А.Цэрэнбат: Х.Баттулгын хүсэлтээр МҮБХ ардчиллын баярт зориулсан барилдааныг цуцаллаа


Ардчилсан Намаас Монголын жүдо бөхийн холбоо, Монгол бөхийн холбооны асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат "Үндэсний бөхийн холбоонд бид мэдэгдэл гаргахаар болж байна. Намын ойг тохиолдуулан бөхийн өргөөнд барилдаан зохион байгуулах хүсэлтээ дөрвөн сарын өмнө өгсөн. Өчигдөр бидний зохион байгуулах барилдааныг цуцалж, дүрмийн бус сунгаа хийж буй тал буюу Х.Баттулгын хүсэлтээр МҮБХ АН-ын баярыг цуцаллаа. Оронд нь өндөр хэмжээний бооцоотой бөхийн барилдаан явуулахаар болсон.

АН-ын баярыг хулгайлж, хэн нэгэнд өндөр үнээр зарж буй үйлдлээ зогсоогооч гэж хэлмээр байна. Их хэмжээний мөнгө яригдаж байгаа. Энэ үйлдлээ таслан зогсоохгүй бол тагнуулын байгууллагаар шалгуулна. МҮБХ байгууллагын дотоод хэрэгт оролцохоо больж, маргааш болох бөхийн барилдааныг цуцлахыг шаардаж байна" гэв.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Тагнуулын Ерөнхий Газраас хийсэн мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлье.

Нийгмийг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн гаднын хүмүүсийн бодлого байна гэж харж байгаа. Үзэл санаагаар нь хориод болохгүй болохоор нь хөнөөх гэж байгаа юм байна. Энэ орон зайд хэн нэгэн дарангуйлагч төрдөг зарчим байж болохгүй.

Засгийн газар, ТЕГ, Цагдаагийн Ерөнхий Газар АН-ын нэр бүхий лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Энэ бол төрийн үүрэг, хариуцлага байх ёстой. Уг асуудлаар хуулийн байгууллагуудад шаардлага хүргүүлнэ. Монголчууд хоорондоо талцаж, алалцаж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байна" гэдгийг хэлэв.

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "ТЕГ-аас өнөөдөр хийсэн зэвсэгт этгээдүүдийг баривчилсантай холбоотой мэдээллийг АН-ынхан их эмзэг хүлээж авч байна. Яагаад гэвэл намын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Д.Батхүү нарыг нэрлэж болно. Д.Батхүү агсан амьд сэрүүн байсан бол АН ингэтлээ их хагарахгүй байсан. Энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдэг асуудлыг бодох цаг болсон.

Дараагийн нэг асуудал бол үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад иргэд их бухимдалтай байгаа үед мэдээлэлд ойр байдлаа ашигладаг байж болохгүй. Өчигдөр Ерөнхий сайд, харин өнөөдөр ТЕГ та таа тунгаа хийлээ.

Хэн гэдэг улстөрчийг хөнөөх гэж байсан бэ гэдгийг ил зарлах хэрэгтэй. Яагаад гэвэл эрх бариагүй АН-ын хувьд энэ мэдээллийн талаар ямар ч ойлголт алга.

Ард түмний эв нэгдлийг хангах үүднээс тухайн баривчлагдсан хүмүүс гэм буруутай бол захиалагчтай нь хамт шийтгэх ёстой. Харин гэм буруугүй бол нэн даруй цагаатгаж, тодорхой хүмүүсийг суллах нь зөв.

Нэмээд нэг зүйлийн тухай хэлье. Дүрмийн бус даргын сунгааг шүүхийн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.


URL: