УИХ-ын дарга айхдаа улс дампуурсныг зарлачихав уу

-МОНГОЛЧУУДАД БИШ, МАН-ЫН УДИРДЛАГУУДАД “МОНГОЛООС ХӨӨГДӨХ ВИЙ” ГЭЖ АНХААРУУЛСАН ГЭВ ҮҮ-

УИХ-ын даргын үг монголчуудын хувьд хамгийн хариуцлагатай, хамгийн баталгаатай, хамгийн үнэн үг байх ёстой. Энэ утгаар түүний өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы үеэр хэлсэн “2030 он гэхэд бид Монголоос хөөгдөж мэдэхээр байна, өрийн цасан бөмбөлөгөөр бол” гэх үг Монголын өнөөдрийн бодит чадамжийг маш тодорхой хэлсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр “Галзуурахад ганц хуруу дутуу” гэдэг шиг “Монгол дампуурахад ганц хуруу дутуу” байгааг албан ёсоор зарлачихав уу даа. Үнэхээр ч Монголын эдийн засаг “сэхээнд” ороод багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газрын удирдлагууд энд тэндээс зээл, тусламж, хандив, элдэв бонд босгож болох бүхнийг эрэн бэдэрч байгаа ч амжилтад хүрсэн юмгүй сандарч байгаа. Ядаж байхад мөрөөдлийн төсвийнхөө дийлэнхийг нүүрснээс бүрдүүлнэ гэж төсөөлөөд баталчихсан. Бодит байдал дээр урд хөрш манай нүүрсийг авсан юмгүй, бараг тоохгүй байгааг өнгөрсөн хугацаанд өрнөсөн олон үйл явдал гэрчилнэ. Бид Самурай, Чингис, Гэрэгэ гээд авч болох бүх бондоо авч, түүнийгээ дараагийн бондоор нь төлсөөр хэрхэн балраад явж байгааг УИХ-ын дарга “Улсаасаа хөөгдөх вий, ял нь бидэн дээр ирэх вий” гэж айхдаа хэлчих шиг боллоо. Мөн “Эдийн засаг цаашид улам хямарна, монголчуудаа бүсээ чангал. Улс та нарыг тэтгэх, боломжоор хангах нь битгий хэл өөрсдийгөө яая гэж байгаа шүү” гэсэн дохио. Эсвэл улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж ирснийг зарлаж буй сануулга ч байж мэднэ. Учир нь, УИХ-ын дарга, цаашилбал хашир туршлагатай улстөрч иймэрхүү мэдэгдэл бүхий сануулгыг зүгээр ч нэг хэлчихгүй нь тодорхой.

Өөрөөр хэлбэл, тэр “Галзуурахад ганц хуруу дутуу” гэдэг шиг “Монгол дампуурахад ганц хуруу дутуу” байгааг албан ёсоор зарлачихав уу даа

Түүний чуулганы үеэр хэлсэн үгийг сануулбал, “Загасны ой санамжтай, тооцоо судалгаагүй, ойрын хараатай, 2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удирдлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүргэх өрийн цасан бөмбөлөгний онолоор яваад байна. Бондыг бондоор, өрийг өрөөр төлж явсаар цасан бөмбөгийн онолоор өр улам л нэмэгдчихлээ. 2011 онд манай улс 9.6 тэрбум ам.долларын өртэй байсан бол одоо 30 тэрбум ам.доллар болсон. Тухайн үед бид нэг хүнд 14 саяын өр ногдож байна гэж байсан. 2016 онд улсын өр 21.4 тэрбум ам.доллар болсон. Улсын өр, Засгийн өр гэж манайхан бодоод байна. Төлбөрийн тэнцэл чинь эцсийн дүндээ Монголоос л гарна шүү дээ. Өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулсаар байна. Хатуу анхааруулж хэлэхэд, нийгмийн даатгалын сангийн өр 2030 онд 16 их наядад хүрэх тооцоотой. Өр энэ байдлаараа явбал 2030 онд 40 тэрбумд хүрнэ. Зимбабве, Замбигаас бид ДНБ-ий гадаад өрийн хэмжээгээрээ дутуугүй болчихоод байгаа. Ирээдүйд би Монголоос хөөгдөхгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. “Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа” гэж хэлүүлэхгүйн тулд үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ, угаасаа” хэмээсэн билээ. УИХ-ын даргын аюулын харанга дэлдээд байгааг дуулгасан гадаад өр өдгөө хэрхэн “цасан бөмбөлөг” болж байгаа тоон мэдээллийг сонирхоё.

33.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРЬЦААНД БУЙ НЬ ҮНЭН

Монголбанк 2021 онд Монгол Улсын нийт гадаад өр 33.2 тэрбум ам.доллар болсныг мэдээлсэн. Гадаад өрийн хэмжээ өмнөх оноос 2.5 хувиар өссөн байна. Гадаад өрийг бүтцээр нь задлаад харвал 25.5 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрын гадаад өр аж. Засгийн газрын гадаад өр өмнөх оноос бага зэрэг буюу 1.9 хувиар буурчээ. Үүнээс 36.9 хувийг нь компани хоорондын зээл буюу шууд хөрөнгө оруулалт эзэлж байна. Монгол Улс олон улсын зах зээлээс найман удаа бондын санхүүжилт татаад байгаа бөгөөд эдгээр нь гадаад валютаар гаргасан бонд юм.

Үнэхээр ч Монголын эдийн засаг “сэхээнд” ороод багагүй хугацаа өнгөрч буй. Засгийн газрын удирдлагууд энд тэндээс зээл, тусламж, хандив, элдэв бонд босгож болох бүхнийг эрэн бэдэрч байгаа ч амжилтад хүрсэн юмгүй сандарч байгаа

Гадаад өр үр үүсгэж байгаа хамгийн том шалтгаан нь төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдал. Айл өрхөөр яривал Монгол Улс жил болгон орлогоосоо давсан зардалтай, илүү гаргасан зардлаа зээл авч нөхдөг гэсэн үг. Жишээ нь, сүүлийн 13 жилийн улсын төсвийг авч үзвэл 10 жилийнх нь төсөв дандаа алдагдалтай. Уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхтэй уралдан төсвийн орлого, зарлагаа нэмж ирсэн. Эсрэгээрээ түүхий эдийн үнэ буурах үед төсвийн орлого, зарлагаа бууруулдаггүй урвуу бодлоготой явжээ. Энэ жил гэхэд хил, гааль ложистикийн хямралаас болж экспорт үлэмж саарсан байхад хамгийн өндөр орлого, зардлагатай төсөв баталсан. Алдагдал нь 1.7 их наяд төгрөг бөгөөд мөн л зээлээр нөхнө.

Энэ жилийн хувьд гадаадын өрийн эргэн төлөлтийн дарамт байхгүй ч ирэх 2023 онд өнөөдрийн үүсээд буй 33.2 тэрбум ам.долларын өрийн тэн хагасыг эргэн төлөх хуваарьтай. Тухайлбал, 2022 онд “Чингис” бондын 140 орчим сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 540 орчим сая ам.доллар, “Самурай” бондын 300 орчим сая ам.доллар байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, хувийн хэвшлийнхэн 2023 онд нийт эдийн засгийнхаа 65 хувьтай тэнцэх буюу 10 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлт юм.

Нэгэн цагт одоогийн Ерөнхийлөгч, тухайн цагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Манай улсын гадаад харилцаа, гадаад бодлого, гадаад өртэй холбоотой асуудал нэг л цонхтой байна. Гадаадад гарчихаад янз янзын олон ургалч үзэл ярьж болохгүй. УИХ-ын гишүүд нь ч тэр,  сайд дарга нар нь ч тэр,  аймаг орон нутгийн удирдлагууд болон иргэд ч тэр нэг л амаар ярьж, нэг л бодлого баримтална. Үүнийг хатуу зааж хэлж, сургаж өг” хэмээн үүрэг болгож байсан. Үүнтэй холбовол УИХ-ын даргын “Монголоос хөөгдөх вий” гэх үг зүгээр ч нэг бухимдахдаа хэлсэн үг биш бололтой. Түүнийг У.Хүрэлсүхийн фракцад хүч нэмж явж буйг, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй улс төрийн гал тогоонд томоохон “зодоон” өрнүүлээд багагүй хугацаа өнгөрүүлж буйг хэн хүнгүй ярьж буй. Ийм ч учраас 2024  он хүртэл аргалчихвал болно гэж бодоод байгаа юм биш биз дээ” гэсэн биз ээ. Ямартай ч улсын наадмаас өмнө Үндсэн хуулиар дахин “оролдох”-оо бүрэн илэрхийлж, боломжит бүхнийг хийж байгаа Ерөнхий сайдын санааг ах нар нь гүйцэлдүүлэхгүйг хэрэндээ хичээж буй. Үндсэн хуульд тэд өөрчлөлт хийчихвэл, улс төр тэднийхээр жаахан л өрнөвөл Г.Занданшатар, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг тэргүүтэй ах нарын армийг маш цэвэрхэн “арчих” схем гарчихсан гэх бор шувуу Саарал ордноос сонсогдоод багагүй хугацаа өнгөрсөн. Энэ мэт улс төрийн нөхцөл байдлаас айхдаа “Улс дампуурч байна” хэмээсэн юм биш байгаа. Эс бөгөөд олонх болсон намын дарга ийм мэдээллийг тийм ч амархан амнаасаа унагахгүй нь бараг хууль билээ.

         …Ирээдүйд би Монголоос хөөгдөхгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. “Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа” гэж хэлүүлэхгүйн тулд үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ, угаасаа…

 

https://ergelt.mn/news/35/single/21286


URL: