“Сайн бод”

Би хоёр хүүтэй, сайхан ханьтай, өөдрөг бодолтой, жирийн л нэг Монгол залуу. Залуу насандаа эх орныхоо 21 аймаг, 250 гаруй сум, сууринд очиж, олон хүний бодол, саналыг сонсч, жаргал зовлонг нь мэдэрч, баярлан бахархаж, гуниглан шаналж, жинхэнэ монгол ухааны мөн чанарыг ойлгож ухаарч явсан би азтай хүн. Монголчууд бид сайхан амьдарч чадна гэж итгэдэг, би мөрөөдөгч нэгэн. Хүний нутагт багагүй хугацаанд амьдарч, эх орноо бусад улс оронтой харьцуулж элдвийг боддог, би бясалгагч нэгэн.

Энэ цэнхэр дэлхийд олуулаа биш цөөхүүлээ гэж гунигладаг, эртний аугаа түүхтэй эх орондоо бид ядуу амьдарч байна гэж гутардаг, эцэг өвгөдийн үлдээсэн бахархам соёлоор омогшидог, ирээдүй маань гэрэлтэй гэж итгэдэг. Гэхдээ бид өөрсдөө ирээдүйгээ бүтээх учиртай. Бид ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ? Өнөөдөр Монголчууд бид өнөөгийн соёлт хүн төрөлхтний нийтлэг амьдарлын жишгийн хаахна нь явна вэ? Бидний мөн чанар, бусдаас ялгарах онцлог юу вэ? Бидэнд цаашид сайхан амьдрахын тулд юу үгүйлэгдэж байна вэ? Бидэнд бодох юм их байна, хүн бүхэн дор бүрдээ би-хүнтэйгээ ярилцах нь чухал байна. Саяхан чамгүй хугацаанд бясалгал хийсэн нэгэн лам хэсэг хүмүүст хандаж хэлсэн “Сайн бод” гэсэн үг их моодонд орох шиг болов.

Энэ үйл явдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олны танил эрхэмүүдийг нүдийг нь бүлтэгнүүлж байгаад хэлсэн болохоор моодонд орж байгаа бус, угаасаа Монголчууд бид дор бүрдээ бодох, би-хүнтэйгээ сайтар ярилцах цаг хугацаа болоод байгааг харуулж байгаа бизээ. Бид бусдыг хангалттай харлаа, судаллаа, ярилаа, одоо монгол хүн бүр өөрсдийхөө тухай, цаашлаад энэ цөөхөн амь нэг Монгол хэмээх нэг гэр бүлийнхээ үнэн мөн чанарын тухай дор бүрдээ “Сайн бодох” хэрэгтэй болжээ.

Нэг голын усанд нэг л удаа ордог гэдэг, үүн лугаа адил бид өнөөдөр л эрэгцүүлж ухаарч, сэхээрэхгүй бол хэзээ ч дахиж ирэхгүй цаг хугацааны мөчлөг дээр ч байгаа юм билүү. Би айж байна. Бид бүгд өөр өөрсдийгөө сайн шинжэе, дүгнэе, оюун санаагаа муу муухайгаас чөлөөлөе. Бид юуг бодох ёстой вэ? Биднийг муухай монгол хүн хэмээн хэлүүлэхэд хүргэж байгаа асуудал чухам юу вэ? Хамтдаа бодоцгоое!!!

Та бид зүрх сэтгэлээсээ хэзээ ч гээж үл болох хүн ёсны нандин чанаруудаа өдрөөс өдөрт нимгэрсээр байгаагаа мэдэрсээр байгаа хэдий ч, тэр алдаагаа өөрөөсөө бус өрөөлөөс хайж, өөрийгөө зөвтгөсөөр, хамтдаа бид улам бүр хайрлах энэрэх сэтгэлгүйн төлөөс болох харанхуй ангал уруу гулссаар байна. Гэмт хэрэг, садар явдал, өнгө, мөнгө, эрх мэдлийн төлөөх тэмцэл, бялдуучлал, тэнэглэл, ядуурал гээд муу, муухай бүхэн урган төлжих ёстой гэж үү? Үгүй ээ. Яагаад гэвэл бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний сүлд хийморь эцэг өвгөдийн минь сургаалиар шүншлэгдсэн. Өнөөдөр та бид маш энгийн хирнээ амин чухал цөөн хэдэн асуудалд анхаарлаа хандуулж, зүрх сэтгэлдээ идээшлүүлж, өдөр дутмынхаа амьдралд хэвшүүлэх шаардлагатай байна. Бид бие биенээ хүндэлж сурья. Энэ үг энгийн сонсогдож мэднэ. Гэхдээ үүний цаана хүний нийгмийн харилцаа байгалийхаас ялгарах гол мөн чанар нь оршиж байна. Та бүхэн анзаараарай. Өнөөдөр бидэнд хүндлэл үгүй болсон байна. Бусдыг хүндэлсэн хүн өөрийгөө дорд үзсэн гэж ойлгодог эсвэл харагдах хэлбэр нь хүнд дольдогносон болно гэж төсөөлдөг болжээ.

Бид ямарч ашиг сонирхолгүйгээр бие биенээ хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй байна. Би ер нь аав ээжээ, гэр бүлээ, найз нөхөдөө, жирийн хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хүндэлж чаддаг бил үү? Хайрлах энэр эх сэтгэл маань хичнээн хүнийг баярлуулж, тэдэнд бусдыг хайрлаж энэрэх сэдэл болсон бол? Энэ асуултыг өөрсдөөсөө нэг асууцгаая. Хүн бусдыг хүндэлж, хайралж байж хайр хүндэтгэлийг нь хүлээнэ. Бид бусдыг сонсож сурья. Монголчууд бид бие биенээ чин сэтгэлээсээ чих тавин сонс ч чаддаг болов уу. Зарим үед хэн нэгний хатуухан хэлсэн гашуун үг хамгийн сайн зөвөлгөө байсныг хожим сүүлд нь ухаардаг биш гэж үү.

Бусдын хэлж ярьж байгаа үг бүхнийг буруу чихээрээ оруулж гаргалгүй, асуудал бүхэнд хүлээцтэй, авах гээхийн ухаанаар хандья. Хамгийн сайн мэддэг хүн хамгийн сайн сонсогч байх нь олонтаа тохиолддог. Бусдыг сонсох дургуй, их мэдэгчид олширвол буруу замаар дэмий давхисан туулайны үлгэрийг давтах бизээ. Амин хувиа хичээсэн жижиг бодлоосоо салцгааж, аливаа юманд зарчимтай хандаж сурцгаая. Өнөөдөр бид өнгө, мөнгө, эрх мэдлийн төлөө улайрч, өмч хөрөнгө ямар ч аргаар хамаагүй олохыг хичээж байна.

Бид нэг гэр бүл. Магадгүй би барж дуусахгүй мөнгөтэй байсан ч эх орон маань ядуу буурай, хөрш айл маань хүн шиг амьдарч чадахгүй бол надад сэтгэлийн жаргал байна гэж үү. “Би өнөөдөр өөртөө санаа зовохгүй байна, улс орондоо санаа зовж байна, манай гэр бүл боломжийн амьдарч байгаа ч, бидний эргэн тойронд хүмүүс ядуурч, ёс суртахуун нь доройтож, хүний мөн чанар үгүй болох юм бол хүүхдээ сургууль дээрээ байсан ч сэтгэл амар байж чадахгүй” гэж нэгэн бизнесмэн залуу ярьж байсан. Энэ юм бодсон хүний үнэн үг шүү.

Та хэдий их өмч хөрөнгөтэй байгаад эх орон маань ядуу, дорой, нийгэм маань байгалийн хуулиар асуудлыг шийддэг эмх замбараагүй байвал таны үр хүүхэд хэрхэн амьдрах бол гэж та төсөөлж үзсэн үү? Монголчууд бид алсыг харж, нийтлэг ашиг сонирхол дээрээ нэгдэх ёстой. Энэ үзэл санааг ард түмний итгэл өвөрлөсөн улс төрчид, иргэнд үйлчлэх үүрэгтэй төрийн албан хаагчид үлгэрлэн хэвшүүлэх у чиртай. Мөн өөрийн хөлс хүчээр баялаг бүтээж буй ажил хэрэгч хүмүүс ч нийгмийн хариуцлагатай байх ёстой.

Ер нь хүний амьдралд тийм их өмч хөрөнгө чухал гэж үү. Мөнгө бол сэтгэлийн хэмжүүр бус амьдарлын хэрэгцээ. Хэлбэр биш агуулгыг илүүд үздэг болъё. Нэг залуу арван сая төгрөг банкнаас зээлж гар утасны дугаар худалдаж авна гэхийг сонсоод би үнэхээр ойлголт дутаж байлаа. Худалдаж авах шалтгааныг нь сонсоод үнэнээсээ ой гутаж билээ. Учир нь түүний өндөр үнээр худалдаж авсан дугаараар хэн уруу ч, тэр тусмаа эрх мэдэлтнүүд уруу залгахад утсаа авах магадлал өндөр гэнэ. Нэгэн гадаад найз маань танай монголчууд үнэхээр сайн машин унадаг юм байна гэхэд нь би энэ бол том газар нутагтай, зам харгуй муутай учраас хэрэгцээнээс үүдэлтэй сонголт гэж хэлж билээ. Гэвч үнэн хэрэг дээрээ хэрэгцээ биш хэлбэрдэлт ажээ. Үнэтэй машин унаад явахад адаглаад замын цагдаа зогсоодгүй, азын дугаартай бол бүрч асуудалгүй гэх онгиргон нэгний яриаг сонсоод хөх инээд ч хүрэх шиг.

Өнөөдөр бид өөрсдөө бие биенээ, тэр дундаа залгаж байгаа дугаараар нь алагчилдаг эрх мэдэлтнүүд, унаж байгаа машинаар нь ялгадаг албан тушаалтнууд хэлбэрдэх, хий хоосон дүр үзүүлэх арчаагүй араншин уруу хөтөлж, чирж байна. Бүгдээрээ бие биенийхээ хүн чанар, дотоод агуулгыг мэдэрч, түүнд нь илүү анхаарал хандуулж амьдарцгаая. Тэгэхгүй бол өчүүхэн бодолтой, хоноцын сэтгэхүйтэй хүмүүс олширох нь байна. Та бидний жишээ болгох дуртай америк, англид хүн иймэрхүү байдлаар асуудалд хандвал элэг доог болно шүү. Хууль дүрмээ ягштал баримталдаг болъё. Өнөөдөр бид ёс суртахууны болон нийгмийн харилцааны явцад хуульчлагдсан бичигдсэн, бичигдээгүй олон хууль, дүрэм журмын хүрээнд амьдарч байна.

Бидний хэн нэгэн тэрхүү хууль, журмын хэм хэмжээг зорчивол цаана нь хэн нэгний эрх ашиг зорчигдож байгааг сайн ойлгох ёстой. Хууль бол хамтаараа амьдарч буй хүмүүсийн бүгд мөрдөх ёстой зөвшилцөн тохирсон ам тангараг шүүдээ. Бидний дийлэнх нь хууль, дүрэм бол миний аливаа ажлыг маш хялбархан хийх арга замыг хүнд хэцүү аргаар хийхэд хүргэдэг хаалт мэтээр ойлгодог. Тухайлбал: Хэрэгжээд удаагүй байгаа авто машины онцгой албан татварыг нэмсэн явдал нь нийгмийн үр өгөөжийн хувьд үр дүнтэй боловч, ихэнх хүмүүс төр бидний мөнгийг булааж авч байна гэсэн ойлголттой л байна. Бид ер нь төр гэдэг бол дарангуйлалын байгууллага гэдэг төрийн тухай хүчирхийллийн онолоос үүдэлтэй ерөнхий ойлголтоосоо салах ёстой.

Орчин үеийн сайн Төрийн мөн чанар бол дарангуйлдаг, хүчирхийлдэг, албаддаг бус, харин нийгмийн нийт гишүүдийн сайн сайхны төлөөх олонхиороо гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлдэг, нийгмийн гишүүдэд үйлчилдэг өвөрмөц онцлогтой байгууллага юм. Гэхдээ төр нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд албадлага хэрэглэх эрхээ нийгмийн гишүүдээсээ авсан албан ёсны ганц байгууллага. Товчхондоо хууль хэрэгжүүлэх ажлыг төр л хийдэг. Өнөөдөр Монгол оронд хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна гэж хүн бүхэн л ярьдаг. Хууль хэрэгжихгүй байгаа маш олон шалтгаан байгаа. Үүнд хуулийн хэрэгжилтийг хангах ёстой төр, төрийн албан хаагчид, иргэн бүрийн оролцоо чухал. Монгол хүн бүр хууль дүрмээ чандлан мөрддөг, хэрэгжүүлдэг, хэн нэгэн хууль зөрчсөн тохиолдолд төр түүнийг шударгаар шүүдэг болмоор байна. Наад зах нь хүн бүр замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж байж л энэ зорилт хэрэгжих учиртай. Бид ер нь хууль дүрэм миний амьдарлыг, намайг хамгаалах зорилгоор бий болсон миний төлөөх зүйл гэж ойлгох учиртай. Бүгдийг ядуурал уруу чихэхээ болъё. Уншъя, тунгаая, санал бодлоо солилцое. Хамтдаа хүнлэг энэрэнгүй, хөгжсөн нийгмийг бий болгохын төлөө хичээцгээе.

Ц.Баяр-Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих