Фэйсбүүкийн боссыг ОХУ хилээрээ нэвтрүүлэхгүй боллоо

зураг

Пүрэв гарагт ОХУ-ын засгийн газар Америкийн төрийн өндөр албан тушаалтан, бизнесмэн, сэтгүүлч зэрэг 29 алдартныг визийн хар жагсаалтдаа нэмжээ.

Энэ нь Өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлсэн хоригийн хариу арга хэмжээ юм байна.

Визийн хоригт орсон хүмүүс “тодорхойгүй хугацаа”-гаар ОХУ-ын нутаг дэвсгэрт хөл тавих эрхгүй болжээ.

Тэдгээрийн дотор АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, ABC сувгийн сэтгүүлч Жорж Стефанопоулос, LinkedIn компанийн гүйцэтгэх захирал Райан Рослански зэрэг хүмүүсээс гадна Мета (Фэйсбүүк) компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг багтсан байна.

Хоригт багтсан хүмүүсийг “Оросын эсрэг суртал нэвтрүүлэг түгээхэд оролцсон” гэж ОХУ-ын гадаад хэргийн яам буруутгажээ.

ОХУ өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг, дараа нь конгрессын 398 гишүүнийг визийн хоригоор шийтгэж байсан юм.

Мөн Фэйсбүүк, Инстаграм платформуудыг “экстремист байгууллага” ангилалд оруулж, үйл ажиллагааг нь хориглоод байгаа. LinkedIn сүлжээний хувьд 2017 оноос хойш ОХУ-ын нутаг дэвсгэрт хориглогджээ.

 

Эх сурвалж: Business Insider


URL: