Усан парк барих нэрийдлээр орон сууц барьж, борлуулж буй Эм энд Жи компанийн ичих булчирхайгүй үйлдэл

291791395_599642464946225_2591492485479014151_nХан-Уул дүүргийн 15-р хороо буюу Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсгийн газарт ЭМ энд Жи констракшн Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина гэсэнч олон нийтийн  чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулан олгосон тухайн газрыг 6 жил хашаалсан ч одоо 25 давхар орон сууц барих болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Мэдээлэл гарсны дараа иргэд хотын дарга Сумьяабазарыг уг асуудлыг шалгаж яаралтай арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн ч одоог хүртэл доривтой арга хэмжээ аваагүй байна.

11,8га газар буюу Дунд голын урсац бүхий тус газрыг 2008 онд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаярын 442 тоот захирамжаар ЭМ энд ЖИ констракшнд олгож байжээ.

Г.Мөнхбаярыг засаг даргаар ажилласан онуудад газрын маргаан нэртэй хэрүүл оргилдоо хүрч нийслэлийн дэл сул газар дуусан нийтийн эзэмшил хүүхдийн тоглоомын талбайнууд хүртэл эзэнтэй болж байсан гэдэг. Хотын дарга асан Г.Мөнхбаяр нь Монгол улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар өнгөрсөн онд томилогдон одоо тус улсад амьдарч байгаа юм.

Гэвч тухайн компани нь усан парк  байгуулах бус газраа хэсэгчлэн зарах гэж байсан нь ил болсон байдаг.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Тухайн төслийг авч хэрэгжүүлж байсан байгууллага маань эзэмшил газрын зориулалтыг өөрчилж тухайн газраас хэсэгчлэн худалдахаар үнэгүй.мн дээр борлуулна гээд явж байсан.

Харин хот байгуулалт хөгжлийн газраас өгч байгаа мэдээллээр 2014 онд усан парк, спорт цогцолбор байгуулна гэж зөвшөөрөл авчээ. Улмаар 2017-2018 онд хүчин чадлаа нэмэгдүүлнэ усан паркаас гадна аялал жуулчлалыг дэмжиж худалдаа үйлчилгээний барилга барина гэжээ.

Хот байгуулалт, хөгжлийн газрын хэвлэлийн ажилтан Б.Амарсанаа: Одоо яг манайд байгаа мэдээлэл гэвэл ЭМ энд ЖИ компанийн нэр дээрээс хүсэлт ирсэн тэрний дагуу л 2018 онд баталсан зураг төсөл байгаа. Шинэчилж ирсэн зүйл бол байхгүй. Мэдээж усан паркаа дагасан худалдаа үйлчилгээ байх нь зөв юмаа гээд усан парк болон спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний зориулалтаар зураг нь батлагдсан гэсэн үг.

Ингээд 2020 оны есдүгээр сард НЗД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслэн компаний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргажээ.

Нөгөө талаас тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны зургаадугаар сарын 5ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн.

Тус тушаалд усны эх үүсвэр онцгой хамгаалалтын дэглэмд заасан шаардлагыг хангаж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар зохицуулахыг хотын менежер Гантөмөрт үүрэг болгожээ. Харин энэ талаар Нийслэлийн засаг дарга асан НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан сайн мэдэхгүй байна гэдэгээ тухайн үед хэлж байсан юм.  Гэвч ЭМ энд ЖИ констракшн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасанаар 2022 оны гуравдугаар сарын 03ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг маргааныг хэлэлцэж нэхэмжлэгчийн талд буюу ЭМ энд ЖИ консракшны талд шийдвэрлэж Ж.Батбаясгалангийн захирамжийг хүчингүй болгожээ.

Харин анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж хотын дарга Д.Сумьяабазарын үед давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байна. Энэ нь анхнаасаа шүүх болон НЗДТГ-тай тохиролцсон байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Азид хамгийн томд тооцогдох усан парк биш орон сууцны хороолол барьж буй зураг төсөл гарчихсан. Аль хэдийн тодорхой хувиа төлөөд орон сууцны захиалгаа өгчихсөн иргэд ч байгаа юм. Тодруулбал тус 25 давхар орон сууцны 2-25 давхрын 1м кв-н үнийг 2.9 саяаас 3.7 сая төгрөгийн хооронд цөөн тооны хүмүүст худалдаж урьдчилгаа аваад эхэлжээ. Харин тус компаний төлөөлөл үүнийгээ зах зээлийн үнэ биш. Яг зах зээлийн үнэ үүнээс өндөр тогтож магадгүй гэж тайлбарлаж байгаа юм.

Харин уг барилгатай холбоотой “Бүти” компань нь “Энхбагана” констракшнтай хамтран орон сууцны барилга барьж байгаа гэсэн тайлбарыг өгч байсан бол үүний дараа “Бүти” компань энэ барилгатай огт хамааралгүй гэсэн юм.

Уг газрын зориулалтыг өөрчилж нүдэн дээр өөрөөр ашиглаж байхад мэдсээр, харсаар байж төрийн байгууллагууд яагаад орон сууц бариад эхлэсэнийг нь ярихгүй одоо хүртэл чимээгүй байна вэ?

WWW.BOLOD.MN


URL: