Бүсгүйчүүд эрх эдлэхийн тулд дахиад 365 хоног хүлээх үү?

Өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр байлаа. Жаахан муухай талаас нь харвал жилд ганцхан удаа л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар ярьж, хэлэх ёстой ч юм шиг ойлголт бий болоод уджээ. Фэйсбүүкт нэг бүсгүй сэтгэгдэл бичсэн байхыг уншлаа. “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 365 хоногоор хойшиллоо” гэж. Бүсгүйчүүд эрх эдлэхийн тулд дахиад 365 хоног хүлээх ёстой болох нь ээ дээ, янз нь.
Уг нь ийм баймааргүй байгаа юм. Эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцдэг, тэр дундаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөрөө бүр ч их тэмцэж, дуу хоолойгоо хүргэж, төрийн шийдвэрт нөлөөлж чаддаг баймаар. Гэвч хэдэн цэцэг, шоколад, зарим нь үнэтэй бэлэг, өөр нэг нь нөхрийнхөө жилд ганц удаа хийж өгдөг хоолонд баярлаад л өнгөрөөлөө, энэ жил. Энэ жил ч гэж дээ, ер нь л тэгдэг.
Эмэгтэйчүүдийнхээ баярлах, бэлэг авах, ууж идэх, наргих цэнгэхийг хорих гэсэн санаа байхгүй. Буруутгах ч гээгүй шүү. Угаасаа хорьж ч чадахгүй. Зүгээр л нийтээрээ жаахан өөр хэв маягтай байх гэж оролдож үзвэл яасан юм бэ л гэж.
Өчигдөр гэрэлтэй гэгээтэй олон сайхан мэдээтэй өдөр байлаа. Төрөх эмнэлгүүдийн ээжүүд төрдөг ор, төрсний дараа гараад тасагт хэвтдэг бүх орыг сольсон. Тэгмээр дээ энэ чинь. Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд жагсаал зохион байгууллаа. Төрийн дарамт, татварын дарлал, олон төрлийн хавчлага хэцүү байна гэдгийг үгээрээ, үйлдлээрээ илэрхийллээ. Тэгмээр дээ, өөрсдийнхөө эрх, сайн сайхны төлөө жагсмаар даа энэ чинь. Зарим нь зохион байгуулттай гэж дайрч байгаа харагдсан. Бүр эмэгтэйчүүд хүртэл. Зохион байгуулалттай байсан ч яах вэ дээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ганц үг ган хийж байгаа нь сайшаалтай биш үү. Бас бус мэр сэр жагсаал болсон. Нэг үеэ бодвол акц хийдэг болоод байна аа, магтууштай. Гэхдээ илүү их тэмцэх хэрэгтэй байна.
Өнөөдөр Монголд эмэгтэй хүнд ямар эрх байгаа вэ гээд бодоод үзье. Гэртээ хариад нөхрөө, хүүхдээ загнах, удирдлагын түвшинд бол ажилчдаа зандрах эрх байж магадгүй. Нөхрөө загнах битгий хэл юм хэлэх ч эрхгүй бүсгүйчүүд зөндөө л байгаа. “Зодуулчихгүй хэд хонох юмсан” гэж айж, чичирч яваа эмэгтэйчүүд ч дүүрэн л бий, нуух аргагүй л үнэн. За даа ингэсгээд л эмэгтэйчүүдийн эрх ерөнхийдөө дуусна даа.
Монгол эмэгтэйчүүдэд хүүхдээ санаа зоволтгүй улсын эмнэлэгт төрүүлэх эрх бий бил үү. Ямар нэг дарга даамлаар хэлүүлэлгүй, танил талынхаа тохойг таталгүй, мөнгө төгрөг өгөлгүй, эх баригч эмчийн өмнө гөлөгнөлгүй төрсөн эмэгтэй аваад ир гэвэл Монголоос хэд олдох бол. Эх баригч эмчид мөнгө төлөөгүйнхээ төлөө хохирсон, үр хүүхдээ алдсан, зовсон эмэгтэйчүүдийг аваад ир гэвэл хэчнээн бий бол оо. Наанадаж л бид эрүүл, аюулгүй орчинд, ирээдүйн эх орны эзэн болсон үр хүүхдээ төрүүлэх эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм гэж үү.
275444867_4993208527433246_490696342801447173_nАжлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 80 хувь нь эмэгтэй. Гэр бүлийн хүчирхийллийн хохиргчдын 87 хувь нь эмэгтэй. Өрх толгойлсон ээжүүд аавуудтай харьцуулшгүй олон. Энэ тоо хэзээ буурах уу. Наанадаж бэлгийн дарамтад өртөхгүйгээр ажил хийх эрхтэй болохын төлөө тэмцэх ёстой юм биш үү.
УИХ-ын нэг гишүүн ажлын байрны бэлгийн дарамт үйлдэж, 1000-аар тоологдох эмэгтэйн ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчсөн, бүр цаашилбал эрүүгийн гэмээр үйлдлүүд үзүүлсэн тухай манай салбарынхан эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийсэн л байсан. Энэ захын л нэг жишээ гээд шуудхан хэлчихэд хол зөрөхгүй дээ. Эмэгтэй хүн ажлаа аятайхан хийгээд, мерит зарчмаараа албан тушаал ахиад, ур чадвараараа ялгараад явах боломж хаана байна аа. Энэ эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм уу.
Хүний эрхийн Үндэсний комиссын эмхэтгэлийг /яг хэдэн оных билээ санадаггүй/ ажлын байрны бэлгийн дарамтаар бэлтгэсэн. Тэнд байгаа жишээнүүд, бодит жишээнүүд ямар аймар гэж санана аа. Цахилгаан түгээхийн инженер нэг нөхөр “Чамайг заавал үзэж байж санаа амарна. Миний гараас гарсан нэг ч хүүхэн байхгүй. Чи уламжлал таслах гээд байна” гэх мэтээр загнаж, янз бүрээр харааж загнасан тухай дурьдсан байж билээ. Айх сэдэв мөн шүү.
Төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэсэн судалгаа байгаа талаар 2021 онд ХЭҮК-ийнхон ярьж л байлаа. Хэтэрхий биш үү.
Эр, эм хоёр таарч тохирохгүй салжээ. Эрдээ ч бий л байх, эмдээ ч бий л болов уу. Харин дунд нь ямар ч буруугүй хүүхэд хохирч үлдээд байна. Аав, ээж нь салсан ч гэсэн хүүхдээ өсгөх, наад захын хэрэгцээг нь хангахад хамтарч оролцдог байх ёстой биз дээ. Яагаад хүүхэддээ “Аав, ээж хоёр нь тусдаа амьдрах шийдвэр гаргасан. Гэхдээ чи бол бидний хүүхэд хэвээрээ. Аав нь, ээж нь чамдаа адилхан л хайртай” гэх мэтээр хүүхэддээ хэлээд, ойлгуулаад, хариуцлагаа үүрээд явж болохгүй байгаа юм бэ л гэж. Ихэвчлэн эрчүүд эхнэр, хүүхдээ хаяад явчихдаг. Дэлгүүрээс нэг оймс худалдаж аваад, жаахан цоорохоор нь шинээр сольж байгаа л аятай аяглах.
Яагаад эмэгтэйчүүд л хүүхэдтэй холбоотой бүх ачааг нуруун дээрээ үүрээд байгаа юм. Хүүхэд цэцэрлэгт зөөх, бага сургуульд орохоор нь хүргэж өгөх, авах. Хүүхдийнхээ идэх хоол, өмсөх хувцас, хэрэглэх эд зүйлээс авахуулаад үүрэх ёстой хариуцлагыг яагаад зөвхөн ээжүүд үүрээд байгаа юм бэ. Яагаад. Эр, эм хоёр салахаар эр нь хүүхдээсээ бас давхар салдаг хачин “хууль” Монголд яагаад үйлчлээд байна аа. Жаахан муухайгаар зүйрлүүлбэл хамтарч “хэрэг” хийчихээд, эр нь эм рүүгээ бухаад, өөрөө ялгүй үлдчихэж байгаатай ямар ялгаа байгаа юм. Ийм даварсан үйлдэл байж болох уу.
Салсан эхнэрээ, нөхрөө нүднийхээ булангаар ч харахыг хүсэхгүй байж болно. Харин хүүхдээ бол хоёр нүдээ том гэгч нь нээж байгаад л харах л ёстой. Энэ бол бүх хүний үүрэг байх ёстой. Гэвч өнөөдөр манай улсад зөвхөн ээжүүдэд л бүх үүргийг оноогоод байна. Энд ч очиж хүүхэд хийж ээжид нь хаяад, тэнд ч очиж дахиж нэгийг нэмж эхэд нь орхиод яваад байгаа “гэмт хэрэг”-ийн эсрэг тэмцэхгүй юм уу.
Гуравдугаар сарын 7-ны өдөр ажил дээрээ бүсгүйчүүдээ баярлуулж байна гэж хамт архи уусан нөхөр гэртээ хариад эхнэрээ, охиноо зодож, дарамталж айлгасан бол яана. Ийм баяр бидэнд хэрэгтэй юу. Түүний оронд эрхийнхээ төлөө тэмцэж, эрүүл нийгмийг бүтээж чадвал өдөр бүр цэцэг, жимс, амттан бэлгэнд авсан мэт сайн сайхан амьдрах нөхцөл бүрдэх юм болов уу гэж мунхаглах.
Өнөөдөр өглөө Гэр бүлийн радио 104.5-ын “930″ шоуны “Түүхийн товчоон” нэвтрүүлгийг сонсож суухад нэг ийм юм ярилаа. Амьдралын хэв маягаа өөрчлөх талаар юм л даа. Хөтлөгч нь “Танай гэрт хорт хавдраар өвдсөн, нас барсан хүн байгаа юу гэж эмч асуусан. Байгаа, аав минь өвдсөн гэж хариуллаа. Харин эмч ааваасаа өөр амьдралын хэв маягийг сонгоорой. Хорт хавдар удамшдаг гэж ярьдаг нь магадгүй буруу ойлголт. Аавынхаа амьдралын хэв маягийг хүүхдүүд нь дуурайгаад байдаг учраас яг адилхан өвддөг байж болох гэж хэлсэн. Тиймээс амьдралын хэв маягаа өөрчилье” гэж уриална билээ.
Өнөөдөр нийгэм, тэр дундаа эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлууд яг л хорт хавдрын эс шиг болчихож. Хүүхэд төрүүлэхдээ эх баригчид авлига өгөх л ёстой юм шиг боддог. Ажил хийхдээ удирдах албаны нэг эрийн бэлгийн хүсэл, сонирхлыг биелүүлэх ёстой юм шиг л ханддаг. Гэртээ хариад архи уудаг, зоддог нөхөртөө “Хүүхдээ бодоод тэвчинэ ээ” гэсэн бодлоор хандаж, тэсдэг. Хүчирхийллийг нь тэсэхгүй салсан ч хүүхдээ өөрөө л өсгөнө гэж эрчүүдийг үүрэг хариуцлагаас шууд мулталдаг. Энэ хэв маягаа өөрчлөхгүй юм уу, хүн амын 51 хувь нь болсон бүсгүйчүүд ээ.
Дараа жилийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /эмэгтэйчүүдийн баяр биш шүү/ болоход 364 хоног үлдлээ дээ. Ирэх жил ганц олдох эрхийн өдрөөрөө эрхээ хамгаалахын төлөө тэмцэнэ гэж найдая. Эсвэл маргааш, нөгөөдөр, тэрний цаад өдөр ч тэмцэх боломж байна. Амьдралын хэв маягаа өөрчилье.
П.Нэргүй

URL: