Б.ЖАВХЛАН: “Самурай” бондыг 2023 онд төлж дуусгах ёстой

1ace8c13701b694ab804c4e0347f5c5a

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар гарсан гол шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Энэ үеэр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн болон бондын эргэн төлөлтийн талаар гаргасан шийдвэрийг сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр  “Нэгдүгээр  сарын 20-нд Хөгжлийн банктай “Кью Эс Си” компани шүүхээр маргалдаж энэ асуудал  Дээд шүүхээр шийдвэрлэгдэж иргэд олон нийт энэ талын мэдээлэлтэй болсон. Түүнээс хойш Хөгжлийн банкны чанаргүй зээл олны анхаарлын төвд орсон. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн  201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн байна. Мөн “Кью Эс Си”  компани ойрын хугацаанд 60 тэрбум төгрөг нэмж төлөх талаар бидэнд мэдээлсэн. Нийт 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөж дууссан гэсэн үг. Засгийн газрын хувьд Хөгжлийн банканд анхаарал хандуулсан гол шалтгаан нь  тус Хөгжлийн банк дээр байгаа дараа жил төлөх хоёр бондын асуудал байгаа. “Евро” бонд нь 2023 оны аравдугаар сарын 20-нд сард төлөгдөх 500 сая ам.доллар одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөг. Дараа жилийн арван хоёрдугаар сарын 23-нд төлөх 30 тэрбум иен буюу “Самурай” бонд одоогийн ханшаар 313 тэрбум төгрөг өр байгаа. Энэ хоёр өрнөөс онцгой анхаарах нь “Самурай” бонд учир нь Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк төлж чадахгүйд хүрвэл үүнийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө. Энэ хэмжээний дарамт төсөв, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ. Тиймээс ийм эрсдэлтэй учрахгүйн тулд энэ оны нэгдүгээр  улирлаас Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ авч эхэлсэн.  Цаг хугацааны хувьд энэ оны зургаадугаар сараас 30-нд  мөн арван хоёрдугаар сарын 31 гэдэг хоёр чухал хугацаа байгаа. Өөрөөр хэлбэл арван хоёрдугаар сарын 31-нд тайлан баланс эцэслэгдэнэ. Энэ балансаар тайлан муу гарвал тус банкийг  татан буулгах хүртэл арга хэмжээ авна. Хэрвээ бид амжилттай чанаргүй зээлүүдийг барагдуулсан тохиолдолд 2023 онд дахин санхүүжилт хийнэ, “Евро” бонд хугацаанд нь төлөгдөнө, “Самурай” бондыг хугацаанд нь төлж чадна. Тийм учраас энэ жил чанаргүй зээлүүдэд анхаарал тавьж багадаа 50 хувийг нь төлүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Хөгжлийн банкнаас “Самурай” бондыг төлж чадаагүй тохиолдолд зөвхөн энэ банк дампуураад өнгөрөх бус, олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ. Өнөөдөр Засгийн газарт танилцуулсны дагуу “Самурай” бондыг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 260 тэрбум төгрөгөөр  урьдчилан төлөх боломж бүрдэж байгаа  учир  хэсэгчлэн төлж бай гэсэн чиглэл өгсөн.   260 тэрбум нь “Самурай” бондын 37 орчим хувь болно. Энэ жилийн хувьд 800 орчим  тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа”гэв.


URL: