“Их-7”-ийн Эрчим хүчний сайд нар байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагыг эсэргүүцэв

29-5“Их-7”-ийн гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нар ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх шаардлагад татгалзсан хариу өглөө.

“ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шаардлага хэтэрхий нэг талыг барьсан, гэрээний нөхцөлийг зөрчсөн асуудал” гэж ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Роберт Хабек мэдэгдсэн байна.

Үүнээс гадна ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “ОХУ-ын эрчим хүчний импортоос хамаарах хамаарлыг бууруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа” гэж онцолжээ. Тус улс энэ оны эцэс гэхэд ОХУ-ын газрын тос, нүүрснээс хамааралгүй болох зорилт тавиад байгаа аж.

Хэдий тийм боловч тэрбээр “Импортын өөр эх үүсвэр олохын тулд шаардлагатай техникийн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй”-г онцолж байна. Тухайлбал: газрын тос болон нүүрсний импортыг усан тээврээр хийдэг учир энэ ондоо багтан нийлүүлэгчээ өөрчлөх боломжтойг онцолжээ.

Харин БНХАУ-ын хувьд ОХУ-ын эсрэг тавьсан хоригуудыг тойрох арга зам хайна гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна.

Түүнчлэн хориг арга хэмжээнүүд аливаа улс орныг ОХУ-д туслахаас сэргийлэхээс илүү ОХУ-тай явуулдаг энгийн худалдаанд шаардлагагүй хохирол учруулж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч онцоллоо.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров
“Зарим улсын найрсаг бус үйлдэлтэй холбоотойгоор визийн хариу арга хэмжээ авах талаар зарлигийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа. Энэхүү баримт бичиг батлагдсанаар ОХУ-ын газар нутагт нэвтрэхтэй холбоотой тодорхой хязгаарлалтууд хэрэгжинэ. Ямар нэгэн аюул заналхийлэл, айлган сүрдүүлэг, тулган шаардалт биднийг хараат бус байдлаасаа, тусгаар тогтнолоосоо, өвөг дээдсээс өвлөн үлдээсэн зуу зуун жилийн баялаг түүх соёлоосоо татгалзахад хүргэхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский
“Манай улсын аюулгүй байдлын баталгаа, төвийг сахисан байдал, цөмийн зэвсэггүй статус зэрэгт бид бэлэн байна. Энэ бол хамгийн чухал санаа. Миний санаж буйгаар ОХУ-ын хувьд энэ эхний бөгөөд зарчмын санал нь байсан. Бид ОХУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Харин тохиролцоонд хүрэхийн тулд тэр өөрийн биеэр ирж, надтай уулзах хэрэгтэй. Миний хэлснээр, ОХУ, Украин, Беларусьт хийж буй утгагүй уулзалтаас бусад дэлхийн хаана ч байж болно. Манай төлөөлөгчид тэдгээр уулзалтууд ямар ч хэрэггүй гэдгийг онцолж байна. Тэд илүү улс төрийн шинжтэй, үр дүнгүй. Одоо зөрчилдөж байгаа гурван тал шүү дээ. Тиймээс бид уулзаж, тохиролцсон. Энэ хэлэлцээр хангалттай, гарын үсэгтэй, тамгатай, бүр цустай хэлэлцээр. Цэргээ татах үйл ажиллагааг эхлүүлэхэд хангалттай” гэж мэдэгдэв.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: