Г.ГАНХУЯГ: Ц.Содномдорж хоёр удаа осол гаргаж, хохирлыг нь Л.Гүндалай барагдуулж байсан

unnamed-2021-08-13T173608.477

Улсын харцага Г.Ганхуяг цахим сүлжээнд “Улсын арслан Ц.Содномдорж хоёр ч удаа зам тээврийн осол гаргаж, хүн хүнд гэмтээхэд нь би нүүрээ улалзуулан байж аварч гарч байсан” хэмээн нийтэлж, олны анхаарлыг татаад байгаа юм. Хэрвээ Улсын арслан Ц.Содномдорж зам тээврийн осол гаргаж хүн гэмтээсэн, хариуцлага хүлээхгүйгээр мултарсан бол ноцтой гэмт хэрэг болж хувирна. Иймд бид Улсын харцага Г.Ганхуягтай холбогдож тодрууллаа.
                Тэрбээр “Арслан Ц.Содномдоржийг бөхийн хувьд хүндэлдэг. Түүнд авьяас, хүч тэнхээ гээд бөх хүнд байх ёстой зүйлс цөм бий. Харин хувь хүний тал дээр эвдэрч байгаад харамсаж байна. Сүүлийн хэдэн жилд Хөвсгөл аймгийн баяр наадмыг бусниулж, наадамчин олон төдийгүй монголчуудыг гонсойлгож байна. Тун харамсалтай. Ц.Содномдоржийн тухай нийтэлсэн миний зүйлс бүгд үнэн. 2007 онд Ц.Содномдоржийг аймгийн арслан цолтой байхад болсон зүйл.  Хоёр ч удаагийн зам тээврийн осол гаргаж байлаа. Хохирогчдын ар гэрийн хохирлыг барагдуулахад тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Гүндалай туслаж байсан удаатай. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь  дууссан. Яагаад би өнгөрсөнд болсон түүний үйлдлийг дэлгэх болсон бэ гэхээр “Ямар байснаа санаарай” гэх сэдлийг өгөхийг хүссэн.  Түүнээс хийгээгүй хэрэгт хилсдүүлсэн зүйл огтхон ч байхгүй. Монгол бөхийн залгамж халаа, залуу үе үргэлж шударгаар төрөн гараасай гэж хүсдэг хүний хувьд арслан Ц.Содномдоржийн гаргаж буй үйлдлийг эсэргүүцэж байна. Монгол бөхийн нэр хүндийг унагаж, мөрийтэй тоглоом, мөнгөтэй холбогддог хүн чанаргүй үйлдлээ зогсоох хэрэгтэй. Аваргын ухаанд суралцах цаг болсон” гэв.


URL: