Ж.Соронзон захиралтай холбоотой дахин нэг авлигын хэргийг дэлгэлээ

300781724_431380492295524_6518575131385214559_nМонгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн бүртгэлийн үеэр бэлтгэл бүлэгт 373 хүүхэд бүртгүүлснээс 152 хүүхэд тэнцжээ. Харин бусад тэнцээгүй гэх хүүхдүүдийн тухайд тус сургуулийн захирал Ж.Соронзон хандивын ангийг санал болгосон аж. Ингээд 50 хүүхдийн квоттой тухайн хандивын ангид оруулах боломжийг 16 сая төгрөгөөр үнэлсэн маш ноцтой асуудлыг өнөөдөр сэтгүүлч С.Будрагчаа дэлгэлээ.

Түүний ярьснаар энэхүү хахуулийн асуудалд Ж.Соронзон, н.Отгонтөгс, Светлана, мөн БШУЯ-ны эрх бүхий албан тушаалтан гэх хүмүүс дурдагдсан юм. Түүнд энэ тухай нотлох баримт, бичлэг байгаа учраас Сэтгүүлчийн ёс зүйн зарчмын 1.8-д тусгасан “Буруутгагдан шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэж заасны дагуу өнөөдөр тус сургуулийн хичээлийн нээлтэнд ирсэн БШУЯ-ны албан тушаалтан, Ж.Соронзон захирлаас дээр дурдсан асуудлыг тодруулахаар очжээ. Гэтэл түүний биед энгийн болон албаны хувцастай хүмүүс халдаж, техник хэрэгслийг нь эвдэлж гэмтээсэн ноцтой асуудал үүссэн юм.

No description available.Энэ үеэр хэвлэлийнхэн ирж, тэрбээр болсон явдал болон дээр дурдсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнд байгаа баримт бүхий мэдээллээр, н.Отгонтөгс хэмээх бизнесмэн гэх залуу Светлана гэдэг хүнтэй холбож, улмаар энэ хүн хүүхдийн бүртгэлийг шалгаад, хасагдсан хүүхдийн жагсаалтад байвал дахин нэг хүнтэй холбож өгнө. Тэр этгээд дансны дугаар өгч, эсвэл бэлнээр 16 сая төгрөг авч албан тушаалтнуудад хүргэж өгөх үүрэг хүлээдэг гэж тайлбарладаг байна. Энэ торон сүлжээнд БШУЯ-ны эрх бүхий албан тушаалтан хүртэл холбоотой учраас эцэг эхэд хүүхдийг нь энэ сургуульд оруулахад эргэлзэх зүйлгүй гэсэн баталгаа бичиг хийж өгдөг гэнэ. Энэ хэргийн талаар баримт мэдээлэл хүлээн авсан сэтгүүлч бодит үнэнийг эрэн сурвалжлан нэвтрүүлгээ бэлтгэхээр ирээд ийнхүү халдлагад өртжээ. Тэнд байсан зарим эцэг эхчүүд мөн түүнийг хөөж, элдвээр хэлж байсан нь хэвлэлийнхний дуранд үлдсэн юм.

No description available.Тэрбээр мөн хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэнэ гэдэг бол амиараа дэнчин тавьдаг ажил юм байна. Арай ч ийм ил цагаандаа гарсан гэж бодоогүй. Соронзон захирлын нэр холбогдсон асуудлаар баримтаар дэлгэн “Паразит” нэвтрүүлэг хийж гаргасны дараа АТГ-аас хэрэг нээж зургаан сар шалгаад гэм буруутайг нь бүх нотлох баримтаар шалгаж тогтоогоод яллагдагчаар татах саналыг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Тэгэхэд бүх шатанд нь бүх үйл ажиллагааг нь хянаж байсан прокурор нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаачихсан. Хэрэв яллагдагчаар татсан бол Ж.Соронзон захирал ажлаа өгнө, ажлаа өгвөл энэ авлигын хэрэг ядаж энэ жилдээ ч гэсэн үүсэхгүй. Авлигын үйлдлийг урхагшуулахгүй, таслан зогсооё гэдэг байдлаар М.Очбадрах прокурорт хэлж байсан. Гэтэл прокурор нь хэргийг буцаагаад зогсохгүй намайг буруутгаад нэр төр хөөцөлдөж, олон лайк, дагагчтай болох гэж ийм ажил хийж байна гээд Нийслэлийн прокурорын газрын н.Мөнх-Од гэдэг прокурор хэвлэлд яриа өгсөн байгаа юм. Монголын хууль ингэтлээ илжирсэн, авлигач нь ингэж даам гарч байна” гэсэн юм.

Сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлэгтэй холбогдуулан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон 4 удаа С.Будрагчаад эрүүгийн хэрэг нээлгэсэн байдаг. Харин тухайн хэргүүд бүгд хэрэгсэхгүй болсон. Энэ нь түүнийг хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдаагүй, гүтгээгүй гэдгийг нотолж буй хэрэг мөн.

Өнөөдөр ч мөн сургуультай, сурагчидтай, багштай тэмцээгүй, энэ сургуулийг тонон мөлжиж байгаа, энэ сургуулийг авлигын үүр уурхай болгож байгаа захиралтай нь тэмцэж, үйл ажиллагааг нь баримтаар харуулж байгаа юм гэдгээ тэрбээр тодотгон хэлж байна.

Улмаар хэвлэлийнхэн тодорхой асуудлын талаар сургуулийн удирдлагаас тайлбар авахаар Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль руу орох гэсэн боловч орос залуучууд сэтгүүлчдийн хууль ёсны ажил үүрэгт саад учруулж нэвтрүүлсэнгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, БШУЯ-ны харъяа ерөнхий боловсролын сургуулийг оросын газар нутаг дээр байгаа юм шиг, ОХУ-ын Элчин сайдын яам мэт хамгаалалтад авч, нэвтрүүлэхгүй байх эрхийг хэн хэзээ хэнд олгосон бэ гэдэг асуулт бас байна.

No description available.Уг асуудлыг МСНЭ-ийн Удирдах зөвлөл болон чиглэл хариуцсан Дэд Ерөнхийлөгч нар анхааралтай ажиглаж, зөвлөлдөж байгаа гэж мэдэгдсэн. Харин сэтгүүлч С.Будрагчаагийн хувьд цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм.


URL: