Ц.Анандбазарыг хамгаалж, халаасанд нь “багтагсад”

Capture1Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Хөгжлийн банк болон хүчингийн хэргийн дуулианыг цувралаар хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Ц.Анандбазарын ард хэн байдаг, хэн түүнийг хамгаалдаг вэ гэдгийг хайлаа. 


       Хөгжлийн банкнаас хувийн компаниараа их хэмжээний зээл авсан, хүчингийн хэрэгт нэр холбогдсон гээд дурдвал дундрахгүй олон хар түүхтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай яагаад хэн ч хариуцлага ярихгүй байна вэ. Хэн түүнийг хаацайлаад, хууль хяналтынхнаас хүртэл хамгаалаад байна вэ. Энэ асуултуудад хариулт хайж үзтэл, Ц.Анандбазар одоо байгаа болон байсан хоёр УИХ-ын даргын “хамгаалалтад” байдаг ажээ. Хамгаалалтад нь байхын тулд халаасаар нь “баздаг” юм байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН ДҮҮ Ц.ДЭЛГЭРМААТАЙ ДУНДАА НЭГ КОМПАНИ ЭЗЭМШДЭГ

         УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн гэх хүчингийн хэргүүдийн дуулиан дэгдэж байсан цаг саяхан. Хохирогчдынх нь тоо хоёр, гурваар биш бүр мянгаар яригдаж байв. Ээжтэй, эгчтэй, эхнэртэй, эмэгтэй хүүхэдтэй хүн бүр түүнийг огцрохыг шаардсан. Харамсалтай нь, хэн ч юм түүнд хир халдаахгүй хамгаалсаар, эцэстээ хохирогчид нь явц дундаасаа буцаж, хүчингийн хэргийнх нь энэ дуулиан тэгсхийгээд мартагдаж, мань эрийн чих шуугихаа больсон. Харин хүчингийн хэрэгт хүртэл нэр холбогдчихоод байхад нь хэн түүнийг хамгаалж, халуун суудалд нь үлдээв гэдэг нэхэл хатуутай асуулт мартагдалгүй үлдсэн.
Тэгвэл нэг сонирхолтой баримт байна. Чимэдрэгзэнгийн Цогт-Очир, Зундуйн Бямбаа гэх хоёр эмч гэр бүл болж, Ц.Анандбазар, Ц.Дэлгэрмаа, Ц.Нямсүрэн, Ц.Пүрэврэнчин гэх хоёр хүү, хоёр охинтой болсон. Өдгөө энэ гэр бүлийн бүх гишүүд “Сод Монгол групп”-ийн охин болон хамтарсан компаниудыг толгойлдог, ялангуяа Ц.Нямсүрэн, Ц.Пүрэврэнчин хоёр нь.
Харин Ц.Дэлгэрмаа нь Ц.Анандбазарын эхнэр Н.Бямбажавтай “Сод Солонго” гэх ганц компани эзэмшиж иржээ. Гэр бүлийнх нь бүх гишүүд “Сод Монгол групп”-ээс эх авсан өдий төдий олон компанитай байхад Ц.Дэлгэрмаа яагаад ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй ганц компани эзэмшдэг хэрэг вэ, яаж ч бодсон шударга биш. Гээд судалж үзвэл, Ц.Дэлгэрмаа чухал үүрэгтэй нэгэн ажээ. Тодруулбал, таван Засгийн газар дамжин, Эрчим хүч, Дэд бүтцийн сайдаар ажилласан Б.Жигжидтэй худ ураг аж. Хамгийн гол нь, Ц.Дэлгэрмаа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нартай хамт “Монголиан силикон валли” ХХК-ийг эзэмшдэг ажээ.

Илүү сонирхолтой нь, УИХ-ын дарга Г.Занданшатар тус компанийг 2015 онд байгуулагдсан цагаас нь л  жил алгасахгүй ХОМ-тээ дурдаж ирсэн байна. УИХ-ын дарга нь УИХ-ын гишүүнийхээ дүүтэй нэг компани эзэмшдэг, түүндээ барьцаалагдаад хүчингийн хэрэг хийсэн байсан ч хамгаалаад үлдэх нь хэр нийцэлтэй вэ.

        УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хоёрын хоршил аль эртнийх. 2012 онд Ц.Анандбазар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж шав тавихад Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар гүйж очиж, тууз хайчилж байсан нь магад эхлэл нь биз. Энэ хоёрын хоршил эхлэхэд Н.Энхбаярын оролцоо ч чамгүй байсан гэдэг. Гол нь  2012 оны сонгуулийн үеэс УИХ-д нэр дэвшиж, саарал ордонд залрах арга сүвэгчилж ирсэн Ц.Анандбазарт УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь олж өгсөн гэж байлаа. Хариуд нь Ц.Анандбазар Дархан цаазат Богдхан уулын Бага тэнгэрийн аманд барьсан 160 айлын хауснаасаа нэгийг нь өгсөн гэж шуугьсан. Тэгвэл хаус өгч авалцах нь багадаад, Г.Занданшатар, Ц.Анандбазар хоёр Ц.Дэлгэрмаагаар дамжуулан дундаа нэг компани эзэмшдэг болжээ.
Сонирхуулахад, Г.Занданшатар, Ц.Дэлгэрмаа, Ц.Цэрэнпунцаг гурвын эзэмшдэг “Монголианг силикон валли” ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркад байрладаг ажээ. Тэгвэл Мэдээлэл технологийн үндэсний паркийн нэг, хоёрдугаар давхрын 33 өрөөг “Сод Монгол групп” түрээслэхээр 2012 онд Төрийн өмчийн хороотой гэрээлсэн байдаг. Өдгөө тэнд “Сод Монгол групп”-ийн эзэмшлийн “Өргөө-2” кино театр үйл ажиллагаа явуулдаг.

УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДЫН ТӨРСӨН ДҮҮ З.ХИШИГТОГТОХ НЬ Ц.АНАНДБАЗАРЫН “СОД МОНГОЛ ГАЗ” ХХК-ИЙН ГОЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

       УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ер нь УИХ-ын дарга нартай дундаа компани эзэмших арга барилтай бололтой. Ингэх нь түүний бизнест давуу тал  авчирдаг ч биз. Тодруулбал, Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатарыг өөртөө ойр байлгаж буй аргаа анх УИХ-ын дарга асан З.Энхболдын үеэс ашиглаж эхэлжээ. Гэхдээ өөрийнхөө дүүг биш харин З.Энхболдын дүүг ашиглаж ирсэн байна. Баримт үзүүлбэл, Г.Занданшатарын өмнө буюу 2012-2016 онд УИХ-ын даргын албыг хашсан З.Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Сод Монгол газ” ХХК-ийн хувь эзэмшигч ажээ. Тус компанийг “Сод Монгол групп” болон З.Хишигтогтох нар л эзэмшдэг юм байна.
         З.Хишигтогтохын хувьд З.Энхболдын бизнесүүдийг нь хариуцаж, арыг нь даадаг нэгэн. Нэг жишээ дурдахад, “Таван толгойн” нүүрсийг угааж, гадагш нь гаргаж зараад асар их хэмжээний ашиг хүртдэг гэх алдарт “Страто” ХХК-ийн захирал А.Баттүшиг, З.Хишигтогтох нар бизнесийн дотно хамтрагчид юм билээ. Тэд дундаа хэдэн компанитай. Ийм байтлаа З.Хишигтогтох Ц.Анандбазарын “Сод Монгол газ” компанийг хамтран эзэмших болсны цаад учир юу байж болох вэ. Хариулт нь, З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхд 2012-2016 оны хугацаанд Ц.Анандбазарын “Сод Монгол групп” төрийнг өмчит компаниуд, тэр дундаа “МИАТ”-д асар хэмжээний шатахуун өндөр үнээр “шахсан” асуудал яригддаг.
https://ergelt.mn/news/22/single/18665

URL: