Э.Хосбаяр: Э.Энхзоригийн маргаанд “Хар сарнай”-н Амараа ямар ч хамаагүй

ed5fvs51

Э.Энхзориг гэдэг хөтлөгч залуу “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өөрийг нь хохироосон гэж төв талбайд мэдэгдэл хийж дуулиан тарьсан. Харин С.Амармандахын өмгөөлөгч энэ хэрэгт дуучин Амараа огт хамааралгүй, зөвхөн Э.Энхзориг, С.Хосбаяр гэдэг хоёр хүний хоорондын асуудал гэсэн дэлгэрэнгүй тайлбар, нотлох баримтыг дэлгэсэн билээ. Харин бид маргаантай байгаа гэх “Скайлакс Монголиа” компанийн захирал С.Хосбаяртай ярилцлаа.

-Э.Энхзориг гэдэг хүн ямар учиртай мэдэгдэл хийгээд байгаа, хэзээнээс түүнтэй танилцсан талаар яриагаа эхлэе?

-Уг нь бид их сургуулийн найз нар. Би өөрөө хоол үйлчилгээний салбарт ажилладаг. Э.Энхзоригтой бол сургууль төгссөнөөс олон жилийн дараа буюу 2018 оны сүүлээр гэнэт тааралдсан. Их сургуулийн найз болохоор хааяа манай ресторанд ирэхээр нь хоолоор дайлдаг, хэрэгтэй үед нь цөөн хэдэн төг зээлчихдэг л байсан. Хоолоор дайлахаар баярлаад л “Хэрэг гарвал хэлээрэй,найз хь маркетинг, лайв хийж өгч болно” гэдэг байсан. Тэр үед тиймэрхүү видео контент ид хүчээ авч эхэлж байсан.

Ингээд 2019 оны одоо маргаан гараад байгаа лоунжийг SKYLUX нэртэйгээр ажиллуулахаар болж байхад 11 дүгээр сард Э.Энхзориг шинэ жилийн захиалга олж өгнө гээд л сайхан уулзсан. Мэдээж шинэ эхэлж байгаа газарт хэрэгтэй байлгүй яах вэ? Тэгсэн чинь яг цагаа тулсан байдаггүй. Хоёр газар олж өгсний нэг нь үс шилжүүлэн суулгах, гоо сайхны үйлчилгээний бартер. Тэр эрхээрээ ”Угаасаа удахгүй олон газар ёолк хөтлөөд тэндээсээ мөнгө авч чамд өгчихвөл бараг бартер биш болчихно” гээд 7 билүү сая төгрөгөөр өөртөө үс суулгасан. Тэгээд л утсаа ч авахгүй таг болчихсон.

Тэгж байтал манай үндсэн хөрөнгө оруулагч Чарльз хамтрагч Ким Мин Хёг нарын хооронд асуудал үүсээд юм, юм л болсон. Энэ хэрэгт холбогдолгүй болохоор дэлгэрэнгүй яриад ч яах вэ. Ингээд жил хагасын дараа нэлээд стресстэй хүнд байдалд байхад Э.Энхзоригтой дахин ярьсан. Өмнө нь ажил хийнэ гээд алга болсонд нь гомдож байсан ч Э.Энхзориг “Асуудал үүссэн бол найз нь туслая, цагдаа шүүхэд хандая. Найз нь наад асуудлыг чинь зохицуулаад өгье. Олонд танил нүүр, Телевизын буян цаанаа өөр. Хаана ч яваад орсон ажил ярихад бас арай өөрөө ханддаг юм”  гэхээр нь баярлаж, итгэсэн. Тэгээд “Хүнтэй ярихаар надад итгэхгүй. Чинийх биш юм бол найз нь чадахгүй ээ л гэх байхгүй юу, Түрээслүүлэгчтэй чинь ороод ярихаар намайг хамааралгүй хүнтэй ярихгүй зайл л гэнэ биз дээ. Тэгэхээр чи компанийнхаа 50 хувийг найз руугаа шилжүүлчих, тэгвэл би хэнтэй ч энэ миний юм гээд чамайг төлөөлөөд ярих боломжтой болно. Танил найз нөхөд олон байна. Энэ бэлэн юм байхад маркетинг, шоу арга хэмжээ зохиох боломж зөндөө байна. Хамт зүтгээд ашиг орлого ольё. Санхүүгийн асуудлаасаа салж амьрал ахуйгаа дээшлүүлье. Найз нь дахиж алга болохгүй. Чи зөндөө юм ажиллуулаад үзсэн хүн. Арын асуудлаа бол хангалттай аваад явчихна. Найз нь олны өмнө гарч гүйгээд хүмүүстэй харилцахад асуудалгүй, чи бид хоёр яг адилхан 2 биенийхээ дутагдлыг нөхөөд гоё болно” гэж ярихаар нь итгээд 2020.03.11-ны өдөр “Скайлакс Монголиа” ХХК -ийн 50 хувийг Э.Энхзоригт “Бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлсэн.  Э.Энхзоригоос ямар нэг хэлбэрээр мөнгө, хөрөнгө, эд үнэт зүйлс огт аваагүй. Байгаа ч үгүй л дээ. Гэхдээ чи итгэхгүй бол найзынхаа Хан-уулын 8 дугаар хороонд байрлах 4 давхар обьектод нэрээ оруулчих гэж хэлж байсан.  Гэтэл тэр нь өрөнд байгаа, шүүхээр ороод өртэй хүмүүс нь бүгд нэрээ оруулчихсан барьцаанд байдаг би нэрээ оруулаагүй.

Харин ашгаа орлогыг сарын сүүл болгонд тэнцүү хувааж байхаар тохирсон.

.Энхзориг компанид яг бодитоор хөрөнгө оруулалт хийж байсан уу? Би 100 сая төгрөгөөр хохирчихлоо гээд байгаа шүү дээ?

-Үгүй ээ.  “Хүмүүст намайг ямар нэг байдлаар мөнгө оруулсан ч юм уу, үл хөдлөхөө миний нэр дээр шилжүүлсэн ч гэдэг юм уу заавал хөрөнгө оруулсан гэж хэлээрэй. Тэгэхгүй бол найзууд цаашлаад ажилчид чинь ч надад итгэхгүй шүү” гээд байсан. Чамд яагаад итгэдэггүй юм бэ тийм олон найз нөхөдтэй байж гэхэд “мэдэхгүй, бүгд л боломжийн мөртлөө 10K ч зээлдэггүй шд. Мөнгө харахаараа тийм болчихдог байх” гэдэг байсан. Харин үүнийг учрыг бүхэл бүтэн 2 жилийн дараа л ойлгосон доо.

-Урсгал зардалд ч юм уу бодитоор мөнгө оруулж байсан уу, хамтарч ажиллаж байгаа хүмүүс л юм чинь?

-2020.03.18-нд үйл ажиллагаа нээх болоход түрээсийн төлбөр болон эхлэлийн мөнгө хэрэг болсон. Би Э.Энхзоригийг олон найз нөхөдтэй юм чинь шууд л зохицуулах байх гэсэн ч санаснаар болсонгүй. Хоёр талд хайж байгаад Э.Энхзориг танилаасаа сарын 10% хүүтэй 6.0 сая төгрөг зээлж авсан. Үүнээс 4,538,000₮ -ийг компанийн хэрэгцээнд, үлдсэнийг хувийн хэрэгцээнд ашигласан.  Харин би найзаасаа 5,0 сая төгрөг зээлж авч түрээсэнд өгсөн. Э.Энхзориг авсан зээлээ сарын дараа орлогоос хүүтэй нь яг цагт нь төлсөн. Би өөрийн авснаа төлж чадалгүй найздаа эрхэлж муудаж, аргадаж явсаар лоунжийн үйл ажиллагаагааг зогсоосны дараа бага багаар хувиасаа төлж эхэлсэн. Одоо ч бүрэн дуусаагүй байна. Энэ 6,0 сая төгрөг түүний оруулсан эхний бөгөөд эцсийн хөрөнгө оруулалт байсан юм. Өөр ямар ч мөнгө оруулаагүй.

-Цар тахлын үед үйлчилгээний салбар мэдээж хүнд байдалд байсан. Тэр үед хөл дээрээ босоход Э.Энхзориг гол үүрэг гүйцэтгэсэн юм биш үү?

-Мэдээж хэцүү л байсан л даа, хөл хорио, цагийн хязгаарлалт тавигдсан. Үүнийг Э.Энхзориг овжноор ашиглан цаг хэтрүүлэн ажиллаж өөрийн найз нөхөд, таниж мэддэг хүмүүсийг олноор цуглуулдаг болсон. Улаанбаатарынхан андахаа ч байсан. Надад бол тийм зүрх зориг, танил тал байгаа ч үгүй. Дагаад орлого тодорхой хэмжээнд нэмэгдсэн ч түүний найз нөхөд, танил тал хүмүүсийнх нь тооцоо ч тэр хэмжээгээр хураагдаж эхэлсэн. “Миний хэлсэн яг зөв байгаа биз. Ингэж байж л хэдэн төгрөг олно, хүн их ирнэ, Хурдан маневарлахгүй бол дампуураад л дуусна” гээд өөрөө ч дунд нь ууж идэж суух нь элбэг. Тооцоогоо хэн нь хийх нь мэдэгдэхгүй, барааг хяналтгүй авч хэрэглэх, тооцоогоо авч чадахгүй байх зэрэг асуудлууд зөндөө гарсан. Дээр нь хөл хорионы дэглэмийг зөрчсөн гээд цагдаад баригдаж, тусгай зөвшөөрөл, бараа материал, хөгжим техникээ хураалгаж, торгуулж сүүлдээ бидний өмнөөс манай үеэл дүү 7хоног хоригдож ч байдаг. Энэ бүхнийг аргална, зохицуулна гээд Энхзориг найз хүүхнээ дотоод үйл ажиллагаанд татан оролцуулж эхэлсэн. Найз хүүхэн нь хууль хүчний байгууллагуудад танил тал ихтэй тул асуудлыг хурдан шийднэ, мөн алдагдсан эд зүйлээ олж авахад тусална. Бид хоёрын л найз нөхөд лоунжид авчирч орлого их оруулж байна гэдэг. Манай найзууд бараг ирж байгаагүй ээ. Би дуудаж ч байгаагүй. Ирсэн ч шууд тооцоогоо хийчихдэг байсан.

Ер нь орлого хэр орохдоо биш яаж гарсандаа их учир бий. Би өглөө Барс руу бараандаа явна, цэвэрлэгээ хийнэ, хоолны материал татна, юм эвдэрсэн ч засна, зөвшөөрөл бичиг цаас хөөцөлдөнө. Энхзоригийн хэлснээр арга хэмжээний постер хийнэ. Хоолны меню, хэвлэлийн эх бэлтгэнэ. Тооцоо бодно. Гал тогоонд, хоёулхнаа, хүн олдохгүй. Зардлаа хэмнэх гээд л аль болох өөрөө хийх гэж үзнэ.

 Эзо маркетингийн хүн, арын албаны зовлонг тоохгүй, мэддэггүй байж магадгүй. Намайг үглэхээр “Харин тийм ээ” л гэнэ. Би ч олны дунд нээлттэй байхаасаа илүү чимээгүй юмаа хийхийг илүүд үздэг. Лоунж хаатал ажиллана. Э.Энхзориг ихэнхдээ нилээн орой ирнэ. Пост бичээд лайваа хийгээд сууж л байна. Эсвэл Clash royal -аа тоглоод буйдан дээрээ хэвтэж л байна. Ихэнхдээ хүмүүс ярихыг хүлээж, эсвэл дуудаж байгаа гээл. Угаасаа ажил нь тэр юм чинь гээд би ч юм хэлэхгүй. Найз нөхөд нь ч ирнэ. Дугаараа фэйж хуудсанд тавьчихсан учир өөр хүмүүс ч залгана. Хүн дуудсан юм чинь дунд нь худлаа үнэн орж сууна. хааяа жинхэнэ найзууд нь ирээд жинхэнэ уугаад ч сууна. Зодоон зохион гаргачихаар хүмүүс орж ирвэл ажиглана. Цагийн хязгаартай хүнд хэцүү иймэрхүү байдлаар боломжийн явсан.

Гурвуулаа л чаддаг чаддагаараа үзсэн. Хамгийн урамгүй нь битүү данс тооцоон дунд Э.Энхзориг орлогоос хайр найргүй хэрэглэнэ. “Өөр хэнээсээ гуйхав дээ”, “Өлсөж үхэлтэй нь бишдээ”, “Гудманд гаралтай нь биш дээ, “Ийм орлого орж байхад нэг ийм хоолонд орчиход яахав дээ” “Явган явалтай нь биш дээ”гээд эхэлнэ. Эхэндээ хөөрхөн хэлээд авдаг байсан бол орлого нэмэгдэхийн хирээр “Хэрэв би л ингээгүй бол, манай найз хүүхэн л энийг аргалаагүй бол, миний л найзууд ирж орлого оруулж байна”, Угаасаа ашиг авах ёстой биздээ. Чи тооцоо гаргаж өгөхгүй харанхуй байлгаад байна” гэдэг болсон.

“Чи л орлогоос бага үр. Мөнгө бүгд бүртгэлтэй байгаа, хүмүүст зээлээр өгсөн юмнуудаа сайн нэхэж авмаар байна” гэхэд “Тэр зээлсэн тооцоог нь нэг гаргаадхаач. Хэн хэнээс авах билээ” гээл байн байн асууна. Тэгээд л миний тэр дансанд тэдний тооцоо орсон шүү дараад биччихээрэй гэнэ, үндсэн дансанд хийхгүй, өөртөө үлдээгээд идчихнэ. Эсвэл заавал нэг хэдэн цаас дутуу хийнэ. Тэр хэдэн цаас ч хорлонтой.

Орсон орлого болгоноос НӨАТ, ашгийн татвар НХАТ өгнө гэдгийг мэддэг ч үгүй. Ёолкны модоо хураасан мэт л үрнэ. Сар бүр байрны түрээс, утасны төлбөр, хоол унд, тамхи тариа, такси, шоу, хөзөр, найз охиных нь сормуусны мөнгө… Үйл ажиллагаатай ямар ч холбоогүй зардлууд. Тэгэх тусам нь харин би мөнгө бараг аваагүй. Шинэ утастай л болчихвол лайв пост хийгээд лоунжийн гоё зураг дараад алаад өгнө гээд гар утас хүртэл авсан. Хүүхэд шиг. Найз хүүхнийх нь сургалтын төлбөр гарахад ч надад хандаж байх жишээний.

Хорио хэзээ тавигдах, яах нь мэдэгдэхгүй хэцүү цаг үед, байнга ийм байх мэт л үрэлгэн загнасан. Анх байсан өрөн дээр одоо дахиад өөр өрнүүд нэмэгдсэн.

Орлого олохын хажуугаар байнга зодоон цохион болох, тооцоо алдах, торгуулах, архи пиво, хөгжим хэрэгслээ хураалгах, цагдаагийн үүдээр эргэлдэх ажил зөндөө гарсан. Данс нь үргэлж аюулын дохиотой. Харин Э.Энхзориг өөрийнхөө имиджийг их цэвэрхэн авч явахыг хичээнэ. Пэйж хуудсандаа их анхаарна. Нийгмийн чухал сэдвүүдэд идэвхтэй. Live хийнэ. “Пэйж хуудсаараа давалгаалж чадвал засгийг ч унагаах юм байна. Хүүхдийн эрх зөрчсөн гэмт хэргүүд их гарч байна. Үүнийг нь ашиглаад “Хүүхдэд ээлтэй орон” групп нээе. Давалгаалуулья. Нөгөө Хан-Уулын обьект дээр төсөл хэрэгжүүлж, хандив татья. Дараа нь тэр тойргоосоо нэр дэвшвэл бараг л гарна даа. НАМ-ын найзууд зөндөө л байна” гээд гоё өөдрөг юм зөндөө ярина. Хүүхдийн төвөө ажил хэрэг болгоно гэж зураг төсөл хийлгээд л, орлогоосоо урьдчилгааг нь өгөөд л явсан. Төсөл бичүүлээд л дүүргүүдийн нийгмийн халамжийн хүмүүстэй уулзаад л явсан сураггүй болсон доо.

-Мэдээж компани юм чинь энэ бүх тооцооны баримт байдаг биз дээ? Анхнаасаа шаардлага тавиад цэгцтэй байсан бол?  

-Мэдээж. Бүх баримтууд цэгцтэй байгаа. Сүүлдээ тэдний дураараа аашлах нь хэрээс хэтэрсэн болохоор 2 -3 салангид байсан дансаа халж, нэг л компанийн данс нээж төвлөрүүлж посын программ дээрээ авсан хүний нэр, утсыг бичээд, зээлсэн хүмүүс рүү нь байн байн залгаж өрөө нэхэж сүүлийн үүссэн төлбөрүүдийг банкны апп дээр захиалгат шилжүүлэг болгож нэлээд цэгцэлсэн. Бага багаар орлого оронгуут төлж эхэлсэн. Картанд мөнгө орж ирэнгүүт нь сахиж байгаад түрээс, материал, тооцоонуудаа тэр дор нь шилжүүлдэг болсон. Тэгээдю байхад л дундуур Энхзориг аль хэдийнээ “амжуулчихсан” байдаг.

-Гол нь энэ маргаан дуучин С.Амармандахтай яг яаж холбогдох болов?

-Ер нь бол Амараа ах ямар ч хамаагүй шүү дээ. Э.Энхзориг ямар ч гэмгүй хүнийг хэлмэгдүүлж байна. Өмнө нь ч Амараа рекэтлээд манайхыг авах гэж байна гэж худал үнэн юм ярьж байсан. Дэлгэрэнгүй тайлбарлая 2021 оны 5 сард хөл хорио тавигдаж, түрээсээ цаг хугацаандаа төлөх асуудал үүссэн. Бид түрээсээ цагт нь төлж чаддаггүй. Ингээд байвал Амармандах доор баар нээж байгаа. Танайхыг асууж байсан, тэднийд өгчихнө шүү гэж “Хадны мангаа”-гаар айлгадаг болов. Э.Энхзориг Амараа ах уулзая гэж байна гээд л уулзсан. Тэгээд л Амараа ах манайхыг авах гэж байхад нь би арайхийж болиуллаа гэдэг юм ярьдаг болсон. Яг үнэндээ Амараа ах юу ярьсныг хэн ч мэдэхгүй, их л эвтэй найртай ярилцаад байсан. Одоо бодоход манайхыг авах гээд аймар рекетлэж байснаа яагаад ганц удаа ирээд л больчихов? Яагаад надтай уулзсангүй вэ гэдэг сонин.

-Тэгээд дараа нь Амараад лоунжийн тоног төхөөрөмжөө зарсан. Энэ яг хууль ёсны дагуу хийгдсэн үү?

-Тийм ээ. Нэгэнт л хөрөнгө оруулсан хүний хувьд Чарльз ч мөнгөө асууж эхэлсэн. Компаниа хуваасан эсэх нь чиний асуудал гээд. Зөв л дөө. Ингээд түрээсээ төлж чадахгүй лоунжийг лацадсан учраас Амараа ахад тоног төхөөрөмжийг зарж Чарльзид мөнгийг нь шилжүүлсэн. Энд Э.Энхзориг ямар ч хамаа байхгүй. Энхзориг ажилласан. гэхдээ тэрийгээ хангалтай авсан. Үрсэн мөнгөө хадгалаад явсан бол бас овоо юм болох байсан биз. Хуваавал сүүлд авсан хэдэн буйдан, ширээгээ л хуваана биз. Сүүлд  авсан PS4 тоглоом авч явчихаад авчраагүй бараг түүний хоол болсон байх. Сүүлд “Жем палас”-ын хэд рүү та хэд Хосоотой нийлж намайг луйвардлаа гээд орилж хашгираад байсан. Э.Амармандахад тоног төхөөрөмжөө зарсны дараа  найзууд руу “Хосоод луйвардуулчихлаа. бөөнөөрөө нийлж гомдол гаргаад барьж авья” гээд л,  “Жем палас”-ынхныг элдвээр шантаажилсан. Тэр нь ч үр дүнд хүрч “Жем палас”-ынхныг шантаажилж пост тавиад, лонж онгойлгуулж юмаа аваад, постоо устгаад ташаа мэдээлэл байж гэсэн пост тавьчихаж байгаа юм. Би Хосоотой маргаад ийм пост биччихсэн юм гэж “Жем палас”-ийнхнаас уучлалт гуйсан байсан. Харин “Жем палас”-ынхан эд хөрөнгө авч явсан бичлэг хийж баталгаажуулсан. Тэрний дагуу Амараа ах аваачиж хураасан газраас нь юмаа авсан. Ийм л юм болсон. Мөнгөө төлөөд гэрээний дагуу юм авсан хүн чинь хууль ёсны өмчөө авалгүй яах вэ дээ.

Гэтэл хулгайч, Э.Энхзориг цагдаа сэргийлэхээр явж, хохирогч болж хувирсан. Надад бүх баримт падан, гэрээ, хуулга бэлэн байгаа юм чинь. Нэг өдөр цагдаагийн үүдэнд халз таараад уурлаад орилж хашгирах юм байх гэсэн чинь их л тайвнаар “Чарльз мөнгөө, Амараа хүссэн юмаа авчихсан. Жем бас болчихсон. Эцсийн эцэст чи бид хоёр л цагдаагийн үүд сахиад үлдэнэ. Чи нөхөрлөлөө бодоод, урьдны дурсамжаа санаад тэр эд зүйлсийн 50 хувь нь Э.Энхзоригийнх гээд мэдүүлэг өгчихөөч дээ” гэв. дуугүй сонсож байгаад л салав. Ингээд цагдаад баримт, мэдүүлэг өгсөн. Гурван удаа мөрдөгч нь солигдсон. Харин Э.Энхзориг тэрнийх гэх падан байхгүй. Хуурамчаар хуулга хийлтэй нь биш. Сүүлд нэг тээврийн бичиг гээд хятад хэл дээрх цаас, манай хадам ээж урдаас баахан юм авчирч өгсөн гээд нэг хятад бичигтэй, хуулга нь өөр хүнийх, гүйлгээний утга нь зөрүүтэй цаас л үзүүлсэн. Тэгээд л ойлгомжтой болсон. Тэгсэн чинь хэрэг хаагдсаны бүр дараа гэнэт талбай дээр лайвдаж эхлэсэн. Үүнээс хойш юу болж байгааг бүгд мэдэж л байгаа.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Гол нь энд Амараа ах ямар ч хамаагүй гэдгийг хэлмээр байна. Олны танил болохоор нь л зуурч авсан юм байлгүй дээ. Харин би бол гэмгүй хүнийг ийм зүйлд хутгалдуулж байгаад ичиж байна. Мэдээж асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ байх. Гол нь би С.Энхзоригт

Чи өөрөө хөдөлмөрлөөд өөрөө хоолоо олж ид. Чамайг тэжээхэд миний нас ч дийлэхгүй нь. Чи зөвхөн намайг янз бүрээр хэлсэн бол би тоохгүй. Харин бусад гэмгүй хүмүүсийг бүү гүтгэж хохироо. Энэ бүхний дараа чамайг ямар нүүрээрээ амьдарна аа л гэхээс санаа зовж байна. Чи нэр нүүрээрээ хоолоо олдог хүн шүү гэж хэлмээр байна.

-Таны ярианаас Э.Энхзориг нэлээн үрэлгэн хандсан гэж ойлголоо. Энэ бүх тооцоогоо 2 уулаа сууж байгаад хиймээр юм биш үү?

-Би үнэхээр ингэж хүсээгүй. Даанч миний эсрэг хийж байгаа энэ үйлдлүүдээс болоод шүүхэд хандан урьд нь миний авах ёстой байсан ч Э.Чинзоригийн дураараа үрж ашигласан мөнгөний талыг, мөн миний хувиасаа төлсөн, мөн төлөөгүй байгаа компанитай холбоотой өр төлбөрүүд, мөн урьд нь нэг ч төлж байгаагүй, яаж орж хардгийг нь ч мэдэхгүй татварын сайтан дээр өрөө хуваан төлөх, цаашлаад бэлэглэлийн гэрээгээ цуцлах гомдол гаргах хангалттай шалтгаан боллоо. Өмчийг 50 хувь эзэмшиж, үрэх эрхтэй байсан шигээ 50 хувийн үүргээ ч хүлээх ёстой. Тэгэхээр би шүүхэд хандана. Надад хангалттай баримт байгаа.


URL: