагдсан зорилтуудыг дахин шинэ бодлого байдлаар найруулан боловсруулж, хэлэлцэн батлах нь ач холбогдол багатай болохыг ч тодотгожээ.

Бодлого хэрэгжих боломжийн талаар дүгнэлтдээ, Шинэ сэргэлтийн бодлогын төслийн танилцуулгад дурдсанаас үзвэл энэхүү бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд, цаашид төсөл хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 110-120 их наяд орчим төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж тусгажээ.

Монгол Улсын төсвийн нийт орлого жилдээ 15-16 их наяд төгрөг, үүний дотор нэг жилийн хөрөнгө оруулалтын төсөв 3-4 их наяд төгрөг орчимд л байдаг. Мөн Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 33 тэрбум ам.долларт, Засгийн газрын нийт өрийн хэмжээ 27 их наяд төгрөгт хүрээд буй макро эдийн засгийн өнөөгийн ийм орчин нөхцөлд хэчнээн чухал зорилт дэвшүүлсэн ч түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр босгох, бүрдүүлэх боломж, магадлал тун бага байна.

Хөрөнгө санхүүгийн хувьд ийм эрсдэлтэй, хүндрэлтэй нөхцөлд шинээр хэрэгжүүлэх төслүүдэд шаардлагатай томоохон дүн бүхий хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх боломж гарахгүй, бий болохгүй байх эрсдэл өндөр, харин гадаад өрийн дарамт цаашид улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байна.

Иймээс “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд тусгагдсан нийт зорилтыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шаардагдах тооцооллыг дахин нарийвчлан сайтар тооцоолж үзэх, нөгөө талаар гадаад өрийн дарамт, хөрөнгө санхүүгийн өнөөгийн байдалд нийцүүлэн дээрх баримт бичгүүдэд тусгагдсан олон тооны төсөл, хөтөлбөрийг ач холбогдлоор нь дараалалд оруулах, цаг хугацааны хувьд аль хэсгийг нь хойшлуулах боломжтойг дахин тооцож боловсруулах шаардлагатай талаар ч дурджээ.

Тэгэхээр судлаачийн харьцуулан дүгнэж, гаргаж тавьсан мэдээллүүдэд тулгуурлан авч  үзэхэд, эдийн засгийг сууриар нь тэлэх урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт зайлшгүй чухал боловч, бодлогод тусгасан хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бодит үндэс суурь нь эдийн засгийн богино болон дунд хугацааны нөхцөл байдал, төлөвөөс шууд хамааралтай юм.

https://news.zindaa.mn/42pf


URL: