“Шинжаан шинфа”-гийн захиралд халдсан өвөрлөгч эр монголчуудыг залилж хохироож байна

 hartsaga-1-1

Гадаадын хөрөнгө оруулагч, үйлдвэр, аж ахуйн нэгжид удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа гэх зэргээр оршин сууж буй харь орны иргэд өнөөдөр Монгол Улсад 16 мянга гаруй бий гэдэг. Тодруулбал, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн 16 700, үүнээс өмнөд хөршийн 6000 орчим хүн манай оронд ажиллаж, амьдарч байна. Гэвч зарим нь туурга тусгаар Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоон, эрүүгийн хэрэг удаа дараа өдүүлж, монголчуудын эрх ашгийг хохироосоор буй юм. Тэр дундаа бидэнтэй цус нэгтэй хэмээдэг, өвөрмонголчууд манай улсад ирээд хууль тогтоомж зөрчиж, гэмт хэрэг өдүүлж байна. Уг нь 2010 онд баталж, өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж буй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.1-т Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийхийг хориглохоор заасан.

Гэтэл өвөрлөгч иргэд манай улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлэхүйц гэмт хэрэг өдүүлчихээд хээвнэг амьдарч, эрүүгийн хэрэгт шалгуулж буйгаа ч юманчинээ тоохгүй явна. Ганцхан хүн бус, хэд хэдэн өвөрлөгч иргэн монголчуудыг хохироосон үйлдэл гаргаж буй юм билээ. Тухайлбал, А гэх өвөрлөгч эмэгтэй манай улсын нэг бус аж ахуйн нэгжийг залилан мэхэлж, 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад буй аж. Өөр нэг өвөрлөгч эр манай аж ахуйн нэгж, иргэдийг “хулхидан” маш их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хууль сахиулах байгууллагынханд шалгуулж байна.

БУЙДАНД БҮГСЭН ЭР ХАХУУЛЬ ӨГЧ ШТАМП ДАРУУЛСАН БОЛОЛТОЙ

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалай тэргүүтэй 8-9 хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр хэдэн жилийн турш товлосны эцэст өнгөрсөн оны сүүлчээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаачихаад байгаа юм. Шүүх дээр бараг гурван жил болсон эл хэргийн гол холбогдогч нь Б.Эрдэнэдалай хэмээх БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны иргэн. Тэрбээр манай улсад ажиллаж, амьдарч байгаад нутаг буцаж, улмаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор нуугдаж орж ирсэн аж.

Ингэхдээ БНХАУ-аас манай улс руу нэвтрүүлсэн буйдан дотор бүгж, ачааны машинд ачуулан хөл тавьсан гэдэг. Нэгэнт Монгол Улсын хилээр гарч явсан гадаадын иргэн ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд танил тал, ар, өврийн хаалга хайсан нь мэдээж. Энэ бүхний эцэст албан тушаал, эрх мэдлээ хэдхэн төгрөгийн төлөө золиослох хил, гаалийн ажилтан олж, тэднийгээ ашиглан Монгол Улсын хилээр нэв тэрснийг гэрчлэх штамп даруулжээ. Тодруулбал, өмнөд хилээр орж ирсэн өвөрлөгч эрийн паспорт дээр хойд хилээр нэвтэрсэн гэх тамга дарчихсан байгаа юм. Үүнээс үүдээд хил, гаалийн ажилтнууд, буйданд бүгсэн хүн тээвэрлэж хилээр нэвтрүүлсэн жолооч гээд 8-9 хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан манай тагнуулын байгууллагынхан шалгаж эхэлсэн байдаг.

Улмаар дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 19.14-2.1 дэх хэсэгт заасан “ Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд прокурорт буцаагаад байгаа.

Чухам ямар ажиллагаа хийлгэхээр буцаасныг тагнуулын байгууллагынхан “нууцад хамаарах хэрэг” гээд хэлэхийг хүсэлгүй өдий хүрч байна. Магадгүй хил, гаалийнханд хэчнээн төгрөгийн хахууль өгч хил нэвтэрсэн тамга даруулсныг тогтоох даалгавар шүүх өгсөн болов уу. Мэдээж тухайн бүсээр нь нэвтрээгүй харийн иргэнд үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг гэмт хэрэг өдүүлэн байж тамга дарж буй болохоор тодорхой хэмжээний урамшуулал хил, гаалийнхан авсан нь дамжиггүй. Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалай ийнхүү Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хэрнээ эрх чөлөөтэй, наранд алхаж, өөрийн орны төдийгүй манай олон иргэнийг хохироосоор буйг яалтай.

Үргэлжлэлийг Unuudur.mn сайтаас уншина уу


URL: