Өрийн дарамтад орсон эцэг, эх 10 настай охины хамт АМИА ХОРЛОЖЭЭ

114БНСУ-ын эргийн хамгаалалтын ажилчид орон даяар эрэн сурвалжлагдаж байсан гэр бүлийнхний цогцсыг өнөөдөр өглөө (2022.06.30) Уандугийн ойролцоох далайгаас машинтай нь олжээ.

Гуанжу хотын цагдаагийн газар болон Уандугийн эргийн хамгаалалтын ажилчид 10 метрийн гүнээс тэдний машиныг гарган авчээ. 10 настай Жу Юн А болон түүний эцэг, эх уг машинд зорчиж явсан болох нь тогтоогдоод байгаа бөгөөд их хэмжээний өрөнд орсон тэд ор сураггүй алга болоод байсан юм.

Ялзарч муудсан цогцоснуудыг хурууны хээ болон бусад зүйлсийн тусламжтайгаар таних ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Тэдний машиныг энэ сарын 29-ний өдрийн шөнийн 23:00 цагийн орчимд олжээ. Талийгаачид машиныхаа цонхыг будсан байсан учраас цогцоснуудыг гаднаас нь хараад таних боломжгүй байсан аж. Хаалга болон цонхыг онгойлгосон тохиолдолд нотлох баримтууд устах магадлалтай тул машиныг уснаас гаргатал онгойлгохгүй байх шийдвэрийг эрх баригчид гаргасан байна. Тэд өнгөрөгч тавдугаар сарын 30-ний өдөр буудаллаж байсан зочид буудлаасаа гарсны дараа ор сураггүй алга болсон юм.

Охиныхоо ангийн багшид тавдугаар сарын 17-ны өдөр нэг сарын хугацаатайгаар Чэжү арал руу амралтаар явах болсон тухай эцэг, эх нь мэдэгдэн чөлөө авсан байна. Чөлөөний хугацаа дууссан ч 10 настай Юн А охин хичээлдээ ирээгүй гэнэ. Эцэг, эхийнх нь утас холбогдох боломжгүй байсан учир сургуулийн удирдлага гэрт нь очин шалгахаар шийджээ. Тэднийг очих үед шуудангийн хайрцаг нь задлаагүй шуудангаар дүүрсэн эзэнгүй гэр угтжээ. Зургаадугаар сарын 22-ны өдөр сургуулийн удирдлага тэднийг сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад бүртгүүлсэн байна.

Цагдаа нар уг мэдүүлгийн дагуу шалгахад тэдний гэр бүлийнхэн Чэжү аралд ирээгүй болох нь тогтоогдсон бөгөөд тавдугаар сарын 24-31 ны өдрүүдэд Ванду дахь зочид буудалд буудалласан нь ил болжээ.

Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 30-ны өдөр зочид буудлаасаа гарч яваа нь хяналтын камерт бичигджээ. Ээж нь охиноо нуруундаа үүрэн, аав нь тортой зүйлс барин машинруугаа явж байгаа нь бичигдсэн бөгөөд үүнээс хойш тэдний утас салж, холбоо тасарсан байна.

Хэргийн тухай товчхон:

Охины эцэг эх Луна криптовалют худалдаж авснаар санхүүгийн алдагдалд орж, их хэмжээний өрөнд орсон байж болзошгүй гэнэ. Тэдний компьютер дээрх хайлтыг шалгах үед амиа хэрхэн хорлох вэ, нойрны эм хэрэглэх заалт зэрэг хайлт ихээр илэрсэн байна. Тус гэр бүлийн зээлийн картны өр 100 сая гаруй вонд хүрчээ.

Гэрт нь шалгалт хийх үед өрийн бичиг, банкны зарлан, битүүмжлэлийн бичиг зэрэг ихээр олдсон байна. Охины эцэг, эх дөнгөж гуч гаруйхан настай байжээ. Тэднийг өрийн дарамтаа дийлэхгүй болсон учраас амиа хорлох шийдвэр гаргасан байж болзошгүй хэмээн таамаглаж буй. Тэд амиа хорлох сонголт хийх хүртлээ машины зээл болон орон сууцны төлбөр зэргээ цаг тухайд нь төлж байжээ. Хогоо хүртэл хичээнгүйлэн ангилан ялгаж буй Юн А охины ээжийн үйлдэл камерын дуранд бичигдэн үлдсэн байх бөгөөд сахилга баттай, үнэнч шударга тэдний гэр бүлийн харамсалтай түүх олон хүнд сургамж болж байгаа ажээ.

Зарим интернэт хэрэглэгчид 10 настай Юн А охины өмнөөс харуусан гашуудаж, эмгэнэл илэрхийлсээр байна.

БНСУ-д төдийгүй олон улсад криптовалютаас үүдэн өрөнд орсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа тул эрсдэлтэй алхам хийхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: The korea times 

https://news.zindaa.mn/4963?fbclid=IwAR2SGMMO-oEQWpGUif2qdoty_KEBg7S4Q2VJpvckEHFb2ue8Iw3XIVVAIWM


URL: