Шанхай хотод хатуу хөл хорио тогтоожээ

Шанхай хотод хатуу хөл хорио тогтоожээ

Шанхай хотод омикрон халдварын улмаас хатуу хөл хорионы дэглэм тогтоох болсон талаар БНХАУ-ын эрх баригчид өчигдөр мэдээллээ. Энэхүү хөл хорионы дэглэм нь цар тахал эхэлсэн цагаас хойших тус хотод гарч буй хамгийн хатуу дэглэм ажээ. Хоёр үе шаттай хөл хорионы дэглэмийг есөн өдрийн турш хэрэгжүүлэх юм байна. Энэ хугацаанд эрх баригчид хотын оршин суугчдыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ.

Шанхай хотод коронавирусийн омикрон хувилбарын дэгдэлт эхлээд сар орчим хугацаа өнгөрч байгаа. Гэхдээ БНХАУ-ын эрх баригчид эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс болгоомжилж, 25 сая оршин суугчтай энэ хотыг хөл хорионы дэглэмд шилжүүлэхээс цааргалж байсан юм. Гэвч бямба гарагт Шанхайд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тул хатуу хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.

Хотын зүүн хагасыг даваа гарагаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөл хорионд шилжих бол баруун хагас нь 01-нээс 05-ны өдрүүдэд шилжих юм байна. Энэ хугацаанд хамрагдсан бүсийн үйлдвэр, байгууллагууд ажиллагаагаа зогсоож, гэрээсээ ажиллах горимд шилжих юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ бүрэн зогсохоор болжээ.


URL: