Сэрэмжлүүлэг: Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 13 осол бүртгэгдлээ

5c8f0173c2bfaТээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 942 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 26 нийслэлд, 21 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 4 хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 19 осол бүртгэгдэж,  21 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  •  Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.

Орон нутагт:

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 11 хүн  гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж,  3 хүн  гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтсэн

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 13 осол бүртгэгдэж 12 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 12 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 1 мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргөгдөж  гэмтэж бэртсэн байна. Насны хувьд 4-16 хүртэлх насны хүүхдүүд байгаа нь эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, мөн бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх хэрэгтэй.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 459 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 132 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна. Нийслэлийн хэмжээнд 2019 оны 1 улиралд-3764, 2020 оны 1 улиралд-2179, 2021 оны 1 улиралд-2851, 2022 оны 1 улиралд-5828 зөрчил тус тус бүртгэгдсэн байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ


URL: