10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг анхааруулж байна

c6f9abeda2cdfb43originalТээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2022.04.16-17-ны өдрүүдэд нийт 524 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 379 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 7 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж,  3 хүн гэмтсэн. Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирчээ. Мөн орон нутагт онхолдох хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 1 хүний амь хохирч, мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн байна.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдлээ.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, явган зорчигчид 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэтээр авч явж аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу. Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн цаг агаар дулаарч, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй хүүхдүүд унадаг дугуй, scooter, цахилгаан мото sorron, мопид унаж хөдөлгөөнд оролцон зам тээврийн осолд өртөж байгааг анхаарна уу.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 251 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 208, орон нутагт 43 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


URL: