Зүүн Африкийн анхны хурдны замыг туршилтын журмаар нээлээ

2022051515333085242Кени улсын Найроби хотын хурдны замыг энэ сарын 14-нд туршилтын журмаар нээжээ. Зүүн Африкийн энэхүү анхны хурдны замын нийт урт нь 27.1 км бөгөөд Жомо Кениата олон улсын нисэх онгоцны буудал, Найроби хотын худалдааны төвийн бүс, ерөнхийлөгчийн ордны орчмын бүсийг холбосон, цагт 80 км-ын хурдны хязгаартай байхаар зураг төслийг нь хийсэн байна. Уг хурдны замыг нээснээр хотын төвийн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг эрс багасгаж, автомашины зорчих зардлыг бууруулан, хотын үйл ажиллагааны үр ашгийг ихээр нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

Кенийн Зам тээвэр, дэд бүтэц, орон сууц, хотын хөгжил хариуцсан сайд Жеймс Мачариа Найроби хурдны замын туршилтын нээлт дээр хэлсэн үгэндээ, “…энэ бол түүхэн төсөл. Кени, Хятад хоёр орон дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Найроби хотын хурдны зам ашиглалтад орсны дараа хотын хөгжилд ихээхэн хувь нэмэр болж, Кени улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих болно” гэжээ.

Кени улсын Засгийн газар, нийгмийн хөрөнгийн хоорондын хамтын ажиллагааны анхны төсөл болох Найробийн хурдны замыг Хятадын Зам гүүр инженерийн ХХК болон Кенийн засгийн газар хооронд байгуулсан “бүтээн байгуулалт-ашиглах-шилжүүлэх” гэрээгээр барьж байна. Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг Хятадын тал хариуцан гүйцэтгэх бөгөөд төслийн концессын хугацаа 30 жил, үүнд бүтээн байгуулалтын 3 жил, ашиглалтын 27 жилийн хугацаатай. Хугацаа дууссаны дараа төслийн хөрөнгө, байгууламжийг Кенийн талд үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх юм байна.


URL: