Хэмнэх гээд намнах вий дээ

712-1652138413Хэмнэх-гээд-намнах-вий-дээ“Хүчний байгууллагын Спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын улсын  хороонд шилжинэ”

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Тус хуульд үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд спорт, урлагийн арга хэмжээ, баг, тамирчин, урлаг соёлын хамтлаг, дуучин ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хөдөлмөрийн дотоод журам заагаагүй хандив, тусламж, дэмжлэг өгөхийг төрийн байгууллагуудад хоригложээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд ярьсан. Спортын хороодыг тусгай хүчний байгууллагуудын бэлтгэлд зориулан байгуулсан.
Үндсэн алба хаагч биш бол тамирчдыг энд байлгах нь буруу юм. Тиймээс спорт хороодыг Биеийн тамир, спортын хороонд нэгтгэх зохион байгуулах нь зөв гэж үзсэн. Эдгээр асуудлыг 2023 оны төсөвт авч үзнэ.  Тамирчид хүчний байгууллагын орон тоонд орж ажиллаад байдаг. Гэтэл тэр тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу гэдэг асуудал бий. “Алдар” спорт хорооны тамирчид Биеийн тамир спортын хороонд шилжинэ. Спорт хороонд зөвхөн хүчний байгууллагын алба хаагчдыг үлдээгээд, тамирчдыг шилжүүлнэ” гэлээ.
Ажилгүй болсон дасгалжуулагчид хаачих вэ?
Спорт, үүссэн цагаасаа хойш өдийг хүртэл хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл, улс орноо дэлхийд таниулах хэрэгсэл болж хөгжжээ. Тухайн улсын хөгжлийг спортын амжилтаар нь дүгнэхэд ч хилсдэхгүй. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ 32 олимпийн наадмын 30-д нь амжилтаараа тэргүүлсэн байдаг. БНХАУ-ын эдийн засаг томрох тусам олимпийн амжилт нь ахисаар байгаа. Улс орныг дэлхийд сурталчлах хариуцлагатай салбар бол спорт. Манай орны спортын хөгжил тамирчдын амжилтын гол цөм нь хүчний байгууллагуудын спорт хороод. Тамирчны амжилтын үндэс нь санхүүгийн асуудалгүй байдал. Тамирчны цалин амьдралд нь хүрэлцэхгүй бол өөр ажил хийж нэмэлт орлого олох шаардлагатай болно. Энэ нь амжилтад сөргөөр нөлөөлнө. Тамирчдын цалин, бэлтгэлийг тасалдуулахгүй байх боломж нь спорт хороод. Спорт хороо үгүй болвол тамирчид зөвхөн улсын шигшээ багт багтаж байж л цалинтай болно. Улсын шигшээ багт багтах суурь нь спорт хороодын дугуйлангийн бэлтгэл. Хэрэв спорт  хороодыг татан буулгавал тэнд ажилладаг багш дасгалжуулагчид цалингүй болно. Хэдий тухайн спортдоо хайртай гээд цалингүй ажиллах боломжгүй. Дасгалжуулагчгүй бол тамирчин гэж үгүй.
Энэ тухай Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч  МУГД Ц.Хосбаяр “Алдар спорт хорооны чөлөөт бөхийн багт орон тооны найман тамирчнаас гадна насанд хүрэгчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн насны хүүхэд нийтдээ  120 гаруй тамирчин дөрвөн ээлжээр секц дугуйланд хамрагдаж амжилт гаргаж байна.
Бид төр засгийнхаа бодлогыг дэмжээд их спортоос гадна нийтийн биеийн тамирыг бүрэн утгаар нь хэрэгжүүлээд явж байна. Ингэж шууд хар муйхраар зүтгэвэл их спорт шууд л сүйрнэ” гэлээ. Спорт хороодыг татан буулгавал Ц.Хосбаяр тэргүүтэй олон дасгалжуулагч ажилгүй болно. Дасгалжуулагч бүхэн клуб байгуулж ажиллаж чадахгүй. Мөн бүгд шигшээ багийг дасгалжуулах боломжгүй.
Суурь боловсролгүй академик боловсрол олгох боломжгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Байр эзэлсэн тамирчдын 50 хувь нь спорт хороодын харьяатай. Багийн дүнгээр ч эхний байранд “Алдар” спорт хороод шалгарсан. Улсын аваргад олон спорт хороо, клуб оролцож байж тэмцээн чанаржиж дотоодын өрсөлдөөн чангарна. Дотоодын өрсөлдөөн чангарах тусам олон улсад үзүүлэх амжилт өснө. Олон хороо клуб байхын өөр нэг давуу тал нь спортоор хичээллэгсдийн тоо олширно. Энэ нь тамирчдын амжилт, болон нийтийн биеийн тамирт эерэг нөлөөтэй. Спорт клуб гэдэг хичээллэж буй хүүхэд, тамирчдын сургалтын төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг. Төлбөрийн чадамжгүй спортын авьяастай, хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг угтан авдаг байгууллага нь спорт хороод. Спорт хороод нэг талаараа Монголд ховор спорт сургуулийг орлож байгаа юм. Суурь боловсролгүй академик боловрол олгох боломжгүй. Түүнтэй нэгэн адил хүүхдүүдээ өсвөр наснаас нь бэлдэхгүй бол улсын шигшээ багийг бүрдүүлэх боломжгүй билээ.
Спорт хороодыг татан буулгавал армийн дэлхийн аваргад хэн оролцох вэ?
Одоогоос наймхан сарын өмнө “Боксын тамирчин Б.Чинзоригт Армийн дэлхийн аварга боллоо” гэж улс даяараа бахархан ярьж байсан. Ирэх зургаан сард сагсан бөмбөгийн Армийн Азийн аварга болно. Түүнд оролцохоор Алдар спорт хорооны “Алдар Танан Гарди баг” бэлтгэлдээ гарчээ. Үеийн үед Армийн дэлхийн аварга,  Цэргийн нэгдсэн их наадам гэсэн томоохон тэмцээнд монгол тамирчид ид хаваа гайхуулж оролцдог. Хэрвээ спорт хороод үгүй болвол эдгээр тэмцээнүүдэд хэн оролцох вэ, ямар амжилт гаргах вэ гэдэг нь асуулт болж үлдэнэ. Армийн дэлхий аваргад алдар цуугаа мандуулж явсан “Алдар” спорт хорооны гавьяат тамирчин Г.Мандахнаран “Хүчний байгууллагуудын тамирчид маань олимп, дэлхийн медалиудын 70-аад хувийг авчирсан статистик байдаг юм билээ. Спорт хороод чинь үндэсний шигшээ багт нэг үгээр хэлбэл улс орноо төлөөлөн олимп тив, дэлхий, олон улсын хэмжээнд өрсөлдөх, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах тамирчид бэлтгэдэг суурь нь юм шүү дээ. Энэ асуудал бол хүнийг цэцэрлэг, 10 жилийн боловсрол эзэмшүүлэхгүйгээр шууд их сургуульд суралцуулна гэсэнтэй агаар нэг. Хэмнэх биш спортын салбараа уналтад оруулвал, эргээд сэргээх гэж олон жил, илүү их хөрөнгө зарцуулна. Таван жилийн дараа дэлхийд өрсөлдөх тамирчингүй болсон хойно амаа барих вий дээ” гэсэн юм.
С.Шижирбат: Спорт урлагийнхнаас болж Монгол улс хүнд байдалд орсон юм уу?
Бөх тайлбарлагч С.Шижирбат Спорт хороодыг татан буулгах асуудлаар нийгмийн сүлжээнд өөрийн байр сууриа ийн илэрхийлжээ. “Олон жилийн түүхтэй хууль хүчний байгууллагуудын спорт хороод Монголын их спортод үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тусгаар тогтносон улсынхаа төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлдэг ганц спортын салбараа юунд ад үзээд байна.
Дэлхийн хүн төрөлхтөн спорт, урлаггүйгээр амьдарч чадахгүй. Дан ганц улсын шигшээ багийн хэдхэн тамирчид спортыг авч явдаггүй. “Алдар”, “Хүч”,
“Хилчин”, “Сүлд”, “Аврагч” гэсэн спорт хороодыг татан буулгавал Монголын их спорт сүйрэл рүү явна.
Төсвийн хэмнэлтэнд бусад танаж болох өчнөөн зүйлүүд байгаа шүү дээ. Бусад орны тамирчдын цалин хангамжийн дэргэд манай тамирчдынх санаа зовмоор бага.  Бүх улсын хууль хүчний байгууллагууд спорт хороотой байдаг. Үүнд  албан хаагчдын бие бялдрын хөгжил, нийтийн биеийн тамир, цэрэгжилтийн биеийн тамир багтсан. Урт наслахын үндэс нийтийн биеийн тамир шүү дээ. Манай татан буулгах гээд буй спорт хороодод олон тамирчин байдаггүй. Байгаа хэд нь харьяа газартаа үндсэн ажлаа хийгээд хажуугаар нь бэлтгэлээ хийдэг. Мөн цалингийн доод хэмжээгээр цалинждаг” гэсэн байна.
Тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдааны  үеэр Ж.Ганбат “Тамирчид хамгаалалтад гарч зогсдог уу гэдэг асуудал бий” гэж байсан. Энэ талаар аймгийн хурц арслан Б.Баянмөнхөөс тодруулахад “Би Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин. Ахлах ахлагч цолтой албан хаагч. Сошиал орчинд хүмүүс урлаг, спортынхон ажил хийхгүй цол авчихлаа гэж шүүмжилдэг. Миний хувьд цагдаагийн байгууллагад 10 гаруй жил алба хааж, эргүүл хамгаалалтад гарч, хийх ёстойгоо хийгээд авах журмынх нь дагуу цолоо авсан. Зуны хугацаанд бусдын адил 1-2 сарын чөлөө аваад баяр наадамдаа зодоглодог. Үүнийг хамт алба хааж байгаа бүх хүн мэдэж байгаа. Зарим барилдаан, тэмцээний  үед ээлжээ солих дараа нь нөхөж гарахаар зохицуулдаг” гэв. Энэ мэтчилэн тамирчид тухайн хүчний байгууллагадаа алба хааж, ажил хийдгээ илэрхийлж байлаа. Монголын спортыг “Хүч”-гүй болгосон саяхны гашуун түүх арилаагүй. Харин одоо “Алдар”-гүй, “Сүлд”-гүй болгохоор зэхэж байна. Манай орны спортыг үүрч явдаг хэдэн спорт хорооны намтар гунигтайгаар төгсвөл Монголын спортын хөгжилд шууд уналт болно. Олон зуун тамирчдын ирээдүйд хортойгоор нөлөөлөх юм. Өсвөр үе, залуучуудын шигшээ багууд, секцүүд үгүй болно. Хэмнэх гэж байгаад намначих вий дээ.
Б.Дэмбэрэлням
Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин


URL: