Төрийн соёрхолт Ш.ГҮРБАЗАР: Бие давхар эхнэрээ дагуулаад “Зохиолч болно” гээд хотод ирж байлаа

Шинэхэн Төрийн соёрхолттой уулзахаар Эх нялхсын эмнэлгийн хойд талын Хашчулууны гудамжинд очлоо. Ярилцагч маань ч их чухал ажил амжуулж яваа бололтой хоёр цаг хэртэй гадаа хүлээлгэж байна. Хоёр цаг өнгөрсний дараа нэг их яарсан шинжгүй уужуу, тайван алхалсаар шавилхан биетэй ярилцагч маань гарч ирлээ. Улаан зангиа, хар хослол донжтой гэгч нь зохисон ярилцлагын маань ээлжит зочин шинэхэн Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазар юм л даа.

                 Өнгөрсөн лхагва гарагт Төрийн соёрхол хүртсэнээс нь хойш ярилцагчийн маань ажил, төлөвлөгөө амжихаа байсан гэх учир бид ийн давчуу уулзаж байх. Тэгээд л Төрийн соёрхолт Ш.Гүрбазар гуай бид хоёр ярилцлагаа явуут дундаа эхлүүлэв.

-УРАН ЗОХИОЛЫН САЛБАРТ ҮЗГЭЭ ТАВИАГҮЙ 50 ГАРУЙ ЖИЛДЭЭ ГУРВАН ЯРУУ НАЙРГИЙН НОМ, ШҮЛЭГЛЭСЭН РОМАН, 60 ГАРУЙ ЖҮЖИГ, 400 ОРЧИМ ДУУНЫ ШҮЛЭГ БИЧЖЭЭ-

-Юун түрүүнд олны хайр, хүндэтгэл хүлээсэн гурван бүтээлээрээ Төрийн соёрхол хүртсэнд тань дүүрэн баяр хүргэе. Хоёулаа ярилцлагаа манай уншигчдад баярын сэтгэгдлээ хуваалцахаас эхлэх үү дээ?

                 -Баярлалаа. Би Төрийн ордноос гарахаасаа эхлүүлээд нэг л үгийг давтан давтан хэлээд байгаа юм аа, Гүрээ ах нь. Монголоо, нутаг, уул, усаа гэж санаж, залбирч явах хариуд нь их том буян өгдөг юм байна аа гэж санагдаж байлаа.

-Төрийн соёрхол хүртэх гээд зогсож байхдаа нулимс дуслуулж байгаа харагдсан. Сэтгэл тань их хөдлөв үү?

                 -Хүн бүрд догдлол гэдэг өөр өөр. Хүн чинь сэтгэлийн амьтан гэдэг дээ. Араатнаас ялгарч байгаа зүйл маань л догдлол.

                 Одоо би тэр үед нулимс дуслуулснаа нуугаад яах вэ. Би Монголын утга, уран зохиолын салбарт тавдугаар ангиасаа бичиж эхэлснээсээ хойш 50 гаруй жил үзгээ тавиагүй шүү дээ. Ерөнхийлөгч Төрийн соёрхол хүртээж байхдаа “Монгол таныг ингэж үнэлж байна” гэж хэлэхэд догдлохгүй хүн байхгүй байлгүй. Тэр үед ч авах ёстой юм шиг зогсож байсан даа, самсаа шархирч байна.

-50 гаруй жил үзгээ тавилгүй туурвихдаа энэ шагналыг хүртэнэ гэж бодох сөхөө байв уу. Та болон таны ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхнээс хэн нь их хүлээсэн байна вэ?

                 -Үнэн хэрэгтээ би Төрийн соёрхол хүртэнэ чинээ бодож байсангүй. Ингэхээр ярилцлага уншиж байгаа хүмүүс худлаа хэлж байна л гэж бодно доо. Уран бүтээлч хүн чинь урам авах дуртай. Магад ингэж урам авсаар л би энэ хугацаанд гурван яруу найргийн ном, шүлэглэсэн роман, 60 гаруй жүжиг, 400 орчим дууны шүлэг бичжээ. Хааяа хэвлүүлж, олны хүртээл болгосноо харахаар гайгүй шиг хэдэн юм хийсэн шиг бодогдоно шүү.

***

Ийн ярилцаад явж байтал ярилцагчийн маань гар утсанд дуудлага ирж, бидний яриаг хэсэг зогсоов. Төрийн соёрхол хүртсэнээс нь хойш Ш.Гүрбазар гуайн гар утас нь “яншаа” болсон гэнэ. Нэг минут орчим яриад дуудлагаа таслаад ярилцагч маань “Болж өгвөл ирсэн дуудлага болгоныг л аваад яриад байх санаатай. Баяр хүргэх гээд залгахад нь авахгүй бол цаад хүн нь гомдвол” яана гэв.

***

-Үзэгч, уншигчдын дунд уран бүтээлчдийн нас ахиад ирэхээрээ уран бүтээлээ хийж чаддаггүй гэсэн түгээмэл ойлголт байх шиг. Та сүүлийн үед шүлэг, зохиол бичиж байна уу?

                 -Нас суугаад ирсэн ч над шиг их юм хийдэг хүн байхгүй дээ (инээв). Би 60 нас давчихаад “Бодь гөрөөсний зүүд” гэдэг шүлэглэсэн роман бичсэн. Өөрөө ч дотроо маш роман гэж боддог. Тэгэхэд бусад зохиолч хүртэл “Чамайг найрагч гэдгийг чинь “Бодь гөрөөсний зүүд” романаар чинь эргэн саналаа” гэж хэлж байлаа. Миний “Бодь гөрөөсний зүүд” бол Р.Чойномын дараах анхны шүлэглэсэн роман.

-Сүүлийн үед өөрийн уран бүтээлээ бичиж байгаа юу?

-Хайрын тухай шүлэглэсэн роман бичээд дуусаж байгаа.

-Нууц биш бол шинэ шүлэглэсэн романы тань нэр юу вэ?

                 -Бичиж бичиж хамгийн сүүлд нь нэр төрдөг болохоор хэлж мэдэхгүй юм. Одоо бол хайрын тухай гээд л өнгөрөөе. Зарим хүн “Өдий насны хүн хайрын тухай бичиж яадаг юм” гэж бодох л байх. Харин би илүү урам зоригтой бичнэ гэж бодож байна.

-НАМАЙГ “БОЛОР ЦОМ”-Д ОРОХОО БОЛИХОД “А.СҮХБАТ НААДАМД, Ш.ГҮРБАЗАР “БОЛОР ЦОМ”-Д ОРОХГҮЙ НЬ” ГЭЭД МОНГОЛ ДАЯАР ЮМ БОЛООГҮЙ ЮУ-

-Шүлэг, яруу найраг уншигч, сонирхогчид “Найрагч Ш.Гүрбазар “Болор цом”-д олон ч жил орлоо доо. Ганц ч цомгүй хоцорлоо” гэж ярьдаг. Та “Болор цом” яруу найргийн наадамд 20 гаруй удаа оролцсон байдаг байх аа?

                 -Тэр өдрийн аз, ёндоо нь таараагүй юм байлгүй дээ (инээв). Би ч “Болор цом”-д хоёр аман хүзүүдэж, нэлээд айрагдаж байлаа. Чиний асуусан шиг манай Дорноговь аймгийн нэрт яруу найрагч А.Эрдэнэ-Очир хүртэл “Гүрээ ахад “Болор цом” өгсөнгүй” гэж бөөн юм болж байсан шүү дээ. Төрийн соёрхол хүртсэний маань дараа нэг хэвлэл “Болор цом”-д гологдсон шүлгүүдийг маань нийлүүлээд нийтэлчихсэн байна билээ (инээв).

-“Болор цом”-д гологдсон гэж ямар шүлгээ хэлж байна вэ?

                 -Монгол Улсын Ерөнхийлөгч ирж “Болор цом” үздэг байхаас л “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан” шүлгээ уншиж байлаа. Тэгэхдээ бүр нэгийн даваанаас хасагдаж байсан юм байна шүү (инээв). “Болор цом”-д орохдоо уралдаж байгаа биш наадаж байна гэж ордог байсан юм аа, ах нь. Харин хүмүүс “Гүрээ “Болор цом” авахаас нааш салахгүй нь ээ” гэж яриад эхлэхээр нь өөрөө “Болор цом”-ын тайзан дээрээс “Дахин оролцохгүй” гэж хэлээд буусан даа. Тэр үед ч “А.Сүхбат наадамд, Ш.Гүрбазар “Болор цом”-д орохгүй нь” гээд л Монгол даяар юм болоогүй юу (инээв).

-Та өмнө нь аз, ёндоо таараагүй юм байлгүй гэж хэлсэн дээ. Гэтэл 20 гаруй жил аз, ёндоо таарахгүй байна гэж байдаг аа?

                 -1980-аад онд “Болор цом” дөнгөж зохиогдож эхлээд Б.Лхагвасүрэн гуай “Шагнал” шүлгээ, Д.Пүрэвдорж гуай “Хүн төрөлхтөнд өргөх шүлэг”-ээ, П.Бадарч “Тэмээ” шүлгээ уншиж байхад би “Ардын дууны Хандармаа” шүлгээ уншиж байв. Надад “Болор цом” авахаас илүү бахархал байлаа даа.

***

Ийн хэлмэгцээ Ш.Гүрбазар гуай хүрмийнхээ энгэрийн халаасны бүдүүн янжуур гаргаж ирээд асаав. Тамхиа татаж дуусталаа нэг ч үг дуугарсангүй. Харин тамхиа унтраасныхаа дараа Ш.Гүрбазар гуай “Би ч сүүлийн 20 гаруй жил тамхи татаж байна даа. Тамхинд нас яваад л орсон. Гэхдээ бас ч гэж гайгүй татна аа. Би өөрөө халаасандаа аваад явж байвал байн байн асаачих гээд байдаг юм. Харин манай хүн миний тамхийг авчихаад надад нормоор өгдөг” гэж хэлээд бид хоёр бөөн инээд болов.

***

-67 насандаа хайрын тухай шүлэглэсэн роман бичиж байгаа талаараа дурдсан. Энэ насанд хайрыг яг юу боддог юм байна вэ. Залуугийн тань бодлоос өөрчлөгдөв үү?

                 -Би энэ асуултад чинь л хариу өгөх гэж шүлэглэсэн роман бичиж байгаа юм л даа. Хайрыг би бусад шиг гүн ухаанаар хардаггүй. Харин ч илүү яруухнаар хардаг. Хүний сэтгэл, сэрэл, мэдрэмжийг хэнээс ч илүү яруугаар харж чаддаг. Илүү яруусдаг. Бэлгийн харьцааны талаар бичвэл маш сайн бичиж магад (инээв). Одоо л би ертөнцийн гоо сайхныг илүү сайн мэдэрч байна. Бүр 67 нас хүрсэн ч, хайрын шүлэг бичвэл өмнөхөөсөө ч илүү сайн бичнэ гэж боддог шүү.

-Тэгэхээр та залуусын хэлдгээр их романтик хүн байх нь ээ?

-Яруу найрагч хүн романтик байхгүй бол болохгүй шүү дээ.

-Таны хувьд уран бүтээлч, яруу найрагч хүн гэж хэнийг хэлэх вэ. Уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

                 -Энэ асуултад их олон хариулт хэлж болно. Д.Намдаг багш маань “Эмзэглэл бол авьяас” гэж хэлдэг сэн. Багшийн хэлдэг байсан шиг уран бүтээлч хүн их эмзэглэлтэй, эмзэглэж чаддаг байх ёстой. Эмзэглэл гэж гуниг, гуньхралыг хэлж байгаа юм биш. Үүнийг илүү чимээлнэ гэдэг шиг хүлээж авах хэрэгтэй болов уу. Түүнээс бус жинхэнэ уран бүтээлийг зохиож болдоггүй юм.

-Амьдралынхаа 50 гаруй жилийг утга, уран зохиолд зориулсан сайхан түүх танд бий. Гэхдээ одоо эргэн харахад уран бүтээлийн амьдрал сонгохдоо эсрэгээрээ юуг алдсан санагдаж байна вэ?

                 -Би нэг их “Тэрийг алдсан даа” гэж бодоод байдаггүй. Энэ бол миний амьдралдаа ганц зорьсон мөрөөдөл маань юм аа. Анх аравдугаар ангиа төгсөөд бие давхар эхнэрээ дагуулаад “Зохиолч болно” гээд хотод ирж байлаа. Зорьсон зүйлдээ хүрсэн хүн алдсан юмаа харагддаггүй юм байна. 16 настай байхдаа Зохиолчдын хороо руу орж, Ш.Гаадамба гуайтай уулзаж, 22 настай Д.Намдаг гуайн гэрийн хаалгыг зориг гарган тогшиж, шавилж л байлаа.

-ЗАЛУУ ЯРУУ НАЙРАГЧИД ӨНГӨРСӨН ҮЕЭ ХЭДИЙНЭ ДАВСАН-

-Та 50 гаруй жил Монголын утга, уран зохиолын салбарт бүтээн туурвихдаа энэ салбарын таван үеийг үзэж, төлөөлөл нь болж явжээ.

                 -Би Улсын багшийн их сургуулийг дөнгөж төгсөөд Зохиолчдын хороонд гишүүнээр элсэж байлаа. Тэгэхэд С.Эрдэнэ, Д.Мягмар, Д.Пүрэвдорж зэрэг том зохиолчтой нэг сонин уншиж, нэг газар хоол идэж байгаа минь их хувь тохиол байсан даа. Надад тийм гайхамшиг тохиосон.

                 Түүнээс хойш манай “Гал” нэгдэл бий болсон. Манай Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, Ц.Ойдов, Я.Баатар, Д.Цогт, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Ж.Оюунцэцэг нарын нөхөд маань Монголын утга, уран зохиолд их зүйл хийж бүтээсэн гэж боддог.

-Залуу үеийнхнээ уншиж байгаа юу?

                 -Би их сайн уншдаг. Худлаа хэлэхгүй. Зоригтой ч хэлж байгаа. Үнэн хэрэгтээ бол одоогийн Монголын яруу найргийн түвшин дээшилсэн. Одоо ид бүтээн туурвиж байгаа залуу яруу найрагчид урьдын М.Цэдэндорж, Н.Нямдорж зэрэг том зохиолчдоо хэдийнэ гүйцчихсэн. Залуусын зарим шүлэг бидний эчнээ мэдэх Б.Лхагвасүрэн гуайн, Д.Пүрэвдорж гуайн шүлгүүдийг ч давсан. Утга зохиол судлаач, шүүмжлэгчид үүнийг гаргаж ирэхгүй байна. Ярих болохоороо Б.Явуухулан, Д.Пүрэвдорж гуайг л ярьж, түүнээс хойш Монголын яруу найраг гэж байхгүй юм шиг аашилдаг.

-Өмнөх үеүдээ давсан гэж бодож байгаа залуу яруу найрагчид гэж хэн хэн байна вэ?

-Нэр цохоод яах вэ. Ороогүй хэд нь гомдох байх (инээв). Гэхдээ тэднийг аяндаа цаг хугацаа үнэлнэ.

***

Бид ийн ярилцаж явахдаа шинэхэн Төрийн соёрхолтыг хүндэтгэн хүлээн авалт хийж байгаа Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн уулзалтаас эхлүүлээд хэд хэдэн газраар оров. Ш.Гүрбазар гуайг угтаж авч байгаа газар бүр л ярилцагчийн маань шүлгийг нь бичсэн “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи”, “Миний Монгол наадам” дууг тавьж байлаа.

***

-Баяр наадам ч дөхөж байна даа. Таныг есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолыг санаачилж байсан гэж сонсож байлаа. Үнэн үү?

                 -Ардчилсан Монгол Улс болсны дараахан би улсын наадмын зохиолыг бичихээр болсон юм. Тэр үед манай Г.Золжаргал телевизийн дарга, Б.Бадарууган уран сайхны удирдаач байлаа. Г.Доржсамбуу найруулж, Н.Жанцанноров хөгжмийн зохиолыг нь бичсэн.

                 Есөн цагаан тугтай есөн цагаан морь Төрийн ордноос гарч, нар зөв тойроод цэнгэлдэх хүрээлэнд очих зохиолыг би бичсэн юм. Бардаж байгаа юм биш. Гэхдээ есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолын санаачилж, зохиолыг нь бичсэн минь үнэн.

***

Энэ хүрээд Ш.Гүрбазар гуай бид хоёр ярилцлагаа өндөрлүүлэхээр болсон юм. Ярилцагчид маань орох газар, уулзах хүн олон. Харин бид хоёр түүний дурдсан хайрын тухай шүлэглэсэн роман нь хэвлэгдсэний дараа инээд дүүрэн уулзах ам гарч, салцгаасан билээ.

https://ergelt.mn/news_full/111/single/22919


URL: