“Сибирийн хүч” хоолойгоор Хятад руу нийлүүлж буй хийн хэмжээ нэмэгдсээр байна

712-1651480021626f96af87a57МОСКВА. /RT/. “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор Хятад руу нийлүүлж буй Оросын байгалийн хийн хэмжээ нэмэгдсээр байгаа тухай “Газпром” компани мэдээлжээ.

“Газпром болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хооронд байгуулсан хоёр талын урт хугацааны гэрээний дагуу “Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан Хятад руу экспортолж буй хийн хэмжээ нэмэгдэж байна. 2022 оны эхний дөрвөн сарын нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 орчим хувиар нэмэгдсэн” гэж тус компанийн “Telegram” сувагт гарсан мэдээлэлд дурдсан байна.
“Сибирийн хүч” бол “Газпром”, CNPC-ын хамтарсан төсөл юм. Хийн дамжуулах уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлжээ. Энэхүү 3000 км урт дамжуулах хоолойгоор Оросын байгалийн хийг БНХАУ-д 2019 оны сүүлчээр нийлүүлж эхэлсэн бөгөөд 2020 онд 4.1 тэрбум шоо метр хий нийлүүлжээ. 2025 он гэхэд төслийн жилийн хүчин чадал 38 тэрбум шоо метрт хүрэх хүртэл нийлүүлэлтийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хоёрдугаар сард гарын үсэг зурсан шинэ гэрээг харгалзан үзвэл “Алс Дорнод”-ын чиглэлээр Хятад руу нийлүүлэх нийт хүчин чадал жилд 48 тэрбум шоо метр болж магадгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: