Где? Г.Дамдинням ба бусад гишүүд

ДамдиннямӨнгөрөгч гуравдугаар сард Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам тэргүүтэй есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулах мэдэгдлээ МАН-аас гаргаж байв. Тэгвэл өчигдөр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ дунд Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлийн хэрэгт нэр холбогддог Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын нэрс ч багтжээ. Хамгийн хачирхалтай нь, эл зээлийн асуудлын “гол тоглогч” нарын нэг гэгдэж байсан Г.Дамдинням гишүүний нэрний бараа ч байсангүй.

Товчхондоо, Г.Дамдинням МАН-ын “цэвэрлэгээ”-нээс хөнгөхөн мултарчих шиг боллоо.

Эргэн сануулъя. УИХ-ын Г.Амартүвшин 2019 онд Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн гэх мэдээлэл хэвлэлүүдэд ил болсон. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан “Вертекс майнинг сервис” компанид УИХ-ын гишүүн Г.Дамдиням хувьцаа эзэмшдэг ба тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү Х.Хашчимэг гэгч ажилладаг. Түүнчлэн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “Хэра инженеринг” ХХК болон түүний охин компаниудад хувьцаа эзэмшдэг.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь улстөрчдийн хамаарал бүхий компанид ЗЭЭЛ ОЛГОСОН гэх тодотголд багтаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гишүүдийн дунд багтсан. Харин түүний хувьд зээл олгох шийдвэрийг гүйцэтгэх захирал дангаараа шийдэх боломжгүй байдаг бөгөөд ТУЗ, зээлийн хороод нь шийддэг гэх тайлбарыг өгсөөр өдийг хүрсэн.

Тэгвэл 33 тэрбумын зээлийн асуудалд нэр холбогдсоныхоо төлбөрт Х.Ганхуяг, Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ өгч, Г.Дамдинням гишүүн сууриндаа үлдэх үү гэдэг асуулт ч урган гарч байна. Тэд бол нэг асуудалд цугтаа нэр холбогдсон нөхдүүд.

Иймдээ ч нэгийгээ тавиад туухдаа хүрвэл МАН-д арай “ар” сайтай гэдэг утгаараа Г.Дамдинням энэ удаа нэр цохолтод багтсангүй бололтой. Нэмэлт болгон сонирхуулахад, Г.Дамдиннямыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүрээллийн хүн гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд бий.

Үнэн хэрэгтээ, эл асуудал ганц Г.Дамдинням гишүүнээр тогтохгүй. Тэгвэл прокуророос оруулж ирсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ердөө эхлэл үү гэдгийг л харах үлдлээ. Учир нь Хөгжлийн банкны хэрэг бол дөрвөн гишүүнийг суудлаас нь буулгаад дуусчих хэмжээний асуудал биш. Одоо л асуумаар байна. Где, Г.Дамдинням ба бусад гишүүд.

Ц.Янжиндулам

https://ubn.mn/p/26740


URL: