Д.Одбаярын сонгуулийн менежерт эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Одбаярын хувьд сонгууль ойртсон энэ цаг үед нэгэн тун таагүй үйл явдалтай учраад байна. Ний нуугүй хэлэхэд тойрогтой очиход, сонгогчдынхоо нүүр царайг харахад тун хүнд болжээ. Учир нь түүнийг тойрог дахь гол нүүр царай болсон, бүр тодруулж хэлбэл энэ сонгуулиар түүний сонгуулийн ерөнхий менежерээр ажиллах үүрэгтэй Ж.Энхцэцэг гэж эмэгтэйд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна. Энэхүү Ж.Энхцэцэг гэдэг эмэгтэй нь өнөөдрийн хувьд Чойбалсан хотын Засаг даргаар ажилладаг ажээ. Д.Одбаяр гишүүний хувьд 2008 оны орон нутгийн сонгуулиар энэ эмэгтэйнхээ төлөө амиа тавин байж тус албан тушаалд тавиулсан юм байна. Өөрийг нь аймгийн дарга байх үед талхны цехэд ажилладаг, АН-д элсчихсэн байсан эмэгтэйг эргүүлэн татаж, намаас нь урвуул байж дэргэдээ авчраад, улмаар гэрлийн хурдаар албан тушаал өгсүүлэн Тамгын газрынхаа нэгэн хэлтсийн даргаар тавьж байжээ. Харин өнгөрсөн сонгуулиар түүнийг Чойбалсан хотын Засаг даргаар тавихын тулд гишүүн янз бүрийн хор найруулж, тухайлбал аймгийнхаа АН-аас Чойбалсан хотын ИТХ-д сонгогдсон нөхөдтэй тохироо хийж, улмаар нэгэн боловсролгүй, цагдаа байсан нөхрийг хотын орлогчоор тавихаар тохиролцон, тэр амандаа хүрч байж энэ эмэгтэйг хот удирдуулах болжээ. Тойрог дахь гол түшиц бааз нь, гол найдвар болсон гишүүний энэхүү эмэгтэйд аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 150.2 гэдгээр зүйлчлэн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Энэ нь улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан гэсэн зүйл анги бололтой. Ж.Энхцэцэгийн улсад хохируулсан мөнгөний хэмжээ өнөөдрийн байдлаар 56 сая төгрөгт хүрээд байгаа аж. Энэхүү мөнгийг үрэгдүүлсэн гэдгээ мань эмэгтэй хүлээн зөвшөөрч торгууль тавьсан актанд гарын үсгээ зуржээ. Шалгалтын актанд хугацаа заасан агаад түүнд нь багтааж мөнгөө төлөх ёстой юм байна. Үүнд нь Д.Одбаяр гишүүн боож үхэх гэж яваа бололтой. Түүнийг “Яах гэж тэр актанд нь гарын үсэг зурж байгаа юм” хэмээн уурсжээ. Гишүүний бухимдал үүгээр дуусаагүй бололтой. Ж.Энхцэцэгийн Тамгын газрын даргаар Н.Батхуяг гэж залуу ажилладаг байсан байна. Энэ залуу, гишүүнийг аймгийн дарга байх үеийн туслах бөгөөд тойрог дахь бас нэгэн гол хүн гэнэ. Бараг сонгуулийнх нь дэд менежер бололтой. Гэтэл мөнгөний асуудал нь ийнхүү хурцаар боссонд сандарч тэвдсэн хотын захирагч хатагтай буруу алхам хийн асуудлыг бүр дэвэргэжээ. Хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргийн мөрөөр арга хэмжээ авч байна гээд тамгын газрынхаа баахан хүмүүсийг ажлаас халсан дотор нь өнөө гишүүний дэд менежер Н.Батхуяг орчихож. Халагдсан хүмүүс бид ямар ч буруугүй, даргын шийдвэрээр ажиллаж байсан гээд шүүхэд болон аймгийнхаа МАН-ын хороонд гомдол гаргажээ. Ж.Энхцэцэгтэйгээ заргалдаад эхэлж. Энэ байдал нь Д.Одбаяр гишүүний орон нутаг дахь төлөөллүүд, сонгуулийн менежерүүд нь гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлсэн гэсэн үг. Үүнд нь гишүүний бухимдал дээд цэгтээ хүрч байгаа гэнэ. Сонгууль хаяанд ирсэн энэ мөчид гишүүний хувьд энэ нь хүчийг нь тарамдуулсан тун таагүй хэрэг билээ. Арга аа барсан гишүүн Н.Батхуягтаа аятайхан байхад яасан юм гэх маягаар уурлах уцаарлах хоёрын дунд хэдэн үг хэлжээ. Гэтэл шар хор ихтэй туслах нь өмнөөс нь пээдийж “Яах гэж Ж.Энхцэцэгийг хотын даргаар тавьсан юм. Тэр чинь тэнэгтэж байна. Таны хохь. Сонгуулиар ингээд бүгдээрээ дууслаа…” гэхчлэн том том дуу гаргажээ. Д.Одбаяр гишүүн “Тэнэг бацаан” гэж амандаа үглэхээс өөрийг хэлээгүйг дэргэд нь байсан хүмүүс ярьж байсан байна.

Дорнод аймгийн МАН-ын хороо хуралдаж үүсч бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор Ж.Энхцэцэгийн асуудлыг тухайлан хэлэлцжээ. Тэрбайтугай яахаараа Чойбалсан хотын ИТХ-д манай нам олонх байтал орлогчоороо АН-ын нэг хөлдүү нөхрийг тавьсан юм гэхчлэн. Тэгэхэд нь мань эмэгтэй шууд л “Би ажлаасаа халагдахгүйн тулд Хүрэлсүх гэгч энэ нөхрийг орлогчоороо авч ажиллуулсан. Ингэж нөгөө намынхаа Иргэдийн хурал дахь төлөөлөгчдийг барьж байхгүй бол ний нуугүй хэлэхэд манай намаас намайг энэ албан тушаалаас маань буулгачих гээд л байгаа шүү дээ. Олон удаа над руу дайрсан. Хэрэв та нар зүгээр байдаг бол би энэ нөхрийг юу гэж хажуудаа байлгаж байх юм. Намынхаа нэг гишүүнийг орлогчоороо ажиллуулж байх байсан” гэхчлэн илэн далангүй ярьжээ. Ж.Энхцэцэгийн зөв бололтой. Учир нь Дорнодын МАН-ын хувьд тун түвэгтэй байгаа аж. Д.Одбаярын гэх хүмүүс, өнөөдөр аймгийн Засаг дарга хийж буй хүний хүмүүс гэж хоёр талд хуваагдсаны дээр Н.Номтойбаяр, “Биширэлт”-ийн Б.Ундармаа гэхчлэн баахан хүмүүс тэнд очиж бужигнуулаад эхэлсэн байна. Ийм хэцүү цаг үед Д.Одбаяр гишүүн өөрийн гэсэн хүмүүсээ аль болох албан тушаалтай байлгаж байр сууриа хадаглахыг хичээж Ж.Энхцэцэг \хайрыг нь даагаагүй болохоос\ гэж сонгуулийн менежер эмэгтэйгээ АН-ынхантай үгсэн байж хотын дарга болгож, тохироонд нь нэгэн цагдаа нөхрийг орлогчоор нь тавьсан нь эцэстээ ийнхүү аймгийнхаа намын гишүүдэд баалуулахад хүрчээ.

Нэгэнт 56 саяын асуудалд унасан сонгуулийн менежэрээ Д.Одбаяр гишүүн одоо хэрхэн аргалах тухай юу бодож буй нь нам доторх өрсөлдөгчдийнх нь анхаарлын төвд байна. Д.Одбаяр тэгчих болов уу, ингэчих болов уу гэсэн хардлага өрсөлдөгчдийнх нь санааг зовоож байгаа бололтой. Тухайлбал Д.Одбаяр өнөөдөр хийж буй албан тушаалын боломжоо ашиглан хууль цагдаагийнханд нөлөөлчих бий гэж өрсөлдөгчид нь болгоомжилж аймгийн цагдаагын газар руу хар сэрийн нүдээр харж байдаг бололтой. Тэдэнд гишүүнийг сонгуулийнх нь ерөнхий менежертэй нь цуг татаж унагах хүсэл их байна шүү дээ. Ядаж ийм эгзэгтэй цаг үед тэр нэг хүүхэн нь эрүүгийн хэрэгт татагдчихаж байдаг. Намынхны нь зүгээс гишүүнд муу байх бас нэгэн шалтгаантай юм билээ. Тэрбээр өрсөлдөгч АН-ынхантай хавсайдан ил далд хэлбэрээр аймгийнхаа намын байгууллагыг, нам доторх өөрт таалагддаггүй хэсгээ “буудаж” байдаг нь олон түмний өмнө нэгэнт ил цагаан болжээ. Төвийн сонин хэвлэлээр хүртэл энэ нь ил тод явагдаж байдаг билээ. Тэгэхээр гишүүн өөрөө бас болдоггүй гэмтэй бололтой. Эсрэг намынхантайгаа нийлэн далдуур өөрийн намаа үргэлж хусч байдаг нь түүнийг тойрогтоо дайсан олонтой байх шалтгаан болсон аж.

Дорнодын хүн амын тал нь аймгийн төв Чойбалсан хотдоо амьдардаг. Харьцангуй төвлөрсөн газар. Сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед 30 мянга гаруй иргэд сонгогчдоо хяналтаас алдах, тэдний дунд муухан менежерүүдээсээ болж нэр хүндээ алдах нь УИХ-ын өнөөдрийн гишүүн Д.Одбаярын хувьд байж болохгүй алдаа билээ. Гэвч энэ алдаа гишүүний өөрөөс нь бараг шалтгаалсангүй, итгэж найдаж явсан хүмүүсээс нь боллоо. Ж.Энхцэцэгийн алдааг иргэд Д.Одбаярынх болгож хардагт л аюул оршиж байгаа юм. Яах аргагүй Д.Одбаярын орон нутгийн менежер нь эрүүгийн хариуцлагат татагджээ. Үүнийг сонгууль хүртэлж энэ богинохон хугацаанд гишүүн хэрхэн цайруулах юм бол доо.

Д.Намуун


URL:

Сэтгэгдэл бичих