Төрсөн эгч, дүүсийн цогцсыг Сидней хотын орон сууцнаас олжээ

5blapАвстралийн Сидней хот дахь орон сууцнаас өнгөрсөн сард нас барсан хоёр эмэгтэйн цогцос олдсон нь Саудын Араб гаралтай эгч дүүс байсныг цагдаагийн байгууллага шалган тогтоожээ.

24 настай Асра Абдулла Алшели, 23 настай Амаал Абдулла Алсехли нарын цогцсыг зургаадугаар сарын 7-нд олсон бөгөөд тэдний нас барсан шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулсан ч хараахан үр дүнд хүрээгүй байгаа аж.

Эгч дүүс Саудын Арабаас 2017 онд Австралид ирсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Түүнчлэн тэдний үхлийн шалтгааныг тодруулах сэжүүр илрээгүйг онцолж, биед нь шарх сорви, гэмтлийн шинж тэмдэг байгаагүй хэмээжээ.

Мөрдөгчид эгч дүүсийн талаарх мэдээлэлтэй хүмүүстэй холбоо тогтоохоор ажиллаж буй аж.

Сидней дэх Саудын Арабын Консулын газар эл хэргийн талаар Австралийн эрх баригчидтай холбоотой ажиллаж байгаа тухайгаа твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Мөн Консулын газрын зүгээс талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж буй талаараа мэдэгджээ.


URL: