Жижиг улс дахь “том” айлчлал

CaptureailchlalЭнэ жилийн 7, 8 дугаар сард айлчлалын хур бууж, манай улсын гадаад харилцаанд салхи орууллаа.

Энэ зуны дээд түвшний айлчлалуудын салхийг хагалж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад хүрэлцэн ирэв. Орос, Монголын харилцаа хэдэн арван жилийн түүхтэй. Тиймдээ ч манай улсын мөнхийн түнш орон гэгддэг. Энэхүү айлчлалаар хоёр улсын хилийн боомтуудыг шинэчлэн, өргөжүүлэх, ачаа, тээвэр, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэргээр хамтын ажиллагааг чамгүй ахиулаад авсан.

Харин энэ үеэр С.Лавров “Өөрийн зүгээс дэлхий дахины хурцадмал байдал, АНУ болон түүний холбоотнуудын талаарх асуудлыг нарийвчлан ярилаа.  Учир нь тэд Украин улсын нутаг дэвсгэрээс ОХУ-д заналхийлж байна” гэх зэрэг үг хэлээд амжсан юм. Энэ нь ОХУ гадаад бодлогын хүрээнд баримталж байр сууриндаа баттай зогсож буйг илэрхийлж байлаа.

Түүнчлэн энэ сарын эхээр манай улсад хийсэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөр үр дүнтэй болов. Айлчлалаар Гашуун сухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулсан зэргээс үзэхэд гацааны зарим асуудлаа дорвитой хөдөлгөж чадсан.

Харин Ван И хэвлэлийн бага хурлын үеэр “Монгол Улс “Нэг-Хятад” бодлогыг тууштай баримталж, бусад улс Тайвань, Төвөд, Шинжаан, Хонконг зэрэг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж байгааг сайшааж байна” хэмээн хэлж байв. Үүнээс л БНХАУ-ын үзэл баримтлал, дэлхий нийтэд илгээж буй дохио, мессежийг ойлгож болохоор байгаа юм.

Аливаа улс орнуудын төрийн дээд албан тушаалтны харилцан айлчлал тухайн хоёр орны төдийгүй, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улс шиг жижиг улс ч олон улсын харилцаанд жижигддэггүй юм байна гэж ойлголоо.

Учир нь хөрш хоёр орны дээрх айлчлалууд өөрсдийн байр сууриа дэлхий нийтэд батлах, үүгээрээ дамжуулан бусад оронд дохио өгөх битүү арга хэрэгсэл болов уу гэж таамаглаж болохоор байна.

https://erennews.mn/article/56663


URL: