ОХУ, Украины дундах хэвлэлийн дайнд иргэд “үрэгдэж” дууслаа

a9b2c0139e0bcd11381571a91e0c9365ОХУ-аас Украин Улсад цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хоёр талаас их хэмжээ нэгэндээ их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл дайны дунд үргэлжилж байгаа өөр нэгэн хэвлэлийн дайн бас үргэлжилж байна. Төвийг сахисан байр суурь илэрхийлж байгаа зарим орон Украиныг “Эдийн засаг, санхүүгийн тусламж ихээр авахын тулд хохирлын хэмжээг худал мэдээлээд байгаа” гэжээ.

-ОХУ-Д УКРАИНТАЙ ХОЛБООТОЙ ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНД “ХАЛДЛАГА”, “ТҮРЭМГИЙЛЭЛ”, “ДАЙН” ЗЭРЭГ ҮГИЙГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОВ

ОХУ-аас Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчдаас Украинтай холбоотой хэвлэлийн мэдээнд “халдлага”, “түрэмгийлэл”, “дайн” зэрэг үгийг ашиглахыг хориглосон хуулийн төсөл баталжээ. Хуулийн заалтад дээрх журмыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллага, редакцид 60 мянган ам.долларын торгууль ногдуулж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм.

Мөн Зүүн Европт өрнөж байгаа мөргөлдөөнтэй холбоотойгоор баталсан хуулийн төслийн хүрээнд “Дождь” телевиз, “Эхо Москвы” радио, “Новая Газета” сонинг буруутгажээ. Одоогийн байдлаар дээр дурдсан байгууллагуудад анхааруулга хүргүүлээд байгаа бөгөөд үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.

ОРОСЫН ИХ БУУНЫ ГАЛ ДОР

Машины салхины шилний хагархайд оногдож, нүүр, гарандаа шархадсан нэг Украинаас сурвалжилга бэлдэж буй нэг сэтгүүлч “RSF”-д өгсөн ярилцлагадаа “Тэд 50 хүрэхгүй метрийн зайд байсан. Тэд намайг алах гэж буудсан нь тодорхой. Хэрвээ би тэр дороо тонгойгоогүй бол оногдох байлаа. Дайны бусад бүсэд байхад бууны галд өртөж л байсан, гэхдээ ийм юм огт үзээгүй. Бусад улсад ажиллаж буй дайны талаар туршлагагүй сэтгүүлчдэд үхлийн аюул тулгарч байна” гэжээ.

          Гуравдугаар сарын 6-нд Лондонд төвтэй Арабын “Al-Araby ТV” сувгийн сурвалжлагч Аднан Кан, зураглаач Хабип Демирчи нар Киев хотын захын Ирпин хотод Оросын их бууны галд өртжээ. Цагаан өнгийн туг хатгаж, “хэвлэл мэдээлэл” гэсэн тэмдэглэгээ хадсан машиныг нь чиглүүлэн буудсан аж. Мөргөлдөөн болж буй хотод гацсан хоёр сэтгүүлч оршин суугчдын хамт нуугдахаас аргагүй байдалд оржээ. Халдлага эхэлсэн дөрөв дэх хоног буюу хоёрдугаар сарын 28-нд дөрвөн британи, нэг украин сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй Их Британийн “Sky News TV “сувгийн баг Киевийн захад орших Буча хот руу явж байгаад Оросын тагнуулынхны буудлагад өртсөн гэнэ.

Багийн ахлагч, сурвалжлагч Стюарт Рамзай нурууны доод хэсэгтээ шархадсан бол зураглаач Ричи Моклерийн хамгаалалтын хантаазыг бууны сум хоёр удаа оносон аж. Хэвлэл мэдээллийн тэмдэг бүхий хантааз өмссөн тэд “сэтгүүлчид байна” гэж орилсон хэдий ч буудахаа зогсоохгүй байгааг харсан тул машинаа орхиж, зугтахаас аргагүйд хүрсэн байна.

ҮХЭЛТЭЙ ТУЛГАРСАН НЬ

Гуравдугаар сарын 3-нд Киевийн захын Макарив хэмээх өөр нэг хотод Войтех Бохак, Майда Сламова нарын “Voxpot”-ын Чехийн хоёр сэтгүүлч, Украины Төв телевизийн хоёр сэтгүүлчийн хамт машинаар явж байхад нь дээрхтэй төстэй хэрэг гарчээ. Гэвч тэд азаар ямар нэг хохирол амсаагүй байна. Машиндаа сууж байсан тэд Оросын цэргүүдийн АК-47 автомат бууны суманд өртсөн ч бэртэл гэмтэл аваагүй гэж “Voxpot” мэдээлэв.

Данийн сэтгүүлч Стефан Вайкерт “Мөрний энэ шарх амин тус газраас хэдхэн сантиметрын зайтай байна” гэж RSF-д ярьжээ. Түүнийг тухайн халдлагын үеэр дөрвөн удаа буудуулж, шархадсан хамтран зүтгэгч Эмил Филтенборг Миккелсений хамт нүүлгэн шилжүүлсэн ба өдгөө Дани дахь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Данийн “Ekstra-Bladet” сонины хоёр сурвалжлагч хоёрдугаар сарын 26-нд зүүн хойд хэсгийн Охтырка хотод мөн шархаджээ. “Хэн гэдэг нь мэдэгдэхгүй буутай этгээд манай машинаас 15 метрийн зайтай байсан. Машин дээр тод харагдах “хэвлэл мэдээлэл” гэсэн тэмдэглэгээг тэр хүн хараагүй байх боломжгүй” гэж Вайхерт хэлэв.

ТЕЛЕВИЗИЙН ДӨРВӨН ЦАМХГИЙГ БӨМБӨГДӨВ

Оросын зэвсэгт хүчнийхэн сэтгүүлчид рүү шууд буудахын зэрэгцээ Украины телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг хаах зорилгоор харилцаа холбооны антенууд руу цохилт өгсөн байна. Оросууд Киев, Коростен, Лисичанск, Харьков дахь дөрвөн радио, телевизийн цамхагыг онилон довтолсон нь дор хаяж телевизийн 32 суваг, хэдэн арван үндэсний радиогийн нэвтрүүлгийг шууд таслан зогсоход хүргэсэн. Халдлага үйлдэх үед орон нутгийн Kyiv Live TV сувгийн зураглаач Евгений Сакун Киевийн цамхаг дээр байсан бөгөөд тодорхойгүй нөхцөл байдлын улмаас амь эрсэдсэн. Энэ хэргийг RSF эрэн сурвалжилж байна.

RSF-ийн 2021 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Украин улс 180 орноос 97-д жагссан бол Орос улс 150-д жагсжээ.


URL: